Уран бол зэвсэг биш түлш, эрчим хүч

newslifemn 2025-01-25

Бидний айх сэдэв бол цацраг идэвх биш утаа юм

Монгол Улсын хүн амын олонх нь амьдардаг Улаанбаатарт хамгийн тулгамдаж байгаа асуудлын нэг бол утаа юм. Хүний эрхийн Үндэсний комиссоос гаргасан судалгаагаар агаарын бохирдлын улмаас үүдэлтэй өвчнөөр  жилд 300 хүн нас барж байна гэсэн тоо байдаг. Үнэхээр сэтгэл өвдөхөөр мэдээ. Мөн утаанаас үүдэлтэй янз бүрийн өвчлөл их гарч байна. Үүнээс болж иргэд сурч, хөгжих гэх мэт бусад боломжуудаа алдсаар…

Утаанаасаа салахын тулд янз бүрийн арга хэрэглэж байна. Тухайлбал, утаагаа арилгахын тулд гадны улсын томоохон төслүүдээс ч илүү их мөнгийг зарцуулсан байдаг. Тэгвэл яаж утаанаас салах вэ. Мэдээж хамгийн хялбар шийдэл бол эрчим хүч. Гэхдээ дэлхийн хүн ам өсч нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ тэлсээр байна. 2050 он гэхэд дэлхийн хүн амд өнөөдрийнхөөс хоёр дахин их цахилгаан эрчим хүч шаардагдана гэсэн тооцоо бий.  Тэгвэл дэлхий нийтээрээ нүүрснээс татгалзаж байгаа энэ үед эрчим хүчний хэрэгцээгээ хаанаас авах вэ. Алийн болгон 2 гүрнээсээ хараат байх ёстой гэж. Тиймээс дараагийн экспортын бүтээгдэхүүн болох уран, газрын ховор элементийг ашиглах ёстой. Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц улсын “Орано майнинг” групптэй уран олборлох чиглэлд Хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Уран олборлолт эхэлснээр цөмийн цахилгаан станцтай болох боломжтой гэдгийг физикч, доктор Н.Тэгшбаяр хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл өөрсдөө уран олборловол  хоёр дахин хямд цөмийн түлш хэрэглэнэ гэдгийг тэрбээр тодотгосон юм.

Монгол Улс Европын улс орны эрчим хүчний

ойрын 30 жилийн хэрэглээ хангана 

Манай улс зөвхөн өөрийн улсын эрчим хүчийг хангаад зогсохгүй Европын улс орны эрчим хүчний ойрын 30 жилийг хэрэглээг хангана гэсэн сайхан мэдээ байна. Дэлхий дээр ураны нөөцтэй 13 улс байдгийн нэг нь Монгол. Манай улсад дэлхийн нийт ураны нөөцийн 2 хувь нь оршдог. Энэ нь дэлхийн цөмийн эрчим хүчний нэг жилийн хэрэглээг хангах боломжтой гэж тооцож байна.  Ингээд бодохоор монголчууд бид азтай одтой хүмүүс. Гуравхан сая хүн амтай Монгол улсаас бусад улс орон эрчим хүчний хэрэглээгээ авна гэхээр бахархмаар. Нийтдээ 90,000 тонн ураны нөөц бүхий Зөөвч-Овоо, Дулаан уул, Өмнөтийн ордуудыг ашигласнаар Монгол Улс дэлхийн ураны зах зээлд чухал тоглогч болох нөхцөлийг бүрдүүлж байна. Уг төсөл 30 жилийн хугацаанд жил бүр 2500 орчим тонн уран олборлож, манай улсыг дэлхийн зургаа дахь том уран үйлдвэрлэгч болгох боломжтой аж.

Төслийг эсэргүүцэх нь хэнд ашигтай вэ

Монголд томоохон төсөл хөтөлбөр хэрэгжиж эхлэхтэй зэрэгцээд эсэргүүцэгчид гарч ирдэг. Яг үнэндээ эсэргүүцэгчид тухайн төслийнхөө талаар ямар ч мэдээлэлгүй байдаг гэхэд хилсдэхгүй болов уу. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Олон жил гацсан хөгжлийн төслүүдийг гацаасны цаана улс дамнасан далд зохион байгуулалт байсаар ирсэн нь нууц биш ээ. Сүүлийн хэдэн өдөрт Бадрах Энержигийн хөрөнгө оруулалтын гэрээ, Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэлэлцэх үед жагсаал цуглаан өрнөж байна. Энэ бол гацаагчдын цагаа өнгөрөөж буй хуучин технологи юм гэв. Энэхүү хуучин технологи өнөөдөр ч өрнөсөөр байна. Монгол Улсад уран олборлох сургаар л мал амьтдыг мутацид оруулж, үхэлд хүргэдэг айхтар хүчтэй цацраг идэвхт бодис тархаж байгаа мэтээр нийгмийн сүлжээнд тархаж байна.  Гэтэл үнэндээ уранаас болж мал 8 хөлтэй, 2 толгойтой гарна гэж байхгүй талаар эрдэмтэд болоод мал эмнэлгийн зүгээс мэдэгдсэн байдаг. Мөн шүүх ч ийм мэдээллийг эцэслэн шийдвэрлэсэн гэдгийг “Бадрах энержи” ХХК-ийн Байгаль орчин, орон нутаг хариуцсан захирал Ц.Энхжаргал тодотгож байв. Тэрбайтугай  Дорноговь аймгийн хэмжээнд байгаа малын гаж төлийн хэмжээ улсын дунджаас доогуур  гарсан байдаг.  Мөн Улаанбадрах суманд 2022 он гарснаас хойш бүртгэгдсэн гажиг төлийн шалтгаан нь генийн өөрчлөлт биш, механик гэмтэлтэй холбоотой гэж дүгнэсэн. Энэ бүхнээс харахад ураны нөлөөнөөс бол малын гажиг гараагүй нь харагдаж байгаа юм. Шуудхан хэлэхэд аль ч цаг үед улс оронд хэрэгтэй стратегийн ач холбогдол бүхий томоохон төслийг эсэргүүцдэг бүлэглэл байдаг. Түүнчлэн манай улсын өрсөлдөх чадварыг сулруулах сонирхолтой гадаад хүчин зүйл ч бий талаар судлаачид хэлдэг.

Уран хүн, амьтны биед хортой юу, хоргүй юу

Үнэхээр уран Уран хүн, амьтны биед хортой, хоргүй юу гэдэг нь асуудал дагуулж байгаа юм. Тэгвэл энэ талаар хэлсэн эрдэмтэд, цөмийн физикч нарын үгийг хүргэе.

“Мон атом” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Далайжаргал: Уран гэдэг 170-200 метр дор элсэн дээр наалдсан байдаг. Түүнийг хүхрийн хүчлийн тусламжтай гаргаж авдаг. 100 литр усанд 2 литрийг уусгасан буюу 0.02 хувийн концентрацтай. Хүмүүс 100 хувийн хүхрийн хүчил шахах юм шиг яриад байгаа. Улмаар хамрын тамхи шиг шар нунтаг гэдэг зүйл гаргаж өгдөг. Газар дор их хэмжээний ус байхгүй. Мөн тэр усыг дахин ашигладаг

Физикч Н.Тэгшбаяр: Газар дор уусган баяжуулах аргаар өнгөрсөн хугацаанд 10 мянган тонн уран олборлосон. Дэлхийн хэмжээнд 56-60 гаруй хувь нь ийм аргаар олборлож байгаа. Иймд үүнээс болж цацрагийн хордлого үүссэн нэг ч жишээ дэлхийд тэмдэглэгдээгүй. Монголд ч ийм асуудал болохгүйг мэргэжлийн хүний хувьд хэлж байна

Физикч Б.Түмэндэмбэрэл: Байгальд байгаа ураны хувьд байдгаараа л нөлөөлнө. Энэ нь сул цацраг идэвхитэй нэгэн бодис. Дээгүүр нь мал бэлчээд, бид хэдэн зуун жил тэр уран дээгүүр явж, амьдраад ирсэн. Байгалийн түвшиндээ уран хоргүй.  Харин тэрнийг  уул уурхайн аргаар олборлож, гаргаад, дараа шар нунтаг  болтол нь боловсруулан баяжуулдаг. Тэр шар нунтгийг  торхонд  савласан нөхцөлд цацраг идэвхи нь ямар ч хор, нөлөө, аюул учруулахгүй. Газрын доор байгаа ураныг гаргаж ирсний дараа цацраг идэвхи нь ялигүй өндөр болдог. Ураны гол хор нь альфа цацраг идэвхитэй хий л байдаг. Цөмийн цацраг  яаж үйлчилдэг үү яг тийм түвшинд үйлчилнэ. Цацраг нь их бол их, хэрэв бага бол бага үйлчилнэ.

ШУ-ны академийн физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Ш.Молор: Байгалийн фон буюу цацраг идэвх гэдэг зүйл нь бидний эргэн тойронд ч бий. Бид цацраг идэвх орчинд амьдарч байгаа гэсэн үг. Уурхайнууд газар доор, энд тэнд байгаа ураныг нийлүүлээд нэг цул болгож байгаа учраас мэдээж цацрагийн хэмжээ тодорхой хэмжээнд нэмэгдэж таарна. Гэхдээ яаж ч нэмэгдсэн зөвшөөрөгдөх хэмжээнд байх ёстой. Олон улсын атомын энергийн агентлагаас зөвлөмж гаргадаг. Мөн Монгол Улс өөрийнхөө стандартыг тогтооно. Зөвшөөрөгдөх хэмжээ гэдэг нь байгаль орчин, хүний эрүүл мэнд, мал амьтанд нөлөөлөхгүй байх хэмжээг хэлнэ

Тэгвэл Цацрагийн хор хөнөөл хэр их вэ

 Бид өдөр тутамдаа  цацрагийн дунд амьдарч байна. Үнэндээ цацрагийн ялгарал өдөр тутмын хэрэглээ байсныг  хүн бүр мэдэхгүй. Орой бүр асаж байгаа гэрэл, цахилгана цацраг ялгаруулж байгаа. Ажил дээрээ ирээд компьютерээ асаагаад л цацраг ялгарч байна. Шүдний эмчилгээ, рентгэн, MRI оношилгоо, хавдрын хими эмчилгээ тэр чигээрээ цөмийн энерги, цөмийн энергийн процесс.

Сансрын уудмаас янз бүрийн энергитэй цацрагийн урсгал дэлхийд ирж байдаг. Таны байгаа газрын өргөрөг, уртраг, өндрөөс хамааран цацрагт өртөх байдал янз бүр байдаг. Тэгэхээр бидний өдөр тутмын амьдрал цацраг идэвх байдаг байгалийн үзэгдэл юм. Цацрагийн идэвх хэмжээндээ байвал хүний биед аюулгүй. Харин тун нь  ихэдвэл мэдээж хор хөнөөлтэй.

Уран хэдэн кг нүүрстэй тэнцэх вэ

Нэг кг уранаас гаргаж авах эрчим хүчний хэмжээ нэг сая кг нүүрснээс гаргаж авах эрчим хүч, энергитэй тэнцэж байгаар талаар физикийн ухааны докторууд хэлдэг. Өөрөөр хэлбэл гарын атганд багтах хэмжээний ураны түлш нь 88 тонн нүүрс шатааж гаргах цахилгаан эрчим хүч ялгаруулах чадвартай юм байна. Үнэхээр гайхалтай.

Эдийн засгийн үр өгөөж

Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаар гурав дахь хөрш оронтойгоо хийж буй хоёр дахь том хөрөнгө оруулалтын гэрээ болж байгаа юм . Энэ бүхнийг дагалдаад манай улсад ирэх үр өгөөж нь маш их юм. Өөрөөр хэлбэл, Монголд уран олборлох нь ажлын байр бий болгох, экспортод бүтээгдэхүүн гаргахаас эхлээд эдийн засгийн үр ашигтай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгжсэнээр улс, орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум, төслийн нийт хугацаанд 17,1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61,5 тэрбум, төслийн нийт хугацаанд 2 их наяд төгрөгийг төвлөрүүлэх аж.

Монгол шилтгээний хашаа шиг газар олборлолт хийгдэнэ. Гэхдээ Монгол улсын төсөвт маш том хувь нэмэр оруулна

Уул уурхайн олборлолт гэж ухсан нүх, овоолсон шороо, том машин техник хөлхөлдсөн, шороо бужигнаснаар төсөөлдөг. Тэгвэл ураны олборлолт хэрхэн явагдах вэ. Газар дор уусган олборлох технологоор явагдана. Дэлхийн улсуудад олборлож буй ураны 57 хувийг энэ технологиор олборлодог.  Гаднаас харвал нэг хашаанд хэдэн цооног л харагдана. Гэхдээ Монгол Улсын төсөвт маш том хувь нэмэр оруулна.

Олон улсын атомын энергийн агентлагийн зүгээс энэ технологийг байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл хамгийн бага гэж хүлээн зөвшөөрсөн юм. Эдийн засгийн тухайд ч өндөр үр ашигтай технологи юм. Уурхайн гадуур ан амьтан, мал бэлчиж байгаа нь ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэдэг нь харагдана. Дахин хэлэхэд уран олборлох нь нүүрс олборлохоос огт өөр.

Экспортлох ураныхаа хог хаягдлыг хаана хаях вэ

Уран олборлосон аюултай хог хаягдлаа Монголын хөрсөнд булшилна гэж эсэргүүцэгчид таамагласнаа хэлдэг. Тэгвэл олон улсын эрх зүйгээрээ ураныг ашигласан газар нь хог хаягдлаа булшлах асуудлыг хариуцдаг зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, экспортолсон шар нунтгаа Франц улс боловсруулж хэрэглэлээ гэж бодоход гарч буй хог хаягдлыг өөрсдөө л зохицуулна гэсэн үг. Гэхдээ өнөөдрийн байдлаар шар нунтаг боловсрууллаа гэхэд зөвхөн ахуйн хог хаягдал л гарах юм байна.

Ахуйн хог хаягдал болох бээлий, лабораторийн хэрэгсэл, шүүлтүүр зэргийг саармагжуулсны дараа устгах, эсвэл нэгдсэн хяналт мониторинг бүхий газарт хадгалах арга хэмжээ авдаг талаар “Бадрах энержи” ХХК мэргэжилтэн хэлсэн юм. Эдгээр нь цөмийн станцын, өндөр идэвхт цацрагийн хог хаягдлаас ихээхэн ялгаатай аж. Харин манай улс нутаг дэвсгэр дээрээ атомын цахилгаан станц баривал хог хаягдлаа хаана булшлах нь дараагийн асуудал болох юм.

Ажлын байр нэмэгдэж, ураны салбарт шинэ боловсон хүчин бэлтгэгдэнэ

Аливаа том төслийг дагалдаж шинээр ажлын байр бий болж, шинэ технологи нутагшиж, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгддэг. Тухайлбал, Оюутолгой дэлхийд өрсөлдөхүйц чадвартай монгол мэргэжилтнүүдийг бэлдэж байна. Мэдээж том төсөл дээр ажиллаж байгаа ажилтнууд шинээр суралцаж, олон зүйлийг мэдэж авна. Яг л үүний нэгэн адил ураны төсөл хэрэгжсэнээр 1600 орчим ажлын байр шинээр бий болж, Монгол улсын төдийгүй Дорноговь аймгийн эдийн засгийн өсөлт, хөгжилд эергээр нөлөөлнө гэж үзэж байгаа юм.

Эдгээр 1600 гаруй хүн дараа, дараагийн олон улсын түвшний төслүүдэд ажиллах, маш өндөр түвшинд мэргэшсэн, орчин үеийн техник, технологиудыг эзэмшсэн боловсон хүчнүүд болох юм. Өөрөөр хэлбэл,  гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, шинэ төрлийн үйлдвэрлэл хөгжих, дэвшилтэт технологи болон мэдлэг туршлагыг нэвтэрч, мэргэшсэн боловсон хүчний нөөц нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн үр өгөөж бий болох зэрэг ач холбогдолтой.

Уран бол зэвсэг биш түлш

Монгол Улс өнөөдрийг хүртэл эрчим хүчний хомсдолтой, эрчим хүч импортлогч улс хэвээрээ байсаар л байна. Ураны уурхай бол манай улсын цахилгаан станцууд шиг асар том барилга, олон зуун ажилтантай, олон га талбай эзэлсэн барилга байгууламж байхгүй. Уранаар Улаанбаатарыг эрчим хүч, дулаанаар хангахын тулд нэг л портер машины хэмжээтэй, 3-4 хүн ажиллах цахилгаан станц байх талаар Судлаач профессор Д.Баярхүү гуай хэлдэг. Энэ бүхнээс харахад уран бол зэвсэг биш түлш гэдгийг ойлгох цаг болжээ.