СУРВАЛЖИЛГА: “Хүн малыг хордуулж, мутацид оруулдаг” гэх ураны талаарх худал үнэнд гүйцэгдэв

newslifemn 2024-12-10

Дорноговь аймгийн Улаанбадрах сум “Уран”-д хордож, хүн, мал нь мутацид орж, үхлийн аюул ойрхон ирсэн талаарх мэдээллийг цахим сүлжээнээс олонтой уншиж байв. Тэр ч бүү хэл нэр бүхий иргэдийн мутацид орсон гэх бог малыг нядалж, хордсон тухай “жүжиг”-ийг нүдээр үзэж байлаа. “Жүжиг” гэхийн учир нь тухайн нядалсан мал нь бусад малаас ялгарах зүйлгүй байсан юм.

Харин нөгөө талаар Монгол Улсын хөгжлийг хойш татаж, “хортой” гэх үгээр олны тархийг угаадаг эх орончид гэгдэх хүмүүсийн талаарх мэдээллийг ч алгасахгүй авдаг байсан учир “Мянга сонсохоор нэг үз” гэдэгчлэн энэ удаад Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт оршин “Бадрах энержи” компанийн “Зөөвч-Овоо”-гийн ураны үйлдвэрийг зорилоо.

Дорноговь аймгийн төвөөс 100 гаруй км-ын зайд орших “Бадрах энержи” компанийн “Орано” групп Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлээд 26 жил болжээ. Тэд энэ хугацаанд хоёр удаа үйлдвэрлэлийн туршилт хийсэн нь амжилттай болсон байна. Тиймээс ч Монгол Улсын Засгийн газар, Францын төрийн өмчийн хөрөнгө оруулалттай “Орано” групп нь Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхээр өдгөө бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Энэхүү гэрээ үзэглэгдвэл бүтээн байгуулалтын ажил хийгдэж, 2028 он гэхэд үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн эхлэх юм байна.

-МАРК МЕЛЕАРД: ЗӨӨВЧ-ОВОО ТӨСӨЛ 50 ГАРУЙ ЖИЛ ҮРГЭЛЖЛЭХ УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛИЙН ИЛЭРХИЙЛЭЛ-

Энэ талаар “Бадрах Энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард “Компанийн зүгээс хийхээр эрмэлзэж байгаа хөрөнгө оруулалтын гэрээ нь Оюутолгой төслөөс хойш буюу сүүлийн таван жилийн хугацаанд анх удаа хийгдэх гэж байгаа хөрөнгө оруулалтын гэрээ юм. Энэ төсөл хоёр улсын Засгийн газрын түншлэлийн хүрээнд хийгдэж байгаа. Монгол болоод Францын талаас төрийн өмчит компаниуд хамтран хэрэгжүүлж байгаа учраас ингэж хэлж байгаа юм. Мөн Зөөвч-Овоо төсөл 50 гаруй жил үргэлжлэх урт хугацааны түншлэлийн илэрхийлэл бөгөөд Европын холбооноос хэрэгжүүлж байгаа хамгийн том төсөл юм. Зөөвч-Овоо төсөл Монголд газар доор уусган олборлох технологийг ашиглаж байгаа анхны төсөл хэдий ч энэ технологи дэлхийд 1950-аад оноос эхлэн хэрэглэсэн. Тэр дундаа “Орано” групп энэ технологийг ашиглаж ирсэн олон жилийн туршлагатай. Өнөөдөр дэлхий дахинд ураны олборлолтод ашигладаг үндсэн технологи нь газрын доор уусган олборлох арга юм. Тухайлбал, Казахстан улс энэ аргаар уран олборлож дэлхийн ураны нийлүүлэлтийн 40 хувийг дангаараа эзэлдэг. Удаан хугацаанд хэрэглэж, ашиглаж ирсэн туршлагадаа тулгуурлаж энэ төслийг хэрэгжүүлэхээр эрмэлзэж байна. Зөөвч-Овоо төсөлд ашиглаж байгаа технологи, олон улсын стандартыг Монгол Улсад нутагшуулна” гэдгийг онцоллоо.

-УРАНААС БОЛЖ, ГАЖ ТӨЛ ГАРСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙГЭЭР НЯЦААГДЖЭЭ

“Зөөвч-Овоо”-гийн уранаас болж, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын мал амьтан мутацид орж, ундны ус бохирдож байгаа талаарх мэдээлэл ч шинжлэх ухааны үндэслэлтэйгээр няцаагджээ. Мөн шүүх ч дээрх мэдээллийг эцэслэн шийдвэрлэсэн гэдгийг “Бадрах энержи” ХХК-ийн Байгаль орчин, орон нутаг хариуцсан захирал Ц.Энхжаргал тодотгож байв. Тэрбээр “Бадрах энержи” компани 2019 онд Хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршоогоор гаж төлийн судалгаа хийлгэхэд “Дорноговь аймгийн хэмжээнд байгаа малын гаж төлийн хэмжээ улсын дунджаас доогуур байна” гэсэн дүгнэлт гарсан. Мөн 2023 онд судалгаа хийлгэхэд “Уранаас хордож малын гаж төл гарсан гэх тохиолдол бүртгэгдээгүй” гэсэн үр дүн гарсан” гэсэн юм.

“Бадрах энержи” ХХК нь газар доор уусган баяжуулах технологийг ашиглан байгалийн уран олборлох туршилтын үйлдвэрлэлийг явуулж, 10.4 тонн уран гарган авсан байна. Хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэгдсний дараа эцсийн бүтээгдэхүүнийг гарган авч, экспортлох аж.

-УРАНЫ ТӨСӨЛ МОНГОЛД ЖИЛДЭЭ 95.5 САЯ АМ.ДОЛЛАР, НИЙТДЭЭ 3.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ТАТВАРЫН ОРЛОГО  ТӨВЛӨРҮҮЛНЭ-

Монголд ураны нийт 192.2 мянган тонн бүртгэгдсэн нөөц бий. Энэ нь дэлхийн нийт нөөцийн 3.2 хувь. Харин манай улсын “Зөөвч-Овоо” орд 93,290 тонн, “Дулаан ул” 11,896 тонн ураны нөөцтэй бөгөөд 1992 оноос хойш тогтоогдсон найман ордын нэг нь “Зөөвч-Овоо” юм. “Бадрах энержи” ХХК нь газар доор уусган баяжуулах технологийг ашиглан байгалийн уран олборлох туршилтын үйлдвэрлэлийг явуулж, 10.4 тонн уран гарган авсан байна. Харин үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл 230 ppm агуулгатай 2500 тонн ураныг нэг жилд олборлож, экспортлохоор төлөвлөж буй аж. Зөөвч-Овоо уурхайд нийт 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай юм байна.

Харин ураны төсөл Монголд жилдээ 95.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлэхээр тооцоолжээ. Тэд Монголын ураныг олборлоод байгаль орчинг сүйтгээд орхихгүй, 9 жилийн хугацаанд нөхөн сэргээх ажлыг хийнэ гэдгийг ч онцолж байлаа.

Эх сурвалж: Isee.mn