599Монгол Улсын Засгийн газар 14 мега төслийнхөө нэгдүгээрт Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийг эрэмбэлжээ. Тус төслийн талаар Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлтээс зарим зүйлийг тодрууллаа.
– Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл хэрэгжихээр яригдаж байна. Энэ талаар дэлгэрэнгүй танилцуулж өгөөч?
– Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т бодлогын үндсэн 4 чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасны нэгдүгээрт “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина гэж тусгагдсан. Анх Монгол улсын Засгийн газрын 2008 оны 252 дугаар тогтоолоор Ухаахудагийн ордоос Гашуунсухайт боомт хүртэлх төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Энержи Ресурс” ХХК-д олгосноор тус чиглэлд төмөр зам барих ажлын эхлэл тавигдсан байдаг. УИХ-аас 2010 онд баталсан Концессийн тухай хууль, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” зэргийг үндэслэн Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 161 дүгээр тогтоолоор “Ухаахудагийн ордоос Гашуунсухайт боомт хүртэл төмөр зам барих тусгай зөвшөөрөл”-ийг “Энержи Ресурс” ХХК-д олгож, барих–ашиглах-шилжүүлэх концессын гэрээ байгуулан, өргөн царигийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлсэн. Гэвч Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 121 дүгээр тогтоолоор “Энержи Ресурс” ХХК-тай байгуулсан концессын гэрээг цуцалж, төмөр зам барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон байдаг юм.
–“Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон шалтгаан нь юу байсан юм бол?
– “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, Үндэсний аюулгүй байдлын 2011 оны 35/32, 07/04-р зөвлөмжүүдийг тус тус үндэслэн концессийн гэрээг цуцалсан байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д шинээр барихаар заасан төмөр замын суурь бүтцийн концессийг төрийн өмчит, эсхүл төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдэд олгохоор заасныг зөрчсөн гэж үзсэн юм байна лээ. Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолоор концессын эрхийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгож, барилгын ажлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолоор Тавантолгой уурхайд хөрөнгө оруулах, олборлолтыг нэмэгдүүлэх, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, уул уурхайн хөрөнгө оруулалтыг цогцоор нь гүйцэтгэхийг шийдвэрлэсэн.
Үүний дагуу Монгол Улсын Мега төсөл хариуцсан сайд М.Энхсайханы ахалсан хэлэлцээр байгуулах ажлыг 2015 оны 5 дугаар сард Улсын Их Хурлын нэр бүхий 40 гишүүн санал гаргаж зогсоосон.
Засгийн газрын 2018 оны 242 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлын зөвшөөрлийг цуцалж, “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосноор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 2022 онд барьж дуусгасан байдаг.
–Тэгвэл Төмөр замын царигтай холбоотой шийдвэр хэзээ гарч байсан бэ?
–“Энержи Ресурс” ХХК 2008 онд Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг нарийн царигтайгаар боловсруулсан. Тухайн үед Монгол Улсад төмөр замын царигийн талаар хууль эрх зүйн зохицуулалт байгаагүй. УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан бөгөөд тус бодлогод “… шинээр барих төмөр зам нь одоогийн төмөр замтай шууд холбогдох буюу огтолцох нөхцөлд 1520 мм царигтай байхаар, мөн бүтээгдэхүүн нь экспортод шууд тээвэрлэгдэх хилийн боомтын төмөр замын шугамын царигийн өргөнийг Засгийн газар УИХ-д танилцуулж шийдвэрлүүлэх”-ээр заасан. Монгол улсын Засгийн газрын 2012 оны 161 дүгээр тогтоолын дагуу “Энержи Ресурс” ХХК-тай концессын гэрээ байгуулж, өргөн царигаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар 2014 оны 08 дугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад Төрийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин: Хэрэв Монгол Улс өмнөд чиглэлийн төмөр замыг нарийн царигаар барьж байгуулсан тохиолдолд Хятадын тал санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн болохоо илэрхийлсэн. Иймд УИХ-ын 2014 оны 64 дүгээр тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нарийн царигаар барихаар шийдвэрлэсэн байдаг. Энэ үеэс “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн хариуцан гүйцэтгэж байсан өргөн царигийн төмөр замын барилгын ажил зогссон байна.
Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын 2014 оны 64 дүгээр тогтоол нь хууль зөрчсөн тухай 2020 оны 04 дүгээр дүгнэлт гаргаснаар тус тогтоолыг хүчингүй болгож, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг өргөн царигтай барьж байгуулахаар барилгын ажлыг эхлүүлсэн.
-Ингээд л өргөн, нарийн царигийн хэрүүл, талцал эхэлж, энэ ажил зогссон байх. Энэ хугацаанд Монголын эдийн засагт ч хохирол учирсан байдаг. Харин энэ ажлыг дахин сэргээж Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийг эхлүүлэхээр Засгийн газрын түвшинд ярьжээ. Энэ төсөл явагдсанаар ямар ач холбогдолтой вэ?
–Тавантолгой-Гашуунсухайт-Ганцмод төмөр зам нь өөрөө бүхэлдээ Тавантолгойн уурхайн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гол судас нь юм. Дээрх төслийн хөрөнгө оруулалтыг богино хугацаанд нөхөх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор урт хугацааны, тогтвортой нүүрс худалдааны гэрээ байгуулах шаарллага зүй ёсоор үүсэж байна. Мэдээж 30 сая тонн нүүрсийг хилээр тасралтгүй гаргахын тулд уурхайн олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэхээс өөр арга байхгүй. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь өргөн царигаар жилд 30 сая тонн, нарийн царигаар 10 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Уг төсөл хэрэгжсэнээр 2030 оноос нүүрсний экспорт жил бүр 20 сая тонноор нэмэгдэж, эдийн засгийн өсөлт жил бүр 0.8 нэгж хувиар нэмэгдэх, ядуурлын түвшин буурч, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10000 ам.долларт хүргэх, эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалах, инфляцыг 5 хувьд барих зэрэг эдийн засгийн томоохон ач холбогдолтой болно. Мөн Гашуунсухайт-Ганцмод боомт төмөр замаар холбогдох ажил эхэлснээр бусад боомтууд (Шивээхүрэн, Ханги, Бичигт)-ыг төмөр замаар холбох асуудал шийдэгдэнэ. Одоогоор Монгол Улсын нийт автотээврийн боомтын хүчин чадал нийт 85 сая.тн бөгөөд төмөр замын хилийн боомтууд (Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхтавч) ашиглалтад орсоноор 80 сая.тн-оор нэмэгдэж жилд экспортлох хүчин чадал 165 сая.тн-д хүртэл нэмэгдэнэ. Ингэснээр жил боомтын хил дамнасан төмөр замын тээврээр ойролцоогоор 4 тэрбум ам.долларын орлого олох боломж бүрдэнэ.
–Нарийн, өргөн царигийг хэрхэн зохицуулж байгаа вэ?
– Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, гол замын урт 233.6 км, 10.5-50.1 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай. Монгол Улсаас өргөн царигийн төмөр замаар хүлээлгэн өгч буй ачааг БНХАУ-ын Ганцмод өртөөнд өөрийн зүтгүүр вагоноор хүлээлгэн өгнө, эсрэгээрээ БНХАУ-аас нарийн царигийн төмөр замаар хүлээлгэн өгч буй ачааг Монгол Улсын Гашуунсухайт өртөөнд Хятадын талын зүтгүүр вагоноороо хүлээлгэнэ өгнө.
–Хөрөнгө оруулалт нь яаж шийдвэрлэгдэж байгаа вэ?
– Гашуунсухайт-Ганцмод төмөр замын төслийн төсөвт өртөг нарийвчилсан зураг төслийн дагуу урьдчилсан тооцооллоор 979 тэрбум төгрөг байхаар тооцологдож байгаа бөгөөд санхүүжилтийн асуудлыг УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХХК хариуцахаар шийдвэрлэгдсэн. Одоогийн байдлаар төмөр замын төслийн ТЭЗҮ, зураг төсөл хийгдэж дууссан, барилгын ажлын гэрээний төслийг компанийн хэмжээнд тохироод байгаа.
– Ярилцсанд баярлалаа.
0 cэтгэгдэлтэй