БОХХААБХ: Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ

newslifemn 2024-05-14

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2024.05.14/ хуралдаан 10 цаг 37 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 17 гишүүнээс 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Энэ талаар  хуулийн төсөл санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн “нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан улс орон байх” зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд манай улсын өргөн уудам нутаг, хил хязгаар болон нүүдэлчин ахуй, соёлыг үеэс үед өвлөн хадгалж, хамгаалж байгаа уугуул иргэд болох малчид, малчин өрхийн талаар төрөөс баримтлах бодлогод онцгой анхаарч, тэдгээрийн нийгмийн баталгаа, амьжиргааны нөхцөлийг сайжруулах, уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлээ тогтвортой эрхлэх, хөгжих таатай боломжийг бүрдүүлэх эрх зүйн үндэслэл, шаардлага байна. Малчдын эрх зүйн байдлыг холбогдох хуулиудтай уялдуулж, бие даасан хуулиар нарийвчлан зохицуулах шаардлагатай тул уг хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулжээ.

Хуулийн төслийн зорилго нь уламжлал, өв соёлыг хамгаалж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх малчны эрх зүйн үндсийг тодорхойлох, малчны хөгжил, бүтээмж, хариуцлагатай байдал, хамтын санаачилга, өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтыг дэмжин хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ.

Хуулийн төсөл нь 6 бүлэг, 21 зүйлтэй бөгөөд төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, эрх зүйн хүрээнд эерэг үр дүн гарна гэж төсөл санаачлагчид үзжээ. Тухайлбал, малчдын эрх зүйн байдлыг тодорхой болгож, нийгмийн өмнө хүлээх эрх, үүргийг тогтоож, үйлдвэрлэгч-менежер, хариуцлагатай байх, хөгжих боломжийг нээхийн зэрэгцээ мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрсдэл даах чадавхтай, үр ашигтай, тогтвортой хөгжилтэй салбар болгон хөгжүүлэх үзэл баримтлалыг хангана. Хариуцан ашиглах эзэн эрхийг малчдад олгох нөхцөлийг бүрдүүлснээр бэлчээрийн газрыг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих үйл ажиллагааны хариуцагч эзэн тодорхой болох аж.

Мөн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах малчдын зохион байгуулалтын тогтолцоо бүрдэх, малчдын дунд уур амьсгалын өөрчлөлт, ган, зудын сөрөг нөлөөллөөс сэргийлэх менежментийг тодорхой болгосноор мал аж ахуйн үйлдвэрлэлийн эрсдэлийг бууруулна.

Түүнчлэн малчдын залгамж халааг бэлтгэх, малчдад насан туршийн боловсрол олгох, мэдлэгжүүлэх, цахим системийг нэвтрүүлэх тогтолцоог бүрдүүлэх, малыг эдийн засгийн эргэлтэд тогтмол оруулах, ашиг шим, чанар, бүтээмжийг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхлыг бий болгох, малчдыг дэмжих үйл ажиллагааны зарчим, цар хүрээ, дэмжлэгийн хэлбэр, төрийн оролцоо, хязгаарыг тодорхой болно.

Малчин өрхийн үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих, чанар-үнэ-урамшуулах тогтолцоог хөгжүүлж, эргэлтийг эрчимжүүлэх нөхцөлийг бүрдүүлснээр тэдгээрийн өрхийн орлого, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлнэ. Хөдөөд суурьшиж, уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхлэх малчныг урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжсэнээр хотоос хөдөө рүү шилжих урсгалыг нээж, нийслэлийн хэт төвлөрөл, замын ачаалал, агаарын бохирдлын ачаалал, сөрөг нөлөөг бууруулна. Хариуцлагатай малчдыг хөнгөлөлттэй зээлийн болон татварын бодлогоор дэмжсэнээр малчдын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, чадавхжих сонирхлыг нэмэгдүүлнэ гэж танилцуулгад дурдсан байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсэн, Х.Болорчулуун нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсэн хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын хэмжээнд сүлжээний асуудлыг нэг мөр шийдэх, цаашлаад ган, зуд зэрэг байгалийн гамшгаас хамгаалах үүднээс малчдыг орон сууцжуулах, малын хашааг битүү болгоход төрөөс дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг төсөлд тусгах талаар санал хэлэв. Мөн гишүүд малчдын эрүүл мэндийг хамгаалах, эмнэлэг, эмийн сангийн хүрэлцээг нэмэгдүүлэх, тэдгээрийн тэтгэвэр, тэтгэмжийг нөхөн төлүүлэх асуудлыг төсөлд тусгасан эсэхийг лавлав.

Төсөл санаачлагч гишүүн Г.Тэмүүлэн хариултдаа, Мал аж ахуйн салбарыг авч яваа, Монгол Улсын өнцөг булан бүрийг эзэнтэй байлгаж, тусгаар тогтнолын баталгаа болж буй малчдын нийгмийн болон эрүүл мэндийн баталгааг төрөөс хангах зайлшгүй шаардлагатайг дурдаад өнөөдөр 298 мянган малчдын 80 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, тэтгэвэрт гарах боломж бололцоогүй байна гэв. Хэдийгээр 2021 онд малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хууль батлагдсан ч “КОВИД-19” цар тахлын хязгаарлалтын улмаас  20 мянган малчин, 15 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгчид хуулийн үйлчлэлд нэмэгдэж хамрагдсан байдаг. Тиймээс энэхүү хуулийн төслийн 5 дугаар зүйлд өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг  нэг удаа нөхөн төлүүлэх асуудлыг 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл дагах мөрдөхөөр тусгасан гэж байлаа. Мөн тэрбээр малчдын эрүүл мэндийг хамгаалах үүднээс жил бүр эмнэлгийн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах зохицуулалтыг төсөлд тусгасан гэв.

Ингээд Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.