Монгол Улсын түүхэнд хийгээд Засгийн газрын намтарт өчигдөр нэгэн шинэ хуудас эргэв. Энэ бол “Эрдэнэс Тавантолгой” ХК 2013 оныхоо ногдол ашгийн 286 мянга төгрөгийг олгосноос татвар суугдаж, нийт 256 мянган төгрөгийг иргэдийн дансанд шилжүүллээ.
Монголчууд саяхныг хүртэл “Газрын доорх баялаг төрийн өмч, бүх ард түмний өмч байна” гэсэн лоозогносон заалтай Үндсэн хуулиа тэврээд хоосон сууж байсан.Түүнтэй харьцуулахад жилээс жилд ахиж буй Тавантолгойн ногдол ашиг бидний хувьд чамлахаар чанга атгах мөнгө. Нөгөө талаар “Тавантолгойг Сү.Батболд аваад залгичихсан” гэж боддог мэдээлэл муутай заримд бодит хариулт юм.
Тавантолгойн түүхийг сөхөх юм бол анх ирээдүйд ашигтай, эсэх нь сайн тодорхойгүй гадаадын компаниуд авчихаад хоорондоо наймаалцаж явсан орд газрыг 1990-ээд онд баруунд боловсрол эзэмшиж, “Ленин клуб” буюу одоогийн Сүхбаатарын талбайн урдах байшингийн нэг булан дахь жижиг өрөөг түрээслэн бизнесийн гараагаа эхлээд байсан бизнесмэн залуу хувийнхаа мөнгөөр нь худалдаж авсан байдаг.
Тэр хүн нь хожим Ерөнхий сайд болох Сү.Батболд байсан гэдэг. Сү.Батболд гадаад дотоод, хүний өөрийн бизнес улс төрийн бүлэглэлүүд одоогийхоор МАНАН-ийн шахалт дарамтыг үл харгалзан Тавантолгойн ордоос нэг ч хүрз нүүрс ухалгүй ард түмэндээ буцаан өгөх тэнэг гэх үү зоримог гэх үү шийдвэрийг гаргасан. Өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшлийн орд газраа төрд тушаасан уул уурхайн бизнес эрхлэгч монголд гараагүй, цаашдаа гарах ч үгүй биз. Түүнийхээ төлөөсөнд олон жил захиалгат пиарын золиос болж буй нэгэн.
Сүүлд 2010 онд тэрбээр Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар томилогдохдоо Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргаж байв. Ийнхүү 2011 онд “Эрдэнэс Тавантолгой төрийн өмчит хувьцаат компани анх байгуулагдаж, ард түмэндээ 1072 хувьцаа эзэмшүүлэх түүхэн шийдвэрийг Засгийн газраас гаргаж байлаа.
Өөрөөр хэлбэл, нөгөө Үндсэн хууль дахь “хоосон заалт” амь орж, Сү.Батболдын Засгийн газар иргэддээ уул уурхайн баялгийн ногдол ашиг 1.5 сая төгрөг олгох асуудлыг шийдсэнээр ахмадуудад “Насны хишиг”, хүүхэд бүрт 21 мянган төгрөг тарааж, оюутнуудын сургалтын төлбөрийн зээл, дарамтаас гарч байлаа.
Сү.Батболдоос хойш хэд хэдэн засгийн газрын үед 1072 хувьцааны ногдол ашиг гэдэг зүйл мартагдсан. Засгийн газар иргэддээ гар сунгах байтугай баялгаа гадынханд зүгээр өгч найр тавих “Дубайн гэрээ” гэх мэт бүтэлгүй алхмууд хийгдэж, Монгол Улсын гадаад өр талийснаар шинээр мэндэлж буй хүүхэд хүртэл өртэй төрж байгаа судалгаа гарч байлаа.
Үүний дараа одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдон ажиллахдаа 2020 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2019 оны ногдол ашгийг 2.5 сая хувьцаа эзэмшигчид тарааснаар иргэдийн итгэл дахин сэргэсэн.
2021 онд Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдсон. Лөнгөж гарч ирэнгүүтээ цар тахалтай нүүр тулсан ч түүний Засгийн газар эдийн засгаа сэргээх, тэлэх, авлигатай тэмцэх тэмцлийг өрнүүлж, улмаар Тавантолгойд онцгой дэглэм тогтоож, улмаар “Нүүрсний хулгай”-г илрүүлж, БЭТ томилж ажиллуулснаар экспортын нүүрсний орлогыг нэмэгдүүлж, 2024 оны нэгдүгээр сард багтаан “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2022 оны ногдол ашгийг иргэддээ тараасан.
Тэгвэл энэ удаа 2023 оны 1072 хувьцааны ногдол ашиг 286 мянган төгрөгийг иргэдэд олгох шийдвэр гаргаж, түүнээс татвар суугдсанаар 256 мянгыг иргэдийн данс руу шилжүүллээ. Засгийн газар мөн Баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд чуулганы хуралдаанд үг хэлэхдээ “Баялаг тойрсон луйврын олон нийтийн мэдэх хэсэг нь л Эрдэнэтийн 49 хувь, Монголросцветмет, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр болон түүний харьяа стратегийн ордууд, Оюутолгойн Дубайн гэрээ ба 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын асуудал, Тавантолгой компанийг 100 жилээр худалдахыг завдсан хэлцэл зэрэг байсан”-ыг онцоллоо.
Мөн тэрбээр “…МАНАН хэмээн томъёологдсон энэхүү системийг задлахын төлөө хатуу зогссон магадгүй сүүлчийн Засгийн газар ч байж магадгүйг нэрэлхэлгүй үнэнээр нь хэлэх нь зүйтэй гэж бодож байна…” гэсэн.
МАНАН-тай тэмцсэн сүүлийн Засгийн газар, 1072 хувьцааны ногдол ашгийг иргэддээ олгосон гурав дахь Засгийн газар гэдгээр Л.Оюун-Эрдэнийн танхимын намтар Монгол Улсын түүхэнд бичигдэж үлдэнэ. Гэхдээ энэ шанг анх татсан хүн нь 26 дахь Ерөнхий сайд Сү.Батболд, удаах нь У.Хүрэлсүх, гурав дахь нь Л.Оюун-Эрдэнэ. Хамгийн гол нь МАНАН-тай тэмцсэн сүүлчийн Засгийн газар 1072 хувьцааны ногдол ашгийг олгосон сүүлчийн засаг л биш байгаасай. Иргэдэд очих баялгийн хишиг төгсгөл болох ёсгүйг, МАНАН-тай тэмцэхгүй бол Монгол Улс юу болж дуусахыг ирэх цагийн Ерөнхий сайд бүхэн мартах учиргүй юм сан.
0 cэтгэгдэлтэй