Тэгш, сондгойгоор зорчих дугаарын хязгаарлалтыг сунгах эсэх талаар санал авч байна

newslifemn 2024-01-30

Хүйтний эрч чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор арванхоёрдугаар сарын 18-наас нэгдүгээр сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийсэн. Тус зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31,  замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Өнөөдрөөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж, замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж буй. Замын хөдөлгөөний удирдлагын төв /ЗХУТ/-өөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл амарч байх үеийн тээврийн хэрэгслийн тоог хичээл орж байх үетэй харьцуулсан судалгааг хийсэн. Судалгаагаар хичээл амарсан үед өдөрт 347 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн бол хичээл орж байх үед 429 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдэж, 19.1 хувиар өссөн байна. Мөн хөдөлгөөн зохицуулалт хичээл амарсан үед 3294 байсан бол орж байх үед 3598 болж, 8.4 хувиар өссөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, хичээл орох үеэр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг гэсэн үг.

Мөн удахгүй Сар шинийн баяр болох тул замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэнэ. Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байгаа. Тухайлбал, нэгдүгээр сарын 6, 7, 13, 14-ний амралтын өдрүүдэд хөдөлгөөн зохицуулалт 2212 байсан бол нэгдүгээр сарын 20, 21, 27, 28-нд 2997 болж, 26.1 хувиар өссөн бөгөөд цаашид ч хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх юм. Иймээс ЗХУТ, ТЦА-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах дугаарын хязгаарлалтыг сунгах хүсэлт ирүүлсний дагуу олон нийтээс санал авч байна.

Иргэд та бүхэн www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон  https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар  нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон саналаа өгөх боломжтой. Саналыг нэгдүгээр сарын 31-нийг дуустал ажлын гурван өдөр авч, олонхын саналыг үндэслэн шийдвэр гаргах юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС