Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, гишүүд БОАЖЯ-ны үйл ажиллагаатай танилцлаа.
БОАЖЯ-ны 2024 оны төлөвлөгөө, холбогдох хууль тогтоомж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд мэдээлэл солилцлоо. Уулзалтын үеэр салбар яамны зорилтот дэвшүүлэн өргөн мэдүүлэхээр хүлээгдэж буй хууль тогтоомжийн төсөл, улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлууд болон УИХ-аас баталсан, байнгын хорооноос чиглэл өгсөн тогтоолуудын хэрэгжилттэй танилцсан юм.
Тухайлбал, энэ оны улсын төсөвт туссан аялал жуулчлалын бүсэд отоглох цэг байгуулах хөрөнгө оруулалтын арга хэмжээ, тусгай хамгаалалттай газар баримталж байгаа бодлого, холбогдох арга хэмжээний хэрэгжилт, үр дүн, Ан агнуурын талаар баримталж буй бодлого болон өнөөгийн нөхцөл байдал, Соёлын яамтай хамтран хэрэгжүүлж буй зорилтот ажлуудын талаар судалгаа мэдээллийг нэгтгэн хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Байгаль орчны хамгаалалт, зүй зохистой ашиглалт, нөхөн сэргээлт гэсэн үндсэн зарчмуудад тулгуурлан салбарын хууль тогтоомжийн нийцлэлийг хадгалж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарах хэрэгтэйг дурдлаа. Ингэхдээ байгаль орчны багц хуулийн төслийг өнөөгийн нийгэм, цаг үеийн шаардлагад нийцүүлэн тулгамдсан зохицуулалтыг шат шатны нэгжид хуваарилан санал хэлэлцүүлгийн түвшинд орон нутгийн оролцоог тусгах нь зүйтэй гэдгийг хэлж байлаа.
0 cэтгэгдэлтэй