Н.Уранзаяа
“Хэн ч төрөхөөсөө л хэн нэгнийг үзэн яддаггүй… хэрэв үзэн ядахыг сурч болдог юм бол хайрлахыг ч сурч болно”
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч асан Нелсон Мандело
Намайг хүүхэд байхад хоёр хүүхэд онгоцонд сууж үзэх гээд нууцаар онгоцны дугуйнд орж нуугдаад нэг нь тэндээ осгож, нөгөөх нь амьтай голтой юм ирсэн тухай хэвлэл мэдээллээр шуугиж байсныг санаж байна. Мэдээж тэр мэдээг хүүхдүүд, тэдний эцэг эх, асран хамгаалагчийг сэрэмжлүүлэх үүднээс цацсан байх л даа. Гэвч тухайн үед тэр мэдээ хүүхдүүд биднийг айж харамсуулах нь битгий хэл …Нээрээ ямар сэргэлэн гарууд вэ, өөрөөр яаж онгоцонд нууцаар сууж болох бол… гэсэн сэдэл төрүүлж байсныг санадаг. Найзуудаараа тэр тухай ярилцаж, хэсэгтээ бидний ярианы сэдэв болж билээ. Азаар бид охид байсан болохоор юу ч хийгээгүй өнгөрсөн. Харин хөвгүүд онгоцонд нууцаар ороогүй ч автобуснаас зүүгдэх, голд сал хийж суух зэргээр болж бүтэхгүй олон зүйл туршсан даа. Бидний үеийнхэнд дижитал эрин үе гээч нь тохиолдсонгүй, одооны хүүхдүүд шиг элдэв бусын мэдээллийн хүчирхийлэлд өртсөнгүй. Тийм болохоор орчин үеийн хүүхдүүд хэвлэлийнхний сэрэмжлүүлэг мэдээнд ямар ач холбогдол өгдгийг мэдэх юм алга. Сэрэмжлүүлэг биш сэдэл төрүүлдэг байх вий гэж эмээж явдаг болохоор энэ төрлийн мэдээг аль болох бичихгүй байхыг хичээдэг.
Дарханы ЛХА телевизэд 1-р курстээ дадлага хийж байхад баяр наадам таарч сурвалжлахаар болов. Би 2001 оны тухай ярьж байна л даа. Тухайн үед сэтгүүлч ховор, дагаж дагалдах хүн байсангүй сурч дуулсанаараа өөрийнхөөрөө үзэж тарна. За тэгээд наадам эхэлж юм болгон уруу үсчиж явтал мориноос хэд хэдэн хүүхэд унаж түргэн ирээд аваад явлаа. Болсон явдлыг тодруулахаар түргэний машинтай зэрэгцэн эмнэлгийн яаралтай түргэн тусламж уруу гүйхээрээ ортол орилж чарласан 2-3 хүүхэд энд тэнд хэвтэх нь хэвтэж, суух нь сууж байна. Шууд нэгэн дээр нь очоод микээ аманд нь тулгаж байгаад …Миний дүү их өвдөж байна уу? гээд асуучихсан. Мэдээж нөгөө хүү …аанхан гээд үргэлжлүүлэн уйллаа. Зураглаачтайгаа орой нь дүрсээ буулгаж байгаад өөрийнхөө энэ зураглалыг хөндлөнгөөс үзсэн, ой гутам тэнэг дээр нь мэдрэмжгүй гэж жигтэйхэн юм болжээ. Зүгээр л сэтгэлийн хөөрлөөр явчихаж. Сэтгэлийн хөөрөл хүнийг хяналтгүй болгож, сэтгүүл зүй битгий хэл ухамсартай үйлдэл хийлгэддэггүй аж. Энэ цагаас хойш би өвдсөн хүнээс хэзээ ч …Өвдөж байна уу? гэдэг асуулт асуухгүй гэж өөртөө амласан. Тэгэхэд би 17-хон настай ажлын туршлага байтугай мэргэжлийн ёс зүйн талаар мэддэг ч үгүй байсан үе. Хүүхдийн нүүр царай, зураг хөргийг шууд гаргачихдаг ийм наад захын хүний эрхийн мэдрэмжгүй үйлдлүүд одоо ч заримдаа сэтгүүлчдээс гарч байгаа харагддаг. Ямар сайндаа …Хичээлээ хийж амжиж байгаа юу? гэсэн сэтгүүлчийн асуултад сурагч хүү …Гэр орноо цэвэрлээд амжихгүй байгаа шдээ гэсэн хариулт өгсөн нь сэтгүүл зүйн мэдээ биш цахимын тренд хошигнол болоод өнгөрч байхав дээ. Энэ бол залуу мэргэжилтнээ сургаж дадлагашуулах, бэлтгэх редакцын бодлого, соёлтой шууд хамааралтай. Аль тэртээ 20 гаруй жилийн өмнөх сэтгүүл зүйн хөгжлийн үе шат, алдаа эндэгдэл одоо энэ цагт оршсоор байгаа нь өмнөх үеийн сэтгүүлч бидэнд асуудал байгаад байх шиг санагддаг.
“Өнөр бүл” хүүхдийн төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэг өнгөрсөн онд МҮОНРТ-ийн шууд нэвтрүүлэгт оролцож байхдаа …Коронагийн үеэр хөл хорионд байхад шинэ жил таарч манай төвийн хүүхдүүд үндэсний телевизтэй хамтран бусад хүүхдүүдэд баяр баясгалан бэлэглэхээр концерт тоглохоор болсон. Бид бүгдээрээ шинжилгээнд хамрагдан Найрамдал зуслан дээр бичлэгэндээ орохоор иртэл энэ талаар хэвлэлийнхэн аль хэдийн мэдчихсэн биднээс түрүүлж ирээд хүлээж байсан. Оройноос нь эхлээд биднийг өөрсдийнхөө хүүхдүүдийг гэрээс нь гаргахгүй хорьж байж асрамжийн хүүхдүүдийг концерт тоглуулан эрсдэлд оруулж байна… гээд хэвлэлээр шуугичихсан. Энэ нь бидэнд маш хүнд туссан. Төрийн бус байгууллагад нэг асуудал тулгарахад тэнд байгаа бусад бүх хүүдүүдийн эрх давхар зөрчигдөж байдаг… гэж ярихыг үзсэн юм. Тэгтэл манай гэрт бас нэг ийм явдал боллоо. Би гурван хүүтэй, дунд хүү 11 настай 6 дугаар ангийн сурагч. Хичээлийн шаардлагаар хоёр дахь жилдээ ухаалаг утас хэрэглэж байгаа бөгөөд хичээлээс бусад цагаар би хөвгүүдийнхээ утсыг хураагаад далд хийчихдэг. Учир нь дунд хүү нэг биш удаа надад интьернет тоглоом тоглож байгаад баригдсан тул би хэнийг нь ч ялгалгүй ийм механик арга хэрэглэдэг болсон. Бусад ээжүүдийн адил …Та нарын сурч боловсорч байх нас байтал ямар ч хэрэггүй интьернет тоглоом тоглож тархи толгойгоо хордуулан хамаг цагаа барж байхаар утасгүй байж байсан нь дээр… хэмээн өдөр бүр үглэн утас хураалтаа зөвтгөдөг байв. Үнэндээ хэвлэл мэдээллээр утас их тоглосноос үүдэн хүүхдүүдэд учирч болох хор хөнөөлийн тухай бишгүйдээ сонсч байлаа. Нээрээ ч хэдхэн жилийн өмнө том хүү хатиг гараад зогсохгүй эмнэлэгт хэвтэхэд өрөөнийх нь 10 дугаар ангийн сурагч хүү 5 дугаар ангийн миний хүүтэй биеэр бараг ижил, утас их оролдсоноос болж мэдрэлийн ядаргаанд орон нүдээ анивчдаг, унтаж чадахаа байсан тул хэвтэн эмчлүүлж байсан юм. Найз ээжүүдийн ярьдаг ганц зовлон хүүхдүүдийнх нь дэлгэцийн хамаарал. Тийм болохоор би ч тэгэж сэрэмжилдэг. Тэгтэл саяхан, хэдхэн хоногийн өмнө Pubg mobile-н дэлхийн аваргыг монгол баг авч 400 мянган америк доллараар шагнуулаад ирэхэд Цахим хөгжлийн сайд тэдэнд салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнаж байгаа тухай бараг бүх хэвлэлээр хэдэн өдөр мэдээллээ. Дунд хүүгийн бах нь харин ч нэг ханаж байгаа бололтой …Тээр, ээж харж байна уу, интьернет тоглоом тийм ч муу биш байгаа биз дээ гэж асуухад нь надад хэлэх үг олдсонгүй. Хэдэн жил чухам юутай тэмцээд явсанаа өөрөөсөө асуулаа. Би хүртэл эргэлзэхэд хүрэхээр тийм хүчтэй нөлөөлөл явлаа шүү дээ. Гэтэл хүн бүр, хүүхэд бүр интьернет тоглоом тоглоод сургууль соёлоо цалгардуулаад байж болохгүйг, аливаа ажлыг сонгож мэргэшсэн хүн хийдэг гэдгийг ойлгуулчих ухаан надад байсангүй. Хэвлэл нь ч, салбарын сайд нь ч энэ тухай дурдсангүй. Тэгэхээр дан ганц хүүхдийн төв ч биш ерөөс хүүхэдтэй холбоотой аливаа асуудал бүх хүүхдүүдийн эрх ашгийг хөнддөг аж.
Олон нийтийн хамгийн ихээр төөрөгддөг нэг зүйл бол сэтгүүл зүй, цахим орчин хоёрыг андуурдаг явдал. Сэтгүүл зүйн бүтээл нь баримт нотолгоотой, судалгаа шинжилгээтэй мэргэжилтний боловсруулсан оюуны бүтээл байдаг бол цахим орчинд ихэвчлэн хэн нэгний батлагдаагүй сэтгэгдэл явж байдаг. Иймээс хэвлэл мэдээлэл хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж ташааран ойлгох нь элбэг. Бас л саяхандаа хөхөө өвөл автобусны буудал дээр зуны кеттэй цүнхээ үүрээд зогсож байсан дунд сургуулийн сурагч болов уу гэмээр хүүгийн зургийг нэг сэтгүүлч араас нь дарж аваад өөрийн нүүр хуудсандаа үр хүүхэддээ гутал авч өгч чадахгүй болтлоо ядуурсан монголын амьдралын тухай бичээд тавьчихсаныг хүүгийн ангийнхан, найзууд олж мэдчихээд шоолоод байгаа талаар цахим орчныхон, ялангуяа сэтгүүлчид талцан мэтгэлцлээ шүү дээ. Угтаа бол хувь хүн хувийн орон зайдаа нийгмийн амьдралын талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн төдий. Харамсалтай нь өнөөх хувь хүн олон дагагчтай сэтгүүлч хүн байсан төдийгүй араас нь ч байсан хүүхдийн зургийг хамаагүй нийтлэх хортойг таамаглаагүй байх.
Улсын хэмжээнд хүүхдийн тусламжийн 108 утсанд 2021 онд нийт 92,670 дуудлага ирсэний 78% нь гэр бүлийн орчинд, 18% нь боловсролын орчинд, 2% хувь нь хэвлэл мэдээлэл, цахим орчинд хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой дуудлага мэдээлэл ирсэн байна. Харин 2022 онд 111,776 дуудлага ирсэнээс гэр бүлийн орчинд 14,065, боловсролын орчинд 1281, ХМ, цахим орчинд 125 дуудлага мэдээлэл иржээ. Тэгвэл 2023 онд, 12-р сарын 17-ны өдрийн байдлаар буюу он дуусахад хагас сарын хугацаа дутуу байхад хүүхдийн 108 утсанд 107,272 дуудлага ирсэний зорилтот дуудлага 61,768, түүнээс гэр бүлийн орчинд 10,501, боловсролын орчинд 1739, ХМ, цахим орчинд 583 дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. (Эх сурвалж: Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв)
Дээрх тоо баримтаас харахад хэвлэл мэдээлэл, цахим орчинд хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой дуудлага мэдээлэл жилээс жилд өссөн үзүүлэлттэй байна. 2022 онд энэ төрлийн дуудлага 125 байсан бол 2023 оны 12-р сарын 17-ны байдлаар даруй 583 дуудлага ирчихээд байгаа аж. Өөрөөр хэлбэл ХМ, цахим орчинд 583 удаа хүүхдийн эрхтэй холбоотой асуудал үүссэнийг хэн нэгэн мэдээлсэн, харин мэдээлээгүй хэд байгаа вэ?
Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид санаатай болон санамсаргүйгээр хүүхдийн эрхийг зөрчдөг бөгөөд энэ үйлдлийг бид таслан зогсоох боломжтой. ХМХ 4 дахь засаглал, өөрөөр хэлбэл хүчтэй бас буруу хэрэглэвэл аюултай. Тэр орчинд бий болсон хохирлыг тэр аргаар нь барагдуулвал шударга гэж би хувьдаа бодож явдаг. Монголын сэтгүүл зүйд сүүлийн жилүүдэд нэлээн хүчтэй орж ирж байгаа нэг зүйл бол баримт нягтлах буюу Fact check юм. Хуульч, эрдэмтэд, сэтгүүл зүйн салбарын мэргэжлийн байгууллагуудын төлөөллүүд хамтарсан зөвлөл байгуулж тодорхой стандарт боловсруулж батлаад хугацаатай хуралддаг, олон нийтийн хүсэлтээр хүүхдийн эрхийн зөрчил гаргасан ХМХ-н мэдээ, нэвтрүүлэгт анализ, fact chekh хийн үр дүнг ОН-д зарладаг байгаасай. Үүнтэй холбогдуулан нарийн зохицуулалттай журам боловсруулж, ХМХ-үүдийг албан ёсоор нэгтгэж хамтран ажиллавал редакциуд энэ тал дээрээ илүү харуцлагатай болж сэтгүүлчдээ бэлтгэх бөгөөд хүүхдийн эрхийн зөрчил харьцангуй багасна гэдэгт итгэлтэй байна. Хүүхдийн төлөө ЗА гэхгүй хэн ч үгүй биз ээ.
0 cэтгэгдэлтэй