ТББХ: Үр ашиггүй зардлыг бууруулж, нийгмийн салбарт зарцуулахаар төлөвлөсөн

newslifemn 4 цагийн өмнө

 Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр (2025.10.23)-ийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүллээ.
 Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хийгдсэн төслийн танилцуулгад удирдах албан тушаалтны орон тоог бууруулж, төрийн албан хаагчдын тэлэлтийг хязгаарлахын зэрэгцээ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, үр ашиггүй зардлыг бууруулж хэмнэгдсэн хөрөнгийг нийгмийн салбарт зарцуулах, геологийн судалгаа, байгаль хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын хүнсний хэрэгцээний улаан буудайн нөөц бүрдүүлэх, гамшиг ослын үеийн бэлэн байдлыг хангах, өвөлжилт хаваржилтын нөхцөл байдлын хүндрэлээс сэргийлэх чиглэлд төсөвлөхөөр тусгасан. Мөн Засгийн газрын нөөц сан, аймаг сумдын нөөц хөрөнгийг нэмэгдүүлэх нутгийн , гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрсдэлд суурилсан шалгалтын үр дүнг нэмэгдүүлэх, тусгай чиг үүргийн байгууллагуудын үйл ажиллагаанд шаардагдах зардал зэргийг улсын төсвийн төсөлд тусгасан талаар дурдав.
 Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим системээр нийт 14.4 их наяд төгрөгийн санхүүжих дүн бүхий 1712 төслийн санал хүлээн авснаас холбогдох шалгуур үзүүлэлт, зарчим, бодлогыг харгалзан эрэмбэлж 579 төсөл арга хэмжээнд 3 их наяд 267 тэрбум төгрөгийн төслийг санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан байна.
 Нийт хөрөнгө оруулалтын 67 хувь нь үргэлжлэн хэрэгжих бол 33 хувь нь шинээр хэрэгжих хөрөнгө оруулалт байна. Энэ нь 2022-2023 онд батласан төсвийн тоотой харьцуулахад 2 дахин буурсан үзүүлэлт байна.
Байнгын хорооны гишүүд ажлын хэсгийн гишүүдээс төсвийн төсөлтэй холбоотой асуулт асууж хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав.