Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны аравдугаар сарын 11-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Тус төсөлд бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах талаар хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэх, өршөөл үзүүлэхгүй байх, хорих ялаас хугацаанаас өмнө суллахгүй байх (магадлан), хугацаатай хорих ялын дээд хэмжээг нэмэгдүүлэхээр тусгалаа.
Тухайлбал, бүх насаар хорих ял оногдуулахаар (хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй) зааснаас бусад бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа 20 байгааг 30 жил болгож, хүнийг, бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй, хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгохоор тусгажээ. Эрүүгийн хуульд бага насны хүүхдийн насны хязгаар 14 байгааг төсөлд 16 болгож нэмэгдүүлсэн байна.
0 cэтгэгдэлтэй