Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) -аас хэрэгжүүлж буй Дэлхийн банкны санхүүжилттэй “Экспортыг дэмжих” төслийн хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (ЮНИДО) Монгол Улсад итгэмжлэл, тохирлын үнэлгээний чадавхыг сайжруулах, улмаар хүнс болон хөнгөн үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэхэд техникийн туслалцаа үзүүлж байна. Төслийн хүрээнд ЮНИДО нь 2022 оноос хойш Монгол Улсын үндэсний итгэмжлэлийн төв, Стандарт хэмжил зүйн газар болон бусад тохирлын үнэлгээний байгууллагууд, мөн хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдэд олон улсын чанарын удирдлагын чиглэлээр мэргэжлийн зөвөлгөө өгч төрөл бүрийн чадавхжуулах ажлуудыг хэрэгжүүлж байна.
ЮНИДО-ын олон улсын мэргэжилтнүүд Улаанбаатар хот, Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар, Орхон, Дархан Уул, Төв аймгуудад мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд ISO22000, FSSC22000, HACCP, Halal стандартуудын дагуу мэргэжлийн зөвөлгөө өгөх, Арьс ширний төв лабораторийг ISO17025 стандартын дагуу чадавхжуулах, Халал баталгаажуулалтын (СХГ Баян-Өлгий салбар, Халал Сертф Эжэнси, ММНХолбоо) байгууллагуудыг чадавхжуулах ажлуудыг газар дээр нь хийж хэрэгжүүлж байна.
Тухайлбал НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын Монгол дахь Хөтөлбөрийн зохицуулагч Г. Мөнхболор, Экспортыг дэмжих төслийн олон улсын зөвлөх Ахмед Саад, үндэсний зөвлөх Р. Бумдарь, сургалтын мэргэжилтэн М.Саулегүл нарын бүрэлдэхүүнтэй баг 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга А. Камелият болон албаны хүмүүстэй уулзан ЮНИДО-ын Монгол дахь үйл ажиллагаа, төслийн зорилго, зорилт, цаашдын хамтын ажиллагааны талаар мэдээлэл, санал солилцлоо. Төслийн мэргэжилтнүүд 2023 оны 5-р сарын 12-19-ний өдрүүдэд Баян-Өлгий аймаг дахь Халал баталгаажуулалтын байгууллагуудад мэргэжлийн зөвлөгөөг газар дээр нь өгч, Стандарт хэмжилзүйн газартай хамтран “Халал менежментийн тогтолцооны Ерөнхий шаардлага болон Үйл явцын шаардлага OIC/SMIIC 2:2019 Тохирлын үнэлгээ-Халал баталгаажуулалтыг гүйцэтгэдэг байгууллагад тавих шаардлага” сэдэвт 2 өдрийн сургалт зохион байгууллаа.
Түүнчлэн төслийн хүрээнд ЮНИДО нь олон улсын лаборториудын консорциум байгууллагатай гэрээ хийж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Судалгаа, хөгжлийн төв дэх Арьс ширний төв лабораторийг ISO17025 стандарт шаардлагын дагуу чадавхжуулах, тус лабораторийн бизнес төлөвлөгөө, шинээр суурилуулахаар төлөвлөж буй тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах стандарт ажиллагааны зааварчилгаа боловсруулах ажлыг хэрэгжүүлж байна. 2023 оны 5-р сарын 11-12-ны өдрүүдэд “ISO/IEC 17025:2017 стандартын техникийн шаардлагууд, аргын баталгаажуулалт, хэмжлийн эргэлзээ, чанарын хяналт, тохирлын мэдэгдэл, шийдвэр гаргах дүрэм” олон улсын сургалтыг тус лабораторийн ажилтнуудад зохион байгууллаа.
ISO/IEC 17025 стандартын энэхүү сургалт нь химийн шинжилгээний лабораторид тавигдах техникийн шаардлагын талаар мэдлэг олж авахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Сургалтын явцад аргын баталгаажуулалт, хэмжлийн эргэлзээ, чанарын хяналт (QС), тохирлын мэдэгдэл (SoC), шийдвэр гаргах дүрэм зэрэг сэдвүүдийг авч үзэв. Мөн аналитик химийн статистикийн хэрэглээ, лабораторийн ажилтнууд химийн хэмжлийн статистик шинжилгээнд ашиглах статистикийн үндсэн аргуудтай танилцаж эдгээр аргуудыг Excel™ програм дээр хэрхэн ашиглаж болох талаар танилцууллаа.
Оролцогчид лекц, дадлага ажлаар дамжуулан аргын баталгаажуулалт/баталгаажуулалтын хөтөлбөрийг хэрхэн боловсруулж, хэрэгжүүлэх талаар бодит ойлголттой болов.
0 cэтгэгдэлтэй