Дорнод аймгийн Матад суман дахь Петрочайна дачин Тамсаг ХХК-ийн 19 дүгээр талбай дээр хугацаа нь дууссан, устгах шаардлагатай 32 нэр төрлийн 592 тн орчим устгах шаардлагатай химийн бодис хадгалагдаж байсан талаар БОАЖЯ-наас мэдээллээ. Эдгээр химийн бодисуудыг тус компани 2009 оноос өмнө импортлон оруулж ирсэн бөгөөд хадгалалтын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан ашиглалтын шаардлага хангахгүй аюултай хог хаягдал болсон байжээ.
Харин эдгээр хог хаягдлыг Элемент ХХК химийн бодисын хог хаягдлыг график төлөвлөгөө гарган устгаж эхэлжээ.Тус компани нь аюултай хог хаягдал устгах тусгай зөвшөөрлийг БОАЖЯ-наас авсан аж.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг 2022 оны 07 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллан “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д хэд хэдэн үүрэг хугацаатай даалгавар өгсний нэг нь энэхүү химийн бодисын хог хаягдлыг устгуулах асуудал байсан.
Энэ үүрэг даалгаврын хүрээнд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь Элемент ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж, 2022 оны 11 дүгээр сараас эхлэн Элемент ХХК нь химийн бодисын хог хаягдлыг график төлөвлөгөө гарган устгаж эхэлсэн бөгөөд 2023 оны 03 сарын 28-ны өдрийн байдлаар нийт 32 нэр төрлийн 577 тн аюултай хог хаягдлыг устгалд оруулаад байгаа мэдээллийг тус яаманд ирүүлсэн байна.
Мөн “Петрочайна Дачин Тамсаг” компанийн ус ашиглалттай холбоотой мэдээллийг өглөө. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайд жилдээ 2.6 сая шоо метр куб усыг ашигладаг. Байгалийн нөөцийн тухай хуулийн дагуу тав орчим сая төгрөгийг орон нутгийн төсөвт шилжүүлж ажилладаг.
21 дүгээр талбайд жилдээ 1.6 сая шоо метр куб усыг ашигладаг бөгөөд 3.5 орчим тэрбум төгрөгийг ус ашигласны төлбөрт ногдуулдаг. Тус компанийн 19 дүгээр талбайд ус ашиглалтын нэг цооногийг хууль бусаар өрөмдсөн байсанд зохих арга хэмжээг авсан. 70 гаруй гүний худгаас ус олборлодог. Уг олборлолтод тоолуурыг баталгаажуулсан бөгөөд сери дугаар зөрсөн, лац хөдөлгөсөн зөрчил гараагүй. Усны тухай хуулиар усны тоолуурыг баталгаажуулсан байх ёстой.
0 cэтгэгдэлтэй