Стандартыг хамгаалагчид байгаарай

newslifemn 2023-03-30

Чөлөөт сэтгүүлч Н.Уранзаяа

“Бид аюулгүй байдлаа хангахгүйгээр хөгжилд хүрч чадахгүй, хөгжихгүйгээр аюулгүй байх аргагүй. Харин хүний эрхийг хүндэтгэхгүйгээр бид эдгээрийн алиныг нь ч бий болгож чадахгүй”

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун

…Би өдийд дээд сургуулиа төгсөөд ажил хөдөлмөр эрхэлчихсэн, аав ээждээ туслаад баяр болгоныг тэдэнтэйгээ өнгөрөөх байлаа. Магадгүй урлагийн хүн болоод гадаад дотоодод нэртэй уран бүтээлч ч болчихсон байж магадгүй л юм. Яагаад гэвэл би шүлэг бичих туйлын дуртай хүүхэд байсан. Дуулж, бүжиглэхдээ ч давгүйд тооцогддог байлаа. Одоо би сайн санадаггүй юм, их л олон юм мөрөөдөж эгчтэйгээ төсөөлдөг байснаа санаад байна. Гэвч одоо надад тэр бүхэн ямар ч хэрэггүй болсон. Хөөрхий ээжийгээ намайг санаж өдийг болтол зовж байгааг харах үнэхээр хэцүү байдаг. Аав, ээж, эгч гээд тэдэнтэйгээ уулзах боломж гардаг бол миний төлөө ингэтлээ битгий шаналж зовооч гэж хэлмээр байх юм. Даанч тийм боломж байхгүй. Аргагүй шүү дээ тэд маань ид дэгэж дэрвэж явсан 12 настай охиноо хариуцлагагүй хүмүүсийн буруугаас болж дэндүү харамсалтай, дэндүү хэрцгийгээр яг нүдэн дээрээ алдсан юм чинь гашуудахгүй гээд ч яахав. Өнөөдөр би амьд байсан бол 23 настай, магадгүй ээж болчихсон жаргалтай амьдарч байх байлаа.

Хэрвээ тэр бичиж чадах байсан бол ингэж л бичих байсан болов уу. Тэр бол 11 жилийн өмнө сургуулиасаа тараад ээж, эгчтэйгээ хөтлөлцөн 3-р эмнэлгийн баруун талд явган хүний гарцаар гарч явахдаа зуурмаг шахагч кранд даруулж газар дээрээ нас барсан охин. Юу болоод байгааг ойлгож ухаарч чадахгүй айж, бачуурсан хөөрхий ээж нь охиныгоо тойроод …Би одоо яах юм бэ… гээд л орилоод гүйгээд байсан гэж тухайн үед үйл явдлыг харсан гэрч мэдүүлсэн байдаг. Энэ харамсалтай үйл явдал уг гэр бүлийн амьдралыг үндсээр нь өөрчилсөн нь ойлгомжтой.

2012 оны есдүгээр сарын гуравны өдөр 3-р эмнэлгийн баруун талд байрлах “Од хийморь”, “Буянт” гэх хувийн эмнэлгүүдийн дунд байрлах хэсэгхэн зайнд “МҮДИ” ХХК-ын захиалгаар “Төгс гүрэн” ХХК-ийн гүйцэтгэж байсан 10 давхар орон сууцны барилга угсралтын ажлын үеэр цемент зуурагч машины 4 тулгуурыг буруу байрлуулснаас зуурмагийн машин бэхэлгээ шонгоо дийлэлгүй урагшаа унахдаа авто зам дээр явж байсан жижиг тэрэгний хамар дээр унаж, харин хошуу нь гарцаар явж байсан 12 настай охин дээр унаж амь насыг нь бүрэлгэсэн харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед НМХГ-ын Барилга техникийн хяналтын улсын байцаагч Л.Батхүүгийн www.time.mn (Эх сурвалж: time.mn/4sD.html) сайтад өгсөн тодруулганд …Энэ компани барилга угсралтын зөвшөөрөл аваагүй. Манай байцаагч нарыг ээлжийн амралтыг далимдуулаад оройн цагаар ажиллаж байжээ… хэмээн ярьсан байдаг.

Энэ бол дүрэм журмаа биелүүлээгүй, хамгийн гол нь стандартаа дагаж мөрдөөгүйн улмаас хүний амь нас хохирсон олон олон тохиолдлуудын ердөө нэг нь. 2005-2013 онд барилгын салбарт нийт 581 удаагийн үйлдвэрлэлийн осол гарснаас 246 хүн амиа алджээ. (https://gogo.mn/r/kojll) Харин сүүлийн жилүүдэд буюу 2019 онд 324, 2020 онд 345, 2021 онд 254 хүн үйлдвэрлэлийн осолд өртсөнөөс 30 хувь нь барилгын салбарт тохиолдсон байна. Үүнээс цар тахлын зогсонги үед 2020 онд 10, 2021 онд 6 хүн амь насаа алджээ. (https://zuv.mn/n/ucf) 2022 онд 395 хүн үйлдвэрлэлийн осолд өртөж 57 хүн нас барсан байх юм. (Үндэсний Статистикийн хорооны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны мэдээнээс) Энэхүү статистик тоо баримтаас харахад үйлдвэрлэлийн осол жил ирэх тусам өссөн үзүүлэлттэй байна. Мэдээж өнгөрсөн хугацаанд холбогдох төрийн байгууллагууд стандартыг дагаж мөрдүүлэх олон арван бодлогын баримт бичиг гаргаж, олон ч ажил зохион байгуулсан байх. Гэвч үр дүн нь дээрх тоо.

Стандартыг буюу ямар нэг бүтээгдэхүүний хэм хэмжээг зохих журмын дагуу сонирхогч талууд харилцан зөвшилцөж боловсруулдаг байна. Харин түүнийг нь эрх бүхий төрийн байгууллага баталдаг. Олон Улсын Стандартжуулалтын байгууллага ч гэж байдаг. Түүнийг бидний мэддэгээр ISO гэж нэрлэдэг юм билээ л дээ. Энэ байгууллага ОУ-ын стандартын байгууллагуудын нэгдэл бөгөөд бүх салбарын ОУ-ын стандартыг боловсруулдаг байна. Гэхдээ нэг сонирхолтой зүйл нь эдний үйл ажиллагааны хүрээнд цахилгаан, электроник ордоггүй, тусдаа байгууллага боловсруулдаг аж. 2023 оны 01 сарын байдлаар монгол улсад нийт 6510 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагаас барилгын салбарын 638 стандарт бий. (2023.02.16-ны өдрийн Стандарт хэмжил зүйн газрын мэдээлэл)

Гэхдээ би стандартыг ард түмэн тогтооно гэж хэлмээр санагддаг. Яагаад гэвэл стандарт гэдэг өөрөө бидний сайн сайхан, аюулгүй амьдралын баталгаа. Тэгэхээр түүнийг хэрэгжүүлж мөрдүүлэхийн тулд аль нэг төрийн албан хаагч биш үнэндээ бид өөрсдөө сайн дурын гал улаан хамгаалагчид байх ёстой юм. Тэгээд ч бид олуулаа шүү дээ. Жишээ нь надад нэг ийм юм тохиолдсон.

Би тийм ч нийгмийн идэвхтэй хүн биш. Гэвч 2010 онд шинэ байранд ороход манай байрны СӨХ маш муу ажиллагаатай, бараг ажилладаггүй хэр нь мөнгө хураадаг байсан болохоор би бүх оршин суугчдын хурлыг зохион байгуулсан юм. Учир нь манай хотхоныг барьсан “Сайхан Булган” компани олон асуудалтай байсан тул байруудаа бушуухан шиг хүлээлгэж өгөхийн тулд хажуугийн СӨХ-ын өвгөнтэй тохиролцоод өгчихөж. Тиймээс би хуулийн дагуу СӨХ байгуулж, ая тухтай орчинд амьдрахыг хүссэн хэрэг. Хурал боллоо, тэгсэн …Чи мэддэгээрээ СӨХ-ын гүйцэтгэх захирал болчих гээд намайг томилчихов. Хурал хавар болсон, гэтэл би 7 сард нь төрөх гээд тогоо шиг том гэдэстэй амьтан. Дээр нь тэр чиглэлээр ямар ч мэдлэггүй болохоор мэдэхгүй, чадахгүй юм зөндөө. Зарга үүсгэж, судлах, хөөцөлдөх ажил ч их, хийж тохижуулмаар юм ч мундахгүй. Түүний нэг нь барилгын компанитайгаа хийх зарга байлаа. 33, 34 гээд хоёрхон орон сууцтай хотхоны барилгуудад дэндүү олон хууль бус зүйл байсан болохоор заргалдахгүй байх ч боломжгүй байсан. Барилга угсралт, орчны газар, тохижилт үйлчилгээ, мкв-ын зөрүү, граж гээд олон асуудал байсны нэг нь 33 дугаар байрны хонгилд бүх шугам сүлжээний хаалтууд, цахилгааны шийдийг байрлуулсан хэр нь түүнээ СӨХ-д хүлээлгэж өгөлгүй янз бүрийн үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд түрээслэчихсэн. Орон сууцны зориулалттай байрны хонгилд бүр угаалгын газар ажиллана. Байсхийгээд л сан бөглөрнө, бохир халина, цахилгаан тасрана. ХҮТ-д дуудлага өгөөд засварчид ирэхээр түлхүүр байхгүй нэвтэрч чадахгүй бөөн юм болно. Ингээд холбогдох газруудад нь өргөдөл гомдол өглөө, 33 дугаар байрны хонгилд НМХГ-ын хоёр ч улсын байцаагчийн ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарлаа. Оршин суугчдынхаа гарын үсгийг олон ч удаа цуглуулсан даа. Ингэж тэмцэж, тэмцэж гурван жилийн дараа 2013 онд ашгүй нэг юм “Сайхан Булган” компанийн барилга угсралтын зөвшөөрлийг түр цуцлуулж дөнгөсөн. Гэтэл тухайн үеийн БГД-ийн 6-р хорооны Засаг дарга гэнэт нэг өдөр бүх оршин суугчдын хурал зарлаад “Сайхан Булган” компанийн нэг төлөөллийг миний оронд тавьчихсан. Одооны манай оршин суугчид үнэндээ нийгмийн ямар ч идэвхгүй, хариуцлагагүй амьдардаг юм байна гэдгийг би тэгэхэд л ойлгосон. Уг нь би залхтал хаалгыг нь тогшиж тэгэж их гарын үсэг зуруулсан байхад тэднийг мэдэхийн дээдээр мэднэ гэж хэрэндээ додигор сууж байсан минь талаар болсон. Гэвч миний хувьд  үнэхээр амар болж, хэл амтай ажлаа шилжүүлээд эрх чөлөөтэй болсон явдал байлаа. Нөхөр, хүүхдүүд баярлаж байна гэж хязгааргүй. Үнэндээ шөнө ч тухтай унтуулдаггүй байсан л даа, би ус алдуулчихсан аятай аягладаг оршин суугчид цөөнгүй. Гадна хэл ам яах вэ гэхэд өөрийн оршин суугчдаас ирэх ялих ялихгүй хэл ам нь дийлддэггүй байсан болохоор ажлаа өгч санаа амарсан. Удалгүй “Сайхан Булган” компани 40 машины граж гэж төлөвлөж байсан анхны зураг төслөө өөрчлөн манай хотхоны голд 12 давхар 60 айлын орон сууцыг ганцхан зун бариад дуусгачихсан юм. Гэхдээ тэмцлийн үр дүн байсаан, бас нэг барилга барих гэж байсан газарт нь сүүлд тоглоомын талбай барьж чадсан.

Харин 33 дугаар байрны хонгилыг өнгөрсөн онд буюу 2022 онд шинээр оёдлын цех байгуулж байгаа н.Пүрэвсүрэн гэх хувь хүнд зарсан байсан. Өнөөх нь авсан даруйдаа манай байрны гадна пасаднаас шууд үүдэндээ шилэн өргөтгөл бариад эхэлдэг байгаа. Дээр нь угаалгын газар энэ тэр түрээслээд чийгшил явагдаад ан цав гараад, суулт өгчихсөн хонгилыг нурааж өрөмдөөд хэдэн сар засвар хийлээ. Муугаар ярихад 38 айлын орон байр, өмч хөрөнгө эрсдэлд орлоо шүү. СӨХ-доо хэллээ, уулзаад тохирчихсон гэнэ. Ядаж байхад би яг тэр 33 дугаар байрных нь хоёр давхарын оршин суугч. Ингээд л дахиад тэмцлээ эхэлсэн. Харин энэ удаа төрийн бус байгууллагын төлөөлөл биш, оршин суугч хувь хүнийхээ өмнөөс гомдол гаргалаа. 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр НМХГ-т /хуучнаар/ … өгсөн гомдлын минь хариуг 9 сард н.Болор-Эрдэнэ гэдэг Байгал орчны улсын байцаагч   …СӨХ мэднэ гэсэн тас хөндлөн утгатай өгөв. Гэтэл тэр чинь Нийтийн эзэмшлийн газар буюу төрийн мэдлийн газарт хууль бусаар барилга байгууламж барьчихаад байгаа юм шүү дээ. Харин хонгилын бүрэн бүтэн байдалд улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэд маань хэн ч ямар ч хариу өгөөгүй байсаар байгууллага нь татан буугдчихлаа.  

Инээдтэй, түүх давтагдаад байгаа ч юм шиг. Энэ удаа би бас л нийтийн эрх ашгийн төлөө өнөө маргаашгүй болчихсон том гэдэстэй заргалдаж явсан. Зарга маань дүүргийн газрын албанаас эхлээд одоогоор НМХГ-т хүрээд зогсчихсон байна. Учир нь НМХГ татан буугдсан, би ч төрлөө. Гэхдээ би энэ заргаа зогсоохгүй, иргэний үүргээ биелүүлнэ.

Хэрэв иргэн бүр дүрэм журам, стандартыг хэрэгжүүлэхийн төлөө дугардаг, түүнийг хамгаалдаг, хууль бус зүйлийг илчилдэг хариуцлагатай, ухамсартай иргэн байвал миний эх орон хөгжинө гэдэгт би итгэдэг. Тиймээс хүн бүр боломжийнхоо хирээр стандартыг хамгаалагч байгаарай.

No description available.