АН: Д.Бат-Эрдэнэ гишүүнийг зохион байгуулалттайгаар харлуулах ажиллагаа явагдаж байна

newslifemn 2023-03-27

АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр бүлгийн гишүүд байр сууриа хүргэлээ.

Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Жижиг “Тавантолгой” 51 хувь нь орон нутгийн өмчид байдаг, 49 хувь нь олон нийтийн өмчид байдаг, хөрөнгийн бирж дээр 3000 гаруй хувьцаа эзэмшигчтэй байдаг. Гэтэл энэ компанийн нэгээхэн хэсгийн хувьцааг эзэмшдэг гэдэг шалтгаанаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг гишүүнээс түтгэлзүүлэх гишүүдийн нэрс дотор оруулжээ.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэтэй хамт нэр нь орж ирсэн гишүүд өнгөрсөн хугацаанд ямар бизнес эрхэлж байсан юм бэ. Харин Д.Бат-Эрдэнэ гишүүний  хувьд 1990 оноос хойш бизнес эрхэлж байсан хүн. Тиймээс хөрөнгийн бирж дээр нээлттэй байгаа компанийн хувьцааг эзэмшдэг хүний нэрийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэхээр оруулж ирсэн асуудлыг гайхаж, харамсаж байна.

Шударга ёс тогтоох нэрийн дор олон асуудлыг хавчуулж сөрөг хүчнээ бусармаг үйл ажиллагаатайгаа холбох, хэлмэгдүүлэх гэж байгаа үйл ажиллагаа байгаа юм биш биз гэж хардаж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Монгол Улсын ажилгүйдэл ядуурал, бүтэлгүйтлийн хамгийн гол шалтгаан бол төрийн өмчид нүүрлэсэн хулгай, дээрэм. ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, төмөр замын хулгай гэх мэт олон хулгайн асуудал төрийн өмчит компани дээр цүнх баригчдаа тавьснаас үүдэлтэй. Гэтэл өнөөдөр энэ асуудлаа шийдэж чадахгүй бие биедээ барьцаалагдсан. Тэд энэ асуудалдаа сөрөг хүчний нэг гишүүнийг барьцаалах замаар олон нийтэд Ардчилсан нам ч энэ хулгайд хамааралтай гэх байдлаар асуудалд хандаж байгаад харамсаж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Би Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын даргаар ажиллаж байгаа. Д.Бат-Эрдэнэ гишүүнийг хоёрхон удаа дуудаж мэдүүлэг авсан байдаг. Тиймээс энэ асуудлыг нарийн судлаад үзэхээр эхлээд нэг хэрэг тохоод түүнээс цааш хэргүүдийн тоог нэмэх замаар хонгил үүсгэж байна. Тийм учраас үүнийг бид эсэргүүцэж байна. Шударгаар шалгуулах асуудлыг дэмжиж байна. 

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “..Бүх асуудалд нээттэй хандаж, шалгуулахад бэлэн. Хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд ямар нэгэн саад тотгор учруулахгүй” гэдгээ илэрхийлсэн. Тийм учраас бид ийм саналтай байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Зохион байгуулалттайгаар харлуулах ажиллагаа явагдаж байгааг та бүхэн анзаарсан байх.  Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ бүрэн эрхээ авч үлдэхийн тулд гишүүдэд тэрбум тэрбум төгрөг тарааж байна гэх мэт үндэслэлгүй, утгагүй мэдээлэл тараасан. Энэ бол олон нийтийн санаа бодолд нөлөөлөх гэсэн, зохион байгуулалттай сэжиг бүхий зүйл ажиглагдсан.