Манай улсын нас баралтыг амьсгалын замын халдварт өвчин, уушигний хатгалгаа тэргүүлсээр байна. Үүнд агаарын бохирдол ихээр нөлөөлж байгаа билээ. Улаанбаатар хотын агаарын бохирдлын төвшин нь ДЭМБ-ын удирдамжийн аюулгүйн хязгаарыг давсан байдаг. IQAir-ийн 2019 оны тайланд Улаанбаатар нь нийслэл хотууд дундаас 3 дахь хамгийн их агаарын бохирдолтой хот гэж нэрлэгдсэн билээ. Агаарын бохирдол нь хүний биеийн амьсгал, зүрх судас, мэдрэл, нөхөн үржихүй зэрэг олон эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг. Ялангуяа жирэмсэн эхийн ураг, тав хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндэд хамгийн сөрөг нөлөөтэй юм. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдолд хүүхэд илүү өртдөг.
Хүүхдүүд амьсгалын замын цочмог халдвар, бронхитын улмаас хүйтний улиралд эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлж, энэ нь цаашлаад сэтгэцийн эрүүл мэндэд ч нөлөөлж байгааг судалгаагаар гаргасан байдаг.
0-5 хүртэлх хүүхдийн нас баралтын 33 хувийг амьсгалын замын доод замын цочмог халдвар, насанд хүрэгчдийн нийт нас баралтын 19 хувь уушигний архаг бөглөрөл, 27 хувь нь зүрхний шигдээс, 24 хувь нь уушигний хавдар, 42 хувь нь харвалт өвчин байдаг харамсалтай мэдээ байна. Эдгээр өвчлөлд агаарын бохирдол ихээхэн нөлөөтэй.
Агаарын бохирдолтой цаг үед үүсдэг амьсгалын замын өвчлөлийн тоо сүүлийн арван жилд буураагүй. Зонхилон тохиолдох өвчлөлийн тоогоор нэгдүгээрт орж байна. Тиймээс бид үр хүүхдээ, өөрсдийгөө хэрхэн хамгаалах арга замд суралцах зайлшгүй шаардлагатай болжээ. Ингэхийн тулд гэр орондоо цахилгаан халаагуур тавьсан нь үр дүнтэй байгаа талаар Анагаах ухааны доктор, Эрүүл ахуй, хор судлалын лаборторийн захирал Д.Нарансүх хэлж байна. Утаагүй халаагуур айл өрхөд борлуулснаар гэр оронд агаарын тоосонцорын хэмжээ 30 орчим хувиар буурсан дүн гарсан байна.
0 cэтгэгдэлтэй