АШУҮИС-ийн “Инновац, шинэ технологи, оюуны өмчийн өдөрлөг-2026” амжилттай зохион байгуулагдлаа

newslifemn 2026-11-24

Дэлхийн шинжлэх ухааны өдөр, Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны өдөр болон Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль үүсгэн байгуулагдсаны 85 жилийн ойн хүрээнд АШУҮИС-ийн Шинжлэх ухаан, технологи, инновацын газраас уламжлал болгон зохион байгуулдаг “Инновац, шинэ технологи, оюуны өмчийн өдөрлөг” 2026 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Өдөрлөгийн хүрээнд АШУҮИС-ийн бүрэлдэхүүн, салбар сургуулиуд, эмнэлэг, хүрээлэнгүүд мөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдэд 2025–2026 онд нэвтрүүлсэн инновац, шинэ дэвшилтэт технологийг танилцуулж, хамтын ажиллагаа, туршлага солилцох илтгэл, хэлэлцүүлэг болон инновацын бүтээгдэхүүн, аж үйлдвэрийн оюуны өмчийн бүтээлүүд, шинэ эм, эмийн бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулсан үзэсгэлэн зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн өдөрлөгт АШУҮИС-ийн багш, эмч, судлаачаар тогтохгүй МУИС, ШУТИС болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдээс зочин илтгэгчид оролцож, шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлээр хэрэгжүүлж буй шинэ санаачилга, судалгааны үр дүн, практик туршлагаа хуваалцсан юм.
Мөн Оюуны өмчийн газрын Шинэ бүтээл, ашигтай загварын ахлах шинжээч Б.Оргилмаа багш, судлаачдад оюуны өмчийн мэдүүлэг гаргах, мэдүүлэх үйл ажиллагааны талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүллээ.
Энэ жилийн өдөрлөгийн онцлох үйл явдал нь АШУҮИС-ийн хэмжээнд анх удаа багш, судлаачдын оюуны бүтээлийг үнэлж, “Оюуны өмчийн шилдэг бүтээл” шалгаруулсан явдал байлаа. Энэхүү санаачилга нь их сургуулийн судалгааны үр дүнг шинэ бүтээл, патент болгон хамгаалах үйл ажиллагааг дэмжих, багш, судлаачдын бүтээлч хөдөлмөрийг үнэлж, урамшуулах шинэ уламжлалын эхлэл болж байгаагаараа онцлог юм. “Оюуны өмчийн шилдэг бүтээл”-ээр Г.Энхжаргал, Д.Түмэнжаргал, Н.Туул нарын судалгааны багийн туурвисан “Хар тугалганы агууламжийг бууруулах идэвх бүхий Bacillus thuringiensis SUB12233956 MN01 нутгийн омог” шинэ бүтээл шалгарлаа.
Өдөрлөгийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан “ДЕНК ФАРМ”, “ОМБОЛ” ХХК, “ЭМЭДЮС” ХХК, “ДОМЧ” брэндийн эм ханган нийлүүлэх байгууллагууд илтгэгч, багш, судлаачдад гарын бэлэг гардуулж, арга хэмжээг дэмжин ажиллалаа.
Ийнхүү “Инновац, шинэ технологи, оюуны өмчийн өдөрлөг-2026” нь АШУҮИС-ийн инновац, судалгааны ололт, шинэ технологийг танилцуулж, туршлага солилцохын зэрэгцээ салбарын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, цаашдын хамтарсан судалгаа, инновацын хөгжлийг дэмжих ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.