Хууль батлагдаж, утааг хориглолоо. Харин хамаарлыг яах вэ

newslifemn 3 цагийн өмнө

Тамхи татахад хэдхэн минут хангалттай. Харин түүний төлөөсийг бүх насаараа төлдөг. Жил бүр дэлхий даяар найман сая гаруй хүний амь насыг авч оддог тамхины утаа Монголын ирээдүй болсон хүүхэд, залуусын эрүүл мэндэд ч заналхийлж байна.

Мэдээж нэг  ширхэг тамхи хүнийг шууд үхэлд хүргэхгүй. Тиймээс л хүмүүс тайван татдаг. Өнөөдөр татлаа, маргааш дахиад татна. Өвдөөгүй байгаа учраас өөрийгөө эрүүл гэж бодно. Гэвч тамхины хор хөнөөл хүний биед чимээгүйхэн хуримтлагдсаар, нэг л өдөр амьсгал, зүрх, уушгиар нь дамжин өөрийгөө мэдрүүлдэг.

Монгол Улсад жил бүр ойролцоогоор 4,300 хүн тамхины хэрэглээний улмаас амиа алдаж байна. Энэ бол зүгээр нэг статистик биш. Энэ тооны цаана хайртай хүнээ алдсан гэр бүл, аавыгаа хүлээсэн хүүхэд, үр хүүхдээ өсгөж чадаагүй эцэг эх бий.

Тэгвэл бид тамхины хор хөнөөлийг үнэхээр ойлгож байна уу? Эсвэл утаа замхрах бүрд аюул нь ч бас алга болчихдог гэж эндүүрсээр байна уу?

    Тамхи таныг алах хүртэл та өвдөхгүй байж мэднэ

   Тамхи бол хортой, аюултай гэж чих дөжиртөл хэлсээр тоохоо больсон байх. Насаараа л тамхи татсан хүн зүгээр л байна шүү дээ гэж хариулах хүн ч гарч мэднэ. Гэхдээ таны өвдсөн өвчлөл бүрт тамхи нөлөөлдөг гэвэл итгэх үү.

Тамхины утаанд 7,000 гаруй төрлийн химийн нэгдэл агуулагддаг бөгөөд тэдгээрийн дор хаяж 69 нь хавдар үүсгэх чадвартай. Никотин, нүүрстөрөгчийн дутуу исэл, давирхай болон бусад хорт бодис нь зөвхөн уушгийг гэмтээгээд зогсохгүй хүний биеийн олон эрхтэн, тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг.

Уушгины хавдар, зүрхний шигдээс, тархины харвалт, уушгины архаг бөглөрөлт өвчин гээд амь насанд аюултай олон өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүн тамхи татах бүрдээ зөвхөн уушгиа бус, бүх бие махбодоо эрсдэлд оруулж байдаг гэсэн үг.

Хамгийн ноцтой нь тамхины хор хөнөөл зөвхөн түүнийг татаж буй хүнд хамаарахгүй. Нэг хүн тамхи асаахад хажууд нь байгаа хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан, гэр бүлийнхэн нь хүртэл дам тамхидалтад өртдөг.

Өөрөөр хэлбэл, тамхи татах эсэх нь хувь хүний сонголт байж болох ч бусдын амьсгалах агаарыг хордуулах эрх хэнд ч байхгүй. Та өөртөө хайргүй байж болох ч хажуудах хайртай хүмүүсээ хайрла.

Бас нэг санаа зовоосон асуудал бол насанд хүрэгчдийн хэрэглээнээс ч илүү хүүхэд, өсвөр үеийнхний дундах электрон тамхины хэрэглээ болж байна. Ядаж байхад электрон тамхийг дагалдаад аймшигтай мэдээлэл чих дэлсэх боллоо.

Электрон тамхиар дамжуулж хар тамхинд донтуулж байна

      Амттай, өнгөлөг савлагаатай, жимс жимсгэний үнэртэй, утаа нь арай өөр харагддаг залуусын гангараа болсон электрон тамхи буюу вейпэнд хар тамхи нуугдаж байгаа талаар Хууль зүйн сайд, УИХ-ын гишүүн, хууль тогтоох байгууллагын хүмүүс ч хэлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар хэвлэл мэдээллийн хэрэгслээр вейп бүтээгдэхүүнд хар тамхины төрлийн бодис агуулагдаж буй талаар өөрийн үзсэн зүйлээ дурдсан. Энэ бол шалгаж нягтлах шаардлагатай ноцтой мэдэгдэл юм.

Гоё өнгө, үнэрийн цаана ямар том эрсдэл нуугдаж байгааг бид хангалттай ярьж байна уу? Электрон тамхины олон бүтээгдэхүүнд никотин агуулдаг. Никотин нь хүчтэй донтуулах үйлчилгээтэй бөгөөд өсвөр насныхны тархины хөгжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэдгийг олон судлаачид гаргасан байдаг.

Сонирхол байсан зүйл хамаарал болж, хамаарал нь салж чадахгүй зуршил болно. Энэ бол маш аюулын харанга.

Тамхинаас гарах хэцүү. Гэхдээ боломжгүй биш

      Тамхины хор уршгийг мэддэг хэр нь татсаар байдаг хүмүүсийг хараад “Өөрийнхөө эрүүл мэндийг бодохгүй юм” гэж шүүмжлэх хүн олон. Гэхдээ никотины хамаарал гэдэг зүгээр нэг муу зуршил биш. Энэ нь тархины урамшууллын тогтолцоонд нөлөөлдөг донтуулах шинжтэй хамаарал юм.

Тиймээс тамхинаас гарахыг хүссэн хүн бүр шууд гаргаж чаддаггүй. Зарим нь хэд хэдэн удаа оролдож байж амжилтад хүрдэг. Заримд нь эмчийн зөвлөгөө, сэтгэлзүйн дэмжлэг, никотин орлуулах эмчилгээ шаардлагатай болдог.

Гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй. Тамхинаас гарахад хэзээ ч оройтдоггүй.

ДЭМБ-ын мэдээллээр тамхинаас гарснаас хойш 20 минутын дотор зүрхний цохилт буурч эхэлдэг. 12 цагийн дараа цусан дахь нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээ хэвийн түвшинд хүрдэг. Хэдэн долоо хоног, сарын дараа цусны эргэлт болон уушгины үйл ажиллагаа сайжирч эхэлнэ. Харин урт хугацаанд зүрх судасны өвчин, зарим төрлийн хавдрын эрсдэл мэдэгдэхүйц буурдаг.

Энэ бол итгэл найдварын тухай баримт юм. Өнөөдөр тамхиа хаясан хүн өнгөрсөн хугацаандаа татсан бүх тамхиа буцааж чадахгүй ч ирээдүйд татах байсан хэдэн мянган ширхэг тамхинаас өөрийгөө чөлөөлж чадна.

Бид утаагаа агаарт үлээгээд мартдаг байж болох ч тэр утааг амьсгалсан уушги мартаж чаддаггүй юм.

Хууль батлагдлаа. Харин утаа арилах уу?

     УИХ Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр боллоо.

Уг өөрчлөлтөөр электрон тамхи, халаадаг тамхи болон никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүний зохицуулалтыг боловсронгуй болгох, амт, үнэрт хязгаарлалт тогтоох, онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлэх, хяналт, хариуцлагыг чангатгах зэрэг асуудлыг тусгажээ.

Энэ бол тамхины хэрэглээг бууруулах, ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхнийг никотины хамаарлаас хамгаалах чиглэлд хийж буй чухал алхам мөн.

Гэхдээ хууль батлагдлаа гээд маргаашнаас тамхины утаа алга болохгүй. Вейп хэрэглэдэг хүүхдүүд бүгд хэрэглээгээ зогсоохгүй. Хууль бус худалдаа, никотины хамаарал нэг л өдөр үгүй болохгүй.

Тиймээс одоо хамгийн чухал нь хуулийн хэрэгжилт.

Хүүхдэдээ тамхи татаж болохгүй гэж хэлчихээд гэрийнхээ гадаа тамхи татдаг, эрүүл мэндээ хамгаал гэж захичхаад өөрөө вейп хэрэглэдэг бол бидний үг ямар үнэ цэнтэй байх вэ?

Хүүхдүүд бидний хэлснийг бус, хийж байгааг илүү сайн харж, дуурайдаг. Тиймээс тамхигүй ирээдүйг зөвхөн төр, хууль сахиулах байгууллага, эмнэлгийн салбарынхан бүтээхгүй. Энэ бол гэр бүл, сургууль, ажлын байр, иргэн бүрийн оролцоотойгоор бий болох нийгмийн өөрчлөлт юм.