Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийн дэргэдэх Био-Анагаахын хүрээлэн байгуулагдсаны 5 жилийн ой тохиож, энэ хүрээнд ойн баярын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Ойн арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, АУ-ы доктор, профессор Н.Хүрэлбаатар, АШУҮИС-ийн ректор, АУ-ы доктор, профессор Б.Дамдиндорж нар оролцож, хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач, нийт хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар мэндчилгээндээ судалгааны их сургуулийн эрхэм зорилго нь мэдлэгийг үеэс үед өвлүүлэхийн зэрэгцээ шинэ мэдлэг бүтээхэд оршдогийг онцлоод, үндэсний эрүүл мэндийн бодлого, ген, эс, эдийн эмчилгээ, удмын сан, био-нөөцийн судалгаанд тус хүрээлэнгийн гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж буйг тэмдэглэлээ.
Харин АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж био-анагаахын шинжлэх ухаан нь суурь судалгааг эмнэлзүйн практиктай холбох стратегийн ач холбогдолтой салбар болохыг дурдаж, цаашид судалгааны дэд бүтэц, хүний нөөц, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд их сургуулийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.
Таван жилийн ололт, амжилт:
Тус хүрээлэн нь 2020 оны 12 дугаар сард судалгааны их сургуулийн зорилтын хүрээнд эрдэмтэн, судлаачдын нөөц, лаборатори, тоног төхөөрөмжийг нэгтгэн, салбар дундын судалгааг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан түүхтэй. 2021 онд таван лаборатори, хоёр төвтэйгөөр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр зургаан лаборатори, гурван төв бүхий судалгааны цогцолбор болон өргөжжээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд:Олон улсын 13 төсөл хэрэгжүүлж, Япон Улсын Засгийн газрын SATREPS хөтөлбөрийг эрүүл мэндийн салбарт анх удаа бие даан хэрэгжүүлэхээр шалгарсан.Олон улсын мэргэжлийн сэтгүүлд 56 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн.Тус хүрээлэнгийн лаборатори, судалгааны орчинд түшиглэн бакалаврын 106, магистрын 24, докторын 23 судалгааны ажлыг гүйцэтгэж, эрдэм шинжилгээний хүний нөөцийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.
Олон улсын болон салбар дундын эрдэм шинжилгээний хурал:
Хурлын үеэр Био-Анагаахын хүрээлэн, Био-Анагаахын сургуулийн захирал, профессор Ч.Баттогтох “Хамтдаа бүтээсэн таван жил” сэдэвт баярын илтгэл тавьсан бол гадаад, дотоодын нэр хүндтэй эрдэмтэд дараах сэдвүүдээр судалгааны үр дүнгээ хэлэлцүүлэв.
Япон Улсын Токүшима Их Сургуулийн профессор Такааки Кома: “Гепатит делта вирусийн халдварыг хянах SATREPS төсөл ба оношилгооны дэвшил”
БНСУ-ын Дэгү Хаани Их Сургуулийн профессор Ан Чанг Гын: “АШУҮИС, Био-Анагаахын Хүрээлэн, Дэгү Хаани Их Сургуулийн хамтын ажиллагаа”
БНХАУ-ын Гуангши Их Сургуулийн профессор Лей Зоу: “Митохондрийн кальцийн гомеостаз: Элэгний өөхлөлт үүсэх молекул механизм”
Беларус Улсын ШУА-ийн Био-Органик химийн хүрээлэнгийн профессор Ольга Грибовскаяа:
Пептид болон нийлэг аргаар гарган авсан фрагментийн чихрийн шижингийн эсрэг идэвхийн харьцуулсан судалгаа
Дархан-Уул ХААИС-ийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн дэд профессор П.Ганхуяг: “Хөдөө аж ахуй ба био-анагаах ухаан: Хамтын ажиллагааны боломж”
ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн академич Д.Сангаа: “Соронзон наноматериал: Биоанагаахын хамтарсан судалгаа”
Хурлын төгсгөлд эрдэмтэн судлаачид салбар дундын судалгааг хөгжүүлэх боломж, шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлснээр ойн арга хэмжээ амжилттай өндөрлөлөө.

0 cэтгэгдэлтэй