Бид Г.Занданшатарт ямар өртэй юм бэ?

newslifemn 34 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч суудлаа өгөхтэй зэрэгцээд дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сураг гарч, таамаглалууд хөвөрч эхэллээ.  Таамаглалын тэргүүн эгнээнд Гомбожавын Занданшатар гэх нэр тодоос тод дуулдаж байна.

Нэгэн үе УИХ-ын даргаар ажиллаж, дараа нь Ерөнхий сайдын сэнтийд заларч байсан түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойж эхэлсэн гэнэ. Гэтэл энэ мэдээ олон нийтэд таалагдсангүй.  “Ард түмнээс мандат авч чадаагүй хүн яаж улс орны эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох вэ?” гэх асуулт нийгэмд хүчтэй тавигдаж эхлэв.

Сонгуулийн шүүлтүүрийг давж, УИХ-ын гишүүнээр сонгогдож чадаагүй атлаа Ерөнхий сайдын сэнтийд заларсан нь багадаж, одоо бүр Монгол Улсын Ерөнхийлөгч болохоор зүтгэж байгаа нь улс төрийн ёс зүй, зарчмын хувьд хэр зүй ёсны вэ. Үнэхээр хачирхалтай дүр зураг.

Ард түмэн сонгуулиар “Үгүй” гэж хэлээд байхад, намынх нь бүлэглэлүүд “Тийм” гэж зүтгүүлээд төрийн өндөрлөгүүдэд ээлж дараалан зүтгүүлээд байдаг нь ямар учиртай вэ? Эсвэл бид Г.Занданшатарт өртэй юм уу.

Ерөнхийлөгч гэдэг бол зөвхөн нэг намын, эсвэл хэсэг бүлэглэлийн эрх ашгийг хамгаалагч биш. Энэ бол нийт ард түмнийг төлөөлөх, үндэсний эв нэгдлийг хангах хариуцлагатай алба. Энэ суудалд суух хүн “арын хаалга”-аар бус, ард түмний бодит итгэл сэтгэлээр гарч ирэх ёстой.