Төв аймагт 640 хүүхдийн суудалтай математик, байгалийн ухааны төрөлжсөн ахлах сургууль үүдээ нээлээ

newslifemn 8 цагийн өмнө

2026–2027 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас улсын хэмжээнд шинээр 11 төрөлжсөн ахлах сургууль үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Үүний нэг нь Төв аймгийн төвд байгуулагдаж байгаа математик, байгалийн ухааны чиглэлийн “Эрдэмт ирээдүй” сургууль юм.
640 хүүхдийн суудалтай тус сургууль нь бага, дунд, ахлах боловсролыг нэгтгэсэн цогцолбор хэлбэрээр байгуулагдаж буйгаараа онцлог. Ингэснээр хүүхэд бага боловсролоос ахлах анги хүртэл нэг орчинд тасралтгүй суралцахын зэрэгцээ ахлах ангиасаа өөрийн сонирхол, авьяас, ирээдүйн мэргэжлийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцах боломжтой болж байна.
ТӨРӨЛЖСӨН АХЛАХ СУРГУУЛЬ – ХҮҮХЭД БҮРИЙН СОНИРХОЛ, АВЬЯАСЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
Ахлах боловсролын шинэчлэлийн хүрээнд олон улсын хөтөлбөртэй, их, дээд сургуулийн харьяа болон сонгон судлах хичээлээр төрөлжсөн ахлах сургуулиудыг хөгжүүлж байна.
Энэ нь сурагчдад өөрийн сонирхол, авьяас, цаашид эзэмших мэргэжилдээ нийцүүлэн хичээлээ сонгож, ахлах ангиасаа гүнзгийрүүлэн суралцах боломж олгох юм. Цаашлаад их, дээд сургуульд элсэн суралцах бэлтгэлээ эртнээс хангаж, олон улсын 2+2, 3+1 зэрэг хөтөлбөрөөр үргэлжлүүлэн суралцах боломжийг ч нээж байна.
ХҮҮХЭД БҮР ЛАБОРАТОРИД АЖИЛЛАЖ, МЭДЛЭГЭЭ ТУРШИЛТААР БАТАТГАНА
Математик, байгалийн ухааны чиглэлийн сургалтын хамгийн чухал онцлог бол онолын мэдлэгийг практиктай хослуулах явдал. Тиймээс “Эрдэмт ирээдүй” сургуулийн хими, физик, байгалийн ухааны лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг хэрэгжүүлж байна.
Ингэснээр сурагч бүр лабораторид биечлэн ажиллаж, туршилт, судалгаа хийх, сурсан мэдлэгээ бодит ажил хэрэг болгох нөхцөл бүрдэнэ. Мөн 11, 12 дугаар ангийн сурагчдад зориулсан ухаалаг кабинет байгуулж, сургалтын орчныг шинэчилж байна.
ТӨВ АЙМАГ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ, ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЖ БАЙНА
Төв аймгийн 14 суманд англи хэлний сургалтын чанарыг сайжруулах зорилгоор Филиппин улсын 13 багш ажиллаж, сургуулийн үндсэн багш нартай хамтран хичээл зааж байна. Түүнчлэн 400 орчим хүүхдийг зуны сургалтад хамруулж, Кембрижийн хөтөлбөрт суурилсан англи хэлний тэнхим байгуулжээ.
СУРАЛЦАХ ТЭГШ БОЛОМЖ, ХҮРТЭЭМЖТЭЙ ОРЧИН
Сургуулийн дотуур байрны асуудлыг шийдвэрлэж, 200 автомашины зогсоол бүхий дэд бүтцийг байгуулсан байна. Мөн хөгжлийн ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүд суралцах боломжтой, хүртээмжтэй орчныг бүрдүүлжээ.
Боловсролын чанар, хүртээмжийг зөвхөн нийслэлээр хязгаарлаж болохгүй. Хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамааран өөрийн сонирхол, авьяас чадвараа нээж, хөгжүүлэх, ирээдүйн мэргэжлээ сонгоход нь дэмжлэг үзүүлэх чанартай боловсролыг орон нутагт хүргэх нь бидний зорилго.
Төрөлжсөн ахлах сургуулиудыг хөгжүүлснээр хүүхэд бүрд өөрийн хүсэл, зорилгод нийцсэн боловсрол эзэмших сонголтыг нэмэгдүүлж, орон нутгийн боловсролын чанар, хүртээмжийг ахиулна.
“Эрдэмт ирээдүй” сургуулийн хамт олон, анхны сурагчдадаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!