Бэлчээрийн мал аж ахуй нь Монгол Улсын эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, уламжлалт нүүдлийн соёл, байгаль орчны тогтвортой байдлын үндэс суурь хэвээр байна. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол, эдийн засаг, нийгэм, хүн ам зүйн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр малчдын амьжиргаа, уламжлалт мэдлэгийн өвлөн уламжлал, салбарын тогтвортой хөгжилд томоохон сорилт тулгарч байна. Ялангуяа залуу үеийн мал аж ахуй эрхлэх сонирхол буурч, малчдын залгамж халаа тасалдах эрсдэл нэмэгдэж байгаа нь бодлогын түвшинд анхаарал хандуулах шаардлагатай асуудал болоод байна.
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн бага хурлын зорилго нь бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжил болон малчдын залгамж халааг бэлтгэх асуудлыг шинжлэх ухаан, бодлого, үйлдвэрлэлийн уялдаа холбооны хүрээнд хэлэлцэж, тулгамдсан асуудал, боломжит шийдлийг тодорхойлох, бүс нутгийн сайн туршлагыг хуваалцах, бодлогын болон практик зөвлөмж боловсруулахад оршино.
Уг бага хурлыг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд Монгол улсын ХХААХҮЯ, Монгол Улсын ШУА-ийн харьяа ХАА-н ШУА, БНХАУ-ын Өвөр Монголын ХААИС, НҮБ-ийн ХХАА-н байгууллага, Бүгд Найрамдах Казахстан Улсын Казахын Үндэсний хөдөө аж ахуйн судалгааны их сургууль, Монгол улсын ХААИС санаачлан хамтран зохион байгуулж байна.
Энэхүү олон улсын бага хуралд бэлчээрийн мал аж ахуй олон мянган жилийн турш эрхэлж ирсэн улс орнууд болох Монгол Улс, БНХАУ, Бүгд найрамдах Казакстан улсын эрдэмтэн судлаачид, малчид, олон улсын байгууллага, гадаадын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчид, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож малчид, мал аж ахуй эрхлэгчдийн өмнө тулгамдсан асуудлууд түүний дотор малчдын залгамж халааг бэлтгэхэд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх үр дүнтэй арга зам, механизмын талаар хэлэлцэж, туршлагаа хуваалцаж байгаа нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ болж байна.

0 cэтгэгдэлтэй