Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир өнөөдөр /2026.08.22/ БНХАУ-ын Үндэсний Ой, Бэлчээрийн Газрын дэд захирал Жан Лиминээр ахлуулсан төлөөлөгчидтэй уулзаж, Монгол-Хятадын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төв байгуулах ажлын явц, ойн салбарын хамтын ажиллагаа, биологийн олон янз байдлыг хамгаалах болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын эхэнд сайд Ц.Сандаг-Очир байгаль орчин, ой, бэлчээр, биологийн олон янз байдлыг хамгаалах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр Монгол Улсын найдвартай түнш байсаар ирсэн БНХАУ-ын талд талархал илэрхийллээ.
Тэрбээр цөлжилт, газрын доройтол, шороон шуурга, ой, хээрийн түймэр болон биологийн олон янз байдлын хомсдол зэрэг сорилт нь хил хязгаар үл харгалзан нөлөөлдөг тул эдгээрийг хамтын хүчээр шийдвэрлэх нь хоёр улсын нийтлэг зорилго гэдгийг онцлов.
Мөн биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр хоёр талын хамтын ажиллагаа өргөжиж байгааг тэмдэглэлээ.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д 2022 онд хийсэн төрийн дээд хэмжээний айлчлалын үеэр цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар чухал тохиролцоонд хүрсэн нь өнөөдөр бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгааг цохон тэмдэглэв.
Цаашид хуурай бүсийн ойжуулалт, хамгаалалтын ойн зурвас байгуулах чиглэлээр хамтран ажиллах, ус хэмнэх технологи нэвтрүүлэх, ойн мониторинг хийх, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа сайд Ц.Сандаг-Очир илэрхийллээ.
БНХАУ-ын Үндэсний Ой, Бэлчээрийн Газрын дэд захирал Жан Лимин Монгол, Хятад улс ойн менежментийг сайжруулах зорилгоор 2008 онд санамж бичиг байгуулж, 2016 онд шинэчлэн баталсан талаар дурдлаа. Мөн COP17 хурлын үр дүнд байгаль орчин, ой, бэлчээр, биологийн олон янз байдлыг хамгаалах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хоёр талын хамтын ажиллагаа улам өргөжиж, шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
БНХАУ-ын Засгийн газар Монгол-Хятадын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төвийн барилга байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг боловсруулах ажлыг эрчимжүүлж байгаа бөгөөд цаашид ой, хээрийн түймрийн эрсдэлийн удирдлагыг боловсронгуй болгох, харилцан сайн туршлага солилцох, ойн хөнөөлт шавж, өвчний мониторинг хийх, хамтарсан судалгаа хэрэгжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

0 cэтгэгдэлтэй