Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлэн өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” I, II одон гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Тус ёслолын хүрээнд Дундговь аймгийн нийт 130 ээж “Эхийн алдар” одонгоор шагнагдан, төрийн дээд шагналаа гардан авлаа. Одон, медалийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Мөнхчулуун, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ц.Хүрэлбаатар, П.Түвшин, Ж.Зоригтбаатар нар гардуулан өгч, шагнагдсан ээжүүдэд баяр хүргэлээ.
“Эхийн алдар” одон нь үр хүүхдээ энэрэн хайрлаж, зөв хүн болгон төлөвшүүлэн, гэр бүл, нийгмийн өмнө хүлээсэн эх хүний эрхэм үүргийг нэр төртэй биелүүлж буй ээжүүдийн хөдөлмөр, хичээл зүтгэлийг төрөөс үнэлж буйн илэрхийлэл юм.
Эх орныхоо ирээдүй болсон үр хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй нийт ээжүүддээ баяр хүргэж, “Эхийн алдар” одонгоор шагнагдсан ээжүүд болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

0 cэтгэгдэлтэй