Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр сургуулийн 150 хүүхдийн шинэ дотуур байрны барилгын ажил улсын төсвийн 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эхэллээ.
Тус барилгын зураг төслийг 2024 онд “Аслаан” ХХК боловсруулсан бөгөөд барилгын ажлыг “Онон бридж” ХХК улсын төсвийн 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэнэ. Дотуур байрны барилгыг 2027 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулжээ.
Тус сургуулийн одоогоор ашиглаж буй дотуур байр нь 1987 онд баригдсан, 15 тасагтай бөгөөд энэ хичээлийн жилд Төв аймгийн 7 сумын 60 гаруй сурагч амьдарч байна.
Барилга хуучирч дулаан алдагдал их, хана болон цонх чийгтэж хөлөрдөг, өвөл цонх цантаж хөлддөг, хавар дээврээс ус гоождог зэрэг хүндрэлтэй нөхцөлд сурагчид амьдарч байгааг багш, сурагчид хэлж байна.
Сургуулийн захиргаа эцэг, эхчүүдтэй хамтран боломжийнхоо хэрээр тордож, засварлаж ирсэн боловч нэгэнт хуучирсан барилгад урсгал засвар хийх нь үр дүнгүй болсон байна. Тус барилга ашиглалтад орсноос хойш их засвар огт хийгээгүй бөгөөд энэ онд их засвар хийхэд 484.3 сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.
Шинэ дотуур байр ашиглалтад орсноор сурагчид аюулгүй, тав тухтай орчинд амьдарч, суралцах боломж бүрдэх юм.

0 cэтгэгдэлтэй