Төв аймгийн иргэд “Алхангаа ярилцъя” арга хэмжээг зохион байгууллаа

newslifemn 2026-05-22

Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн санаачилгаар, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдийг идэвхтэй хөдөлгөөн, амьдралын зөв дадал, хэвшилд уриалж, эрүүл мэндийг дэмжих зорилгоор “АЛХАНГАА ЯРИЛЦЪЯ” арга хэмжээг өнөөдөр өглөө 06:00 цагт Мөнх-Алдарын талбайгаас эхлэн, өртөөчлөн зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд “Монголын Явган алхалтын холбоо”-ны тэргүүн Б.Болор-Эрдэнэ урилгаар оролцож “Алхалтын ач тус”-ын талаар мэдээлэл хүргэлээ.
Өглөөний алхалт “АЛХАЖ ЭХЭЛЦГЭЭЕ” өртөө буюу Мөнх-Алдарын талбайд дасгал бие халаалтын дасгал хийснээр эхэлж, “ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨРТӨӨ”-өөр өртөөчлөн хүчилтөрөгчийн коктейлоор дайлуулж, аймгийн “Эрүүл мэндийн газар”-аас зохион байгуулсан зөвлөгөө, мэдээлэлтэй танилцаж, сонирхолтой асуултад хариулж бяцхан гарын бэлгээр шагнуулав.
Үүний дараа “МАНЗУШИР ӨРТӨӨ”-нд хүрэлцэн ирж өөрийн бэлтгэсэн өглөөний цай болон “Фургон кофе”-ны амтат кофе, “Төв аймгийн явган алхагчдын холбоо”-ны гишүүдийн бэлтгэсэн хачиртай талхаар цайлав.
Төгсгөлд нь “Open mic” үйл ажиллагааг зохион байгуулж, авьяаслаг оролцогчдын дуу, шүлгээр энэ өдрийн алхалт өндөрлөлөө.
Цаашид батлагдсан хуваарийн дагуу 7 хоног бүр төрийн болон төрийн бус байгууллага, спортын холбоод өөрсдийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд алхангаа сурталчлан таниулах, иргэдийн асуултад хариулах ажлыг тогтмол зохион байгуулах юм.