Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны 65 дахь жилийн өдрүүд үргэлжилж байна. Найрамдлын өдрүүдийн хүрээнд Дундговь аймагт Орос хэл, соёлын баяр, “Та Орос улс болон Орос хэлийг хэр сайн мэдэх вэ?” уралдааны ялагчид болон оролцогч нарт шагнал гардуулах ёслол боллоо.
Үйл ажиллагааг Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухаан, соёлын төв, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, Дундговь аймгийн захиргаа хамтран зохион байгуулж дэмжин ажиллалаа.
Тодруулбал, ОХУ-ын ЭСЯ, Оросын олон улсын хамтын ажиллагааны байгууллага, тус байгууллагын төлөөлөгч, хатагтай В.В.Кильпякова тэргүүтэй төлөөлөгчид Дундговь аймагт зочилж, “Та Орос улс болон Орос хэлийг хэр сайн мэдэх вэ?” уралдаан болон Орос хэлний олимпиадын ялагч сурагч хүүхдүүдэд ОХУ-д суралцах тэтгэлэгт хөтөлбөрийн болон олон улсын хүүхдийн “Артека” зусланд амрах, түүнчлэн Кремлийн сүлд модны наадамд оролцох эрхийн бичгийг тус тус гардуулсан юм.
Дундговь аймагт болсон Орос хэлний олимпиадад Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр зэрэг говийн бүсийн 4 аймгийн сурагч хүүхдүүд оролцож, Мандалговь хотын “Цэгц билэг” сургуулийн сурагч Л.Дашринчен, “Хүмүүнлэг” сургуулийн сурагч М.Хулан нар ОХУ-д суралцах тэтгэлгийн эздээр тодорсон юм.
Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оросын хэлний шилдэг сурагч, багш нарт тусгай мөнгөн шагнал гардуулж, амжилт хүслээ. Тэрбээр Монгол-Оросын хооронд хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Оросын төлөөлөгчид аймгийн Засаг даргын Тамгын газарт аймгийн удирдлагатай хоёр талын боловсрол, соёл, аялал жуулчлал, байгаль орчны салбарт хамтран ажиллах талаар санал солилцон уулзсан юм. Мөн Дундговь аймаг дахь хүүхдийн “Ид шидийн орон”-д Орос хэлний танхимыг нээх, хүүхэд багачуудын сургалтын орчныг өргөжүүлэх талаар ярилцлаа.

0 cэтгэгдэлтэй