Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд цэргийн үлээвэр хөгжмийн иж бүрэн зэмсгийг гардуулан өгөв

newslifemn 2025-11-14

Батлан хамгаалахын сайд аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах, аймаг, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Зэвсэгт хүчний нэгтгэл ангиудын үйл ажиллагааг дэмжих хүрээнд Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд цэргийн үлээвэр хөгжмийн иж бүрэн зэмсгийн хөрөнгийг шийдвэрлэсэн бөгөөд өнөөдөр гардуулан өглөө.
Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл нь эх орныхоо батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ орон нутгийн хөгжил, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулсаар байгаа билээ.
Шинэ хөгжмийн зэмсэг гардуулах үйл ажиллагааны үеэр 016 дугаар нэгтгэлийн захирагч, хурандаа Ж.Мөнхбаяр “Цэргийн хөгжим бол цэргийн сахилга, ёс суртахуун, эх оронч сэтгэлгээний бэлгэ тэмдэг юм. Зэмсэг бүрийн дуу авиа эх орны минь төлөө зүтгэж буй цэргүүдийн урам зориг, бахархлыг илэрхийлэх болно.
Цэргийн хөгжим нь цэргийн алба хаагчдын урам зориг, эх оронч сэтгэл, нэгэн зорилготой байх мэдрэмжийг төрүүлдэг ач холбогдолтой бөгөөд энэхүү хөгжмийн зэмсгийг арчилж, бүтээлчээр ашиглан цэргийн албан хаагчдын соёл гэгээрэл, эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно” гэлээ.