О.Цэрэндондог: Энэ онд 14 сая тонн нүүрс экспортолсноос 2.6 сая тонныг биржээр,  үлдсэнийг нь урт хугацаат гэрээгээр борлуулсан

newslifemn 2025-08-4

“Эрдэнэс Тавантолгой” ХК  нүүрсийг шууд гэрээгээр зарах хуулийн гарц судалж эхэлсэн байна гэсэн мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор тус компаниас мэдээлэл хийв. 
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ий борлуулалт маркетинг тээврийн газрын дарга О.Цэрэндондог: “Эрдэнэс Тавантолгой” ХК төрийн өмчийн компанийн хувьд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасны дагуу зөвхөн биржээр нүүрсээ арилжаалдаг. 2023 оны хоёрдугаар сараас хойш зөвхөн биржээр арилжаалсан. Зөвхөн Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор “China Energy” групптэй 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр нүүрс худалдаалах урт хугацаат гэрээг байгуулсан. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 10.3 дахь заалтын дагуу хийгдсэн гэрээ байгаа. Энэ гэрээ нь Уул уурхайн Биржийн тухай хуулийн 3-р бүлгийн 10-р зүйлийн 10.3-т “Стратегийн орд эзэмшигч төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотой Монгол УИХ-ын шийдвэрийн дагуу нүүрсийг харилцан ашигтай, тогтвортой, урт хугацаанд худалдах гэрээг байгуулахад энэ хуулийн 10.2 дахь хэсэг хамаарахгүй.” гэж заасан байдаг. Бусад тохиолдолд зөвхөн биржээр борлуулж байгааг хариуцлагатайгаар мэдэгдье.
-Тэгвэл нүүрсийг нууц гэрээгээр “шууд” зарах хуулийн гарц хайж эхэлсэн гэсэн мэдээлэл хаанаас, ямар шалтгаантай гарсан юм бол?
-Иймэрхүү хууль сахиулах байгууллагуудад залилангийн шинж чанартай асуудлууд шалгагддаг гэж ойлгосон. Манай компанийн тухайд бол зөвхөн биржээр арилжаална гэдгээ худалдан авагч компанид илэрхийлдэг. Манай компаний зүгээс ийм мэдээлэл гарсан гэж үзэхгүй байна.
Биржийн тухай хууль батлагдсанаас хойш хичнээн хэмжээний нүүрсийг шууд гэрээгээр борлуулсан юм бэ?
-2025 оны эхний долоон сарын байдлаар нийт 14 сая тонн нүүрс экспортолсон. Үүнээс 2.6 сая тонныг биржээр,  үлдсэнийг нь урт хугацаат гэрээгээр борлуулсан. Биржийн арилжааны тухайд оны эхний зургаан сард нийт 85 удаа биржийн арилжааг Монголын хөрөнгийн биржид зарласнаас 20 нь амжилттай болж нийт 1.3 сая тонн нүүрс арилжаалсан. Үүний дүн 95.5 сая ам.доллар болж байна. 2025 оны долдугаар сард нийт 19 арилжаа зарласнаас 16 нь амжилттай болж 1 сая 24 мянган тонн нүүрс амжилттай арилжаалаад байна. Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний биржийн арилжаа илүү амжилттай болж байгаа үзүүлэлттэй байна.
-Сүүлийн мэдээллээр нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унасан. Одоо өсөх магадлалтай юу. Танай зүгээс ашигтай ажиллах таамаглал байгаа юу?
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ий  нүүрсэн бүтээгдэхүүн Монгол-Хятадын хилийн Гашуунсухайт-Ганц мод болон Ханги-Мандалын чиглэлд нүүрсээ борлуулж байна. Манай нүүрсний гол хэрэглэгч бол 100 хувь БНХАУ. Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ буурсан учраас үнээ тухайн зах зээлийн үнээр тооцоолж боловсруулж гаргадаг. Онцгой дэглэм тогтоосноос хойш бид хүргэж өгөх нүүрснийхээ хүргэлтийн хугацаан дээр анхаарч, худалдан авагчтайгаа илүү нээлттэй, ил тод ажиллаж чадсанаар худалдан авагчдын идэвхийг сэргээж байна. Худалдан авагчдын сонирхол нэмэгдсэнээр долдугаар сард нүүрсний арилжаанууд амжилттай боллоо гэж дүгнэж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон үед яаж ажиллах ёстой вэ. Онцгой дэглэм тогтоогдсон үед бүх гэрээ нууцад орно гэж хардах үндэслэл их байгаа?
-Би “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Борлуулалт маркетинг тээврийн газрын даргаар ажилладаг. Над дээр нууц гэрээ байгуулъя гэсэн чиглэл үүрэг зааварчилгаа ирээгүй. Зөвхөн Биржээр дамжуулж цахимаар арилжих, үйл ажиллагаагаа сайжруулах чиглэлд анхааран ажиллаж байна.
Нүүрсний арилжааг долоо, долоо хоногоор төлөвлөөд явж байна. Энэ сарын 11-14-ны хооронд бид нэг сая тн нүүрс Биржээр арилжаалахаар төлөвлөн ажиллаж байна.