
Бид хариуцлагатай уул уурхайн ойлголтыг дараагийн шатанд буюу олон улсын түвшинд гаргахыг зорьж, энэ ажил анх эхэлсэн.
-Асуудлаа дотооддоо ярьж, глобал зах зээл дээр байгаа гэдгээ мартаж болохгүй-
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяатай ярилцлаа. Дэлхийн улс орнууд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нэгдсэн нэг стандарттай болох гэж байна. Монгол Улс ч олон улстай хөл нийлүүлэн, дэлхийн стандартыг Монголд нутагшуулахад хувь нэмрээ оруулан Канадын уул уурхайн ассоциацийн “Тогтвортой уул уурхайн төлөө” стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байгааг Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа онцолсон юм. Монголын уул уурхайн салбарыг олон улсын эрдэс баялгийн салбартай нэг хэлээр ойлголцох чухал алхам ийнхүү тавигджээ.
-Монголын уул уурхайн үндэсний ассоциаци 30 жилийн түүхтэй. Үүнээс сүүлийн 3 жил нь Таны ахалсан баг ассоциацийг удирдан ажиллалаа. Энэ хугацаанд яг ямар өөрчлөлтийг салбарын хэмжээнд гаргахыг зорив?
-Ярихад гурван жил гэдэг бага юм шиг сонсогдож байгаа боловч хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэхэд бид энэ хугацаанд чамгүй ажил амжуулчихсан байна. Анх ажлаа авсныхаа дараа байгууллагынхаа түүхэн замналыг харж үзэхэд ассоциацийн хөгжил дэвшил нь яг л салбарынхаа хөгжлийн үе шаттай уялдаж явж ирсэн байгаа юм. Орчин цагийн уул уурхайн салбарын үүсэж хөгжсөн 100 жилийн хугацааны хувьд 1990 оноос өмнөх 70 жилд социалист нийгэм, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, тэр үед төлөвлөгөө, гүйцэтгэл бүтээмжид илүү төвлөрдөг байж. Уул уурхайн салбар хэчнээн шоо метрийг олборлоод хэдийг боловсруулсан нь чухал байсан бөгөөд одоогийнх шиг байгаль орчин, нийгэм, засаглалын талаар ойлголт байгаагүй. Харин сүүлийн 30 жилийн тухайд ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засагт шилжсэнээр энэ салбарт гуравдагч орны хөрөнгө оруулалт орж ирснээр байгаль орчин, нийгэм засаглал гэх хариуцлагатай уул уурхайн асуудлууд эрчимтэйгээр яригдаж хэрэгжиж эхэлсэн, салбарын шилжилтийн, мөн хөгжлийн нэг шинэ үе байсан гэж харагддаг.
Энэ сүүлийн 30 жилийн 22 жилд нь би уул уурхайн салбартай холбогдон ажиллаж байна. Энэ бүх хугацаанд салбарын өсөлт, бууралтыг хамт туулсан хүний хувьд бид салбарын өнгөрсөн хийгээд өнөөгийн нөхцөл байдлыг сайтар бодож дүгнээд, дараагийн алхмаа тодорхойлох ёстой юм байна гэж харсан. Хөгжлийн үе шатанд мэдээж алдаа ч байна, оноо ч байна. Энэ бүхнээс суралцаад цааш явж байна. Нөгөө талдаа бид 200 жилийн түүхтэй Австрали, Канадын уул уурхайн салбарын хэмжээнд хүрч, олон улсын стандартыг ярьдаг болчихсон гэхээр үсрэнгүй хөгжлөөр явчихсан ололттой тал бас байгаа юм. Орчин цагийн уул уурхай гэж их яриад байгаа боловч тус салбар нь одоо яг ямар үзэл баримтлалтай байх ёстой, засаглалын хувьд ямар өөрчлөлт хийх шаардлагатай байгаагаа харах хэрэгтэй.
Харин сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд шинээр хэрэгжсэн төслүүд маань гаднын, барууны соёлыг оруулж ирж байгаа. Энэ амжилттай явж байгаа бэлэн соёлын моделийг шууд хуулах юм уу, эсвэл бидэнд өөрсдөд тохирсон загвар байх уу гэдгийг бодолцож үзэх цаг нь болсон гэж үзэж байгаа. Өнөөдөр манай салбарт засаглал, менежментийн хувьд маш том ялгаатай төслүүд хэрэгжээд явж байгаа нь бас асуудлуудыг дагуулж байгаа. Ассоциацийн хувьд салбарт тулгамдаж буй олон асуудлуудыг Хууль эрх зүй, байгаль орчин, орон нутгийн харилцаа, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал гэсэн байнга яригддаг энэ 5 асуудал дээрээ л илүү төвлөрөх ёстой юм байна гэж үзсэн. Тиймээс Хариуцлагатай уул уурхайн кодексийн хамрах хүрээг ч яг энэ үндсэн 5 асуудлаар тодорхойлоод, тэдгээрийг шийдвэрлэх тал руу стандартаа чиглүүлсэн.
Ер нь өнгөрсөн хугацаанд ассоциацийн барьсан гол бодлого бол нэгдүгээрт, засаглалын өөрчлөлтийг хийсэн. Төрийн бус байгууллагууд яаж үр дүнтэй ажиллаж болох вэ гэдэгт анхаарсан. Хувийн хэвшлийн загвараар ТУЗ-тэй, гүйцэтгэх захирлын ажлын албатай болсон. ТУЗ нь жилийн төлөвлөгөө, тайлангаа баталж, бодлогоо тодорхойлоод Зөвлөлийн гишүүн нь хэн байхаас үл хамааран салбарын хөгжил дэвшлийн төлөө хамтран ажилладаг. Гүйцэтгэх захирлын ажлын алба бол бүх үйл ажиллагааг удирдаад, чиглүүлээд явж байгаа. Ийм зарчмаар ажиллахаар хурдтай, үр дүн бодитой харагдаж байгаа юм. Ажлын алба гүйцэтгэлээ хангаад явах тэр боломж нөхцөл нь ч бүрдсэн. Нөгөө талдаа салбарын нийтлэг эрх ашиг, урт хугацааны тогтвортой байдлыг хангахад бид дээрх 5 асуудалд илүү төвлөрч, шийдвэрлэх гарц гаргалгааг хайж үйл ажиллагаагаа явуулж байна.
-Төрийн байгууллагууд, оролцогч талуудтай хамтын ажиллагаагаа яаж эн тэнцүү авч явж байна вэ? Төрийн, нийгэм, орон нутаг, одоо холбогдох яам, олон улсын байгууллагуудтай гадаад, дотоод харилцааг хөгжүүлэхэд хэрхэн ажиллав?
-Өнгөрсөн 30 жилээ дүгнэхэд тод ажиглагдсан нэг зүйл нь хариуцлага, аливаа шаардлагыг зөвхөн компаниас л нэхсээр ирсэн байна. Компаниуд бол хариуцлагатай, уул уурхайн шалгуур, хууль эрх зүйн шаардлагыг бүрэн хангадаг болчихсон. Гэтэл нөгөө талд төр, орон нутаг, иргэний нийгэм, олон нийт, улс төрийн намууд гээд салбарын бусад бүх оролцогч тал хариуцлагатай байх ёстой зарчим орхигдсон байна. Бүгд хариуцлагатай, хэлсэн ярьсандаа байж, хамтын ажиллагааг тодорхой хэмжээнд дэмжиж, олон талт энэ харилцааг бэхжүүлж байж салбарын хөгжлийг ярих ёстой юм билээ. Тэгж чадаагүй нь өнөөдрийн өрнөж байгаа үйл явцаар илэрч байна. Нэг тал нь хэт хариуцлагатай, нөгөө тал нь амлалтдаа хүрдэггүй, эсвэл иргэний нийгэм нь төлөвшөөгүй, олон талт харилцаа тэгш биш байна. Ийм нөхцөлд уул уурхайн салбарын хөгжлийг ярих үнэхээр хүнд. Тиймээс Хариуцлагатай уул уурхайн кодекс бол бүх оролцогч талын ашиг сонирхлын яг төв цэгийг тодорхойлох гол үндэс нь юм байна гэж хараад, бид энэ салбарын оролцогч талуудын харилцааг кодексоор зохицуулъя гэж шийдсэн. Бид өмнө нь энэ харилцааг хуулиар зохицуулах гэж үзээд амжилтад хүрээгүй шүү дээ. Олон улсад ч гэсэн энэ салбарын оролцогч талуудын харилцааны асуудлыг сайн дурын кодексийн түвшинд л шийдвэрлээд явдаг юм байна. Тэгэхээр энэ харилцааг илүү ойлгомжтой, ашиг сонирхлыг илүү тодорхой болгоё, энэ нь хэмжигдэхүйц, хүрэхүйц байж, үр дүнгээ хэмждэг байя гэдэгт төвлөрөөд, олон талт харилцааг маш сайн дэмжих чиглэлээр идэвхтэй ажилласан.
-Компаниуд л хариуцлагатай байгаад бусад тал нь үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй орхигдсон гэдэгтэй санал нэг байна. Үүнийг залруулах тийм амар биш байгаа байх, тийм үү?
-Амаргүй хэдий ч бид өөрчлөлт гаргахаар зориод ажиллаж байна. Энэ хүрээнд бид Хариуцлагатай уул уурхайн бүсийн чуулганыг хийж байгааг та бүхэн мэднэ. Олон улсын үзэсгэлэн экспод оролцож, эрдэс баялгийн салбарыг сурталчлах, Засгийн газар, холбогдох яамд, орон нутгийн захиргааны байгууллагууд гээд төрийн зүгээс гаргаж байгаа шийдвэрүүдийг ч тэр, энэ салбарт хэрэгтэй, илүү урт хугацааны, бодлоготой нь уялдаж байгаа зүйл дээр илүү сайн хамтраад, дэмжээд ажилласан. Өөрөөр хэлбэл, бүх оролцогч талуудтай эн тэнцүү ажиллахыг зорьсон. Энэ салбарт 60-70 ТББ байгаа боловч эдгээр төрийн бус байгууллагуудын бэхжих төлөвших процесс их удаан явж байна гэж харсан.
Ардчилсан нийгэмд шилжсэн 30 жилийн хугацаанд ТББ-уудын дуу хоолой хэрэгтэй нь мэдээж. Гэхдээ ашиг сонирхолтой бүлгийн эрх ашгийг төлөөлж дуугарч байгаа төрийн бус байгууллагуудыг төлөвшиж чадсан гэж хэлэхэд хэцүү. Давхардсан үйл ажиллагаанууд явуулдаг, хэрэгтэй зүйл дээр нэгдэн нийлж ажиллахгүй зэрэг олон асуудлууд холбоодын хувьд байгаагаас гадна нөгөө талдаа засаг өөрөө тогтворгүй байна. Засгийн газрын нас 1.5-2 жилд хэлбэлзэж байх хооронд салбарын урт хугацааны тогтвортой байдлыг хадгалахад төрийн бус байгууллагуудын оролцоо уг нь маш өндөр гэж харж байгаа. Үүн дээр манай ассоциаци маш сайн манлайлах ёстой гэж бас харсан. Мэдээж салбартаа хүлээн зөвшөөрөгдөөд, салбараа төлөөлөөд ажиллаж байгаа байгууллагын хувьд төрийн бус байгууллагуудтайгаа ч гэсэн хамтран ажиллахыг эрмэлзэж байгаа. Ийм ч учраас тодорхой ТББ-уудтай хамтын ажиллагааны санамж бичиг зураад үр дүнгүүдээ, гүйцэтгэлээ хянаад явж байна. Цаашдаа ч энэ хамтын ажиллагааг өргөжүүлж, аль болох л олон талт оролцоог дэмжиж, идэвхтэй хамтарч байж салбар хөгжинө гэж үзэж байгаа.
ОЛБОРЛОХ САЛБАР МОНГОЛД Ч БИШ, ДЭЛХИЙ ДАЯАР ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ХӨШҮҮРЭГ НЬ
БОЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ…
-Хамгийн гол нөлөө бүхий оролцогч бол төр өөрөө. Энэ оролцогчийн хувьд та ямар байр суурь илэрхийлэх вэ?
-30 жилийн хөгжил дэвшил гэдэг бол хүний амьдралын нэг том цикль. Манай улсын хувьд ч нийгэмд шилжилтийн үйл явц өрнөж байна шүү дээ. Тэгэхээр энэ 30 жилийн хугацааг бид дүгнээд, эдийн засгийн өсөлтөд уул уурхайн салбар хэрхэн нөлөөлж байгааг нийтээрээ ойлгох хэрэгтэй. Олборлох салбар дан ганц Монголд ч биш, дэлхий даяар эдийн засгийн гол хөшүүрэг нь болж байна шүү дээ. Энэ салбарын процесс, үр дүн нь урт хугацаандаа гардаг учраас хамгийн гол нь хууль эрх зүйн орчин тогтвортой байх ёстой. Хэрэв санаж байгаа бол бид 30/30 гээд олон нийтэд боловсрол олгох мэдээллүүд түгээж байсан. Хэрэв зөв бодлогоор явбал 30 жил бол өндөр хөгжих боломжтой хугацаа. Бодлого нь буруу байвал хөгжиж байсан улс хүртэл 30 жилийн дотор Венесуэл шиг болдгийг бид дэлхий нийтээрээ харж байна. Олборлох салбарын өгөөжийг хүртээд хурдацтай хөгжиж байгаа Арабын нэгдсэн улсуудын жишээнээс хараад бид алдаа оноогоо дүгнэж, дараагийн 30 жилийнхээ бодлогыг тодорхойлох ёстой.
“Алсын хараа 2050” гээд урт хугацааны бодлогоо гаргачихсан л бол тэр лүүгээ аль аль тал нь тэмүүлэх ёстой. Энэ бол УИХ-аар баталсан төрийн бодлогын баримт бичиг шүү дээ. Тиймээс аль болох хэрэгжилтийг нь хангуулахад үе үеийн Засгийн газрын бодлого чиглэх учиртай гэж ойлгож байгаа. Тэр баримт бичиг дээр чинь уул уурхайг хариуцлагатай болгохоор дэмжинэ, олборлолтоос боловсруулалт руу л гээд байгаа шүү дээ. Тэгэхээр кодексийн гол санаа нь ч энэ юм. Хариуцлагатай гэдгийг бид аливаа нэг шалгуур үзүүлэлтээр гаргах ёстой. Түүнээс би өөрийгөө хариуцлагатай иргэн гээд тодорхойлж болохгүй. Тэр шалгуур үзүүлэлтүүдийг яг л олон улсын жишгээр тавина. Тийм ч учраас бид энэ стандартыг боловсруулаад салбартаа хүлээн зөвшөөрүүлээд хэрэгжүүлээд дараагийн ахисан шатны стандартыг нэвтрүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
-Та бол МУУҮА-ийн анхны эмэгтэй захирал. Өмнө нь дандаа эрэгтэй удирдлагууд байсан. Мөн Та уул уурхайн салбар дахь жендерийн мэдрэмж, эмэгтэйчүүдийн оролцооны талаар ямар бодолтой байна вэ?
-Сүүлийн үед уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо ажилтнуудын дунд ч, удирдах түвшинд ч тасралтгүй өсөн нэмэгдэж байна. Жендерийн ямар нэгэн ялгаагүйгээр салбарын хөгжилд оролцож байна. Би анх 22 жилийн өмнө ажлын байранд гарч байхад эмэгтэйчүүд маш цөөхөн, захиргаа, хүний нөөц гэх мэт тодорхой хэдэн ажлын байранд л ажилладаг байсан. Сүүлийн 30 жилийн нэг ололт амжилт бол засаглал өөрчлөгдөн байгаль орчин, нийгэм, засаглал гээд барууны хэв соёл уул уурхайн салбарт орж ирснээр эмэгтэй ажилчдын үүрэг оролцоо нэмэгдэх боломжийг өгсөн. Том том техникүүдийг эмэгтэйчүүд хөдөлгөж байна. Энэ бол томоохон өөрчлөлт. Түүнчлэн технологийн дэвшилтэй холбоотой автомат удирдлагын систем дээр эмэгтэйчүүд олноор ажиллах боломж нээгдсэн. Монгол Улсын хувьд энэ үзүүлэлтээр олон улсын дунджаас давж, уул уурхайн салбарын нийт ажиллах хүчний 30-аас дээш хувийг эмэгтэйчүүд эзэлж буй.
Хүнд үйлдвэрийн салбарт маш олон эмэгтэй сүүлийн 20 гаруй жилд бэлтгэгдэж орж ирсэн байна. Удирдлагын түвшинд ч тэр. Тэгэхээр уул уурхайн салбарыг зөвхөн олборлолт, бүтээмжээр бодох нь өнөөдөр өрөөсгөл болсон. Бүтээмжийг бид технологийн дэвшлээр өсгөж болж байна. Харин байгаль орчин, нийгэм, засаглал гээд маш уян хатан, мэдрэмжтэй байх, цаг үеэ мэдэрч ажиллах шаардлагатай болсон. Дээр ярьсанчлан салбарт явагдаж байгаа өөрчлөлтийн үйл явцыг дагаад хөрөнгө оруулалтаас эцсийн бүтээгдэхүүнээ борлуулах хүртэл тэр бүх үе шатуудад хариуцлагатай байх шаардлагыг олон улсын хөрөнгө оруулагчид, эцсийн бүтээгдэхүүн худалдан авагч нар шаардлага тавьчихаж байгаа юм.
Өмнө нь төслүүд тусгай зөвшөөрлөө аваад, хууль эрх зүйн шаардлагаа бүрэн хангаад орон нутаг, олон нийттэйгээ учраа олдог байсан бол одоо дараалал эсрэгээрээ болчихсон. Энэ орон зайд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо маш өндөр болж ирж байна, Олон улсад үндэстэн дамнасан корпорацууд ч гэсэн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны менежерүүд гээд удирдлагын түвшинд эмэгтэйчүүд орж ажиллаж байна. Тэгэхээр орчин үеийн салбарын манлайлал, засаглал маань эмэгтэйчүүдийн орон зайг ийнхүү нэмэгдүүлж байгаа юм. Нөгөө талдаа технологийн дэвшил энэ орон зайг бүр их нэмэгдүүлж буй. Хүнд үйлдвэрийн салбар амаргүй шүү дээ.
Уурхай дээр 24/7 ажилладаг, гэр орноосоо хол гээд хүмүүсийн ярьдаг шиг тийм амархан салбар бас биш. Зорьсон хүн нь тодорхой мэргэжил эзэмшээд, төгсөөд, тэр ур чадвараа ашиглаж энэ бизнесийг босгодог салбар. Технологийн дэвшлээс хамаараад зарим ажлын байр байхгүй болж байгаа ч нөгөө талд нь илүү нарийн мэргэжлийн шинэ ажлын байрууд бий болж байгаа юм. Тиймээс илүү олон эмэгтэйчүүд орж ирнэ гэж харж байгаа. Энэ ч утгаараа уул уурхайн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүд маань өнөөдөр тийм ч амар замыг туулж энд хүрээгүй, бүгдээрээ л гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ байх хугацаагаа ажилдаа зарцуулж хийж гүйцэтгэдэг. Иймээс хүнд хэцүү нөхцөлд сэтгэлийн хаттай, эрчүүдтэй эн зэрэгцээд, ажиллаж байгаа ч шантраад, гомдоллоод, итгэл найдвараа алдалгүй урагшилсаар байдаг энэ бүх эмэгтэйчүүдээрээ бахархахгүй байхын аргагүй. Түүнчлэн өнөөдөр аливаа асуудлыг зөвхөн хүч чадлаар биш, уян хатан, эвийг нь олж эмзэг, харилцааны асуудлууд дээр эмэгтэйчүүдийн байгалиас заяагдсан мэдрэмж, олон ажлыг зэрэг амжуулдаг зэрэг давуу талууд илүү ач холбогдолтой болж байна гэж хараад байгаа.
-Эмэгтэйчүүдийн энэ ач холбогдлыг та илүү тодотгож өгөөч? Ялангуяа, манай улсын уул уурхайн салбарт хамгийн хүнд асуудал болоод байгаа олон талын харилцаан дээр ахиц дэвшил гарч байна уу?
-Мэдээж энэ салбарт эрчүүдийн үүрэг оролцоо чухал байр суурийг эзэлсэн хэвээр л байгаа. Харин эмэгтэйчүүдийн хувьд олон талт харилцаан дээр илүү үр дүнтэй ажиллаж байгаа гэж харагдаж байгаа. Анхаарах ёстой нэг зүйл бол бид глобал маркет дээр ажиллаж байгаа хүмүүс шүү дээ. Уул уурхай гэдэг чинь зөвхөн Монголдоо үйлдвэрлээд, Монголдоо худалдах гэж байгаа бүтээгдэхүүн биш. Экспортын хамгийн гол бүтээгдэхүүн уул уурхайн салбараас гарч байгаа. Бүх зүйл гаднаас, хөрөнгө оруулалт нь ч гаднаас хамааралтай бөгөөд эргээд бид гадагшаа л борлуулж байгаа. Тиймээс гадаад зах зээлийг маш сайн мэдрээд, түүндээ яаж дасан зохицоод ашиг хүртэх вэ гэдэг талаасаа харах учиртай юм. Энэ талаас нь харвал олон улсын харилцаан дээр ч өндөр мэдрэмжтэй, мэдлэгтэй байх хэрэгцээ шаардлага их болсон.
Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн оролцоо зөвхөн дотоодын биш, олон улсын харилцаа талдаа, Засгийн газрын түвшинд орж ирж байгаа юм. Мөн эмэгтэйчүүд маань зарим асуудлуудыг эв дүйгээр шийдвэрлэхийг хичээдэг юм шиг байгаа юм. Өөр өөр ашиг сонирхолтой тэр олон оролцогч талууд нэгдэхгүй байна шүү дээ. Тэрийг эвлүүлэх талд эмэгтэйчүүдийн оролцоо их өндөр байгаа юм болов уу л гэж харсан.
Дэлхийн зах зээл дээр бид ажилладаг гэж та хэллээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн хөрөнгө оруулалтаас энэ салбар бүхэлдээ хамааралтай. Манай Засгийн газар хөрөнгө оруулагчдыг татна, хайгуул, олборлолтоо нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн. Яг бодит байдал дээр өөрчлөлт гарсан уу? Энэ амлалт бодитой хэрэгжихгүй бол уул уурхайн салбарт бэлтгэгдэж байгаа залууст маань дараагийн ажиллах уурхай байхгүй, нэг ёсондоо гадагш алдах эрсдэл үүссэн гэж хараад байна.
-Яг тийм. Монголд уул уурхайн салбарын чадварлаг мэргэжилтнүүд сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Дэлхийн хаана ч очсон ажиллах чадвартай, шууд үндсэн мэргэжилтнээр хүлээн зөвшөөрөгдөөд ажиллаж байна. Энэ нь манай салбарын хөгжлийн нэг томоохон ахиц гэж харж байна. Гэвч өнөөдөр бид дотооддоо инженерүүдийн дутагдалтай, дараагийн уурхайг хөгжүүлэхэд боловсон хүчний асуудал хүндрэлтэй болохоор байгаа нь анхаарах асуудал болоод байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрлийн тухайд өнгөрсөн хугацаанд янз бүрээр л олгох гэж үзлээ. Өргөдлөөр олгодог байсныг болиод, буцаж олгоод, тендер болгоод, сонгон шалгаруулалтаар өгнө гэх мэтээр оролдсон. Үүний үр дүнг бид тоо хэмжээгээр л харьцуулж ярих боломжтой. Энэ үзүүлэлтээ харахаар ахиц байхгүй байна. Тэгэхээр одоо бодит үйлдэл л хэрэгтэй байна. Дээр хэлсэнчлэн уул уурхай нь өөрөө глобал маркет учраас аль ч улсад энэ салбарт нэг л хэл байгаа.
Бид өөрөө өөрийнхөөрөө удирдаад, Австрали, Америкт өөр гэдэг зүйл байхгүй. Тиймээс өнгөрсөн 30 жилийн ололттой тал нь бид тэр хэлийг ойлгодог болчихсон. Залуучууд маш хурдтай сурчихсан. Монгол инженерүүд гаднын мэргэжилтэн болоод явж байна шүү дээ. Тэнд нэг л хэлтэй, байгаль орчин, нийгэм, засаглалын асуудал яригдаж буй. Яг л адилхан технологиуд, техникүүд байна. Тийм учраас энд, Монголд бизнесийн орчин хумигдаад л байх юм бол гадагшаа явах шилжилт хөдөлгөөн улам нэмэгдэнэ. Өмнө нь хэлний бэрхшээл байдаг байсан бол одоо тийм асуудал үгүй болсон. Нөгөө талдаа олон улсад ч гэсэн олборлох үйлдвэрлэл огцом нэмэгдэнэ. Энэ нь ерөөсөө хүн төрөлхтний хөгжилтэй холбоотой. Хүн амын өсөлт, хөгжлийг дагаад хэрэглээ нэмэгдэж байна.
Наад зах нь айл өрхийн цахилгаан бараа л гэхэд ганц биш хоёр зурагт ч юм уу, хөргөгч нэмээд хөлдөөгч, автомашин гээд хэрэглээ их өссөн. Технологийн дэвшлийг дагаад түүхий эдийн хэрэглээ огцом өсчхөж байгаа юм. Цаашид энэ бүхэн зогсохгүй, улам л нарийсаад, нэмэгдээд явна. Тийм ч учраас дэлхий даяар олборлох салбарт хүний нөөцийн хомсдол үүсчихсэн, хүний нөөцийг чадавхжуулах, бэлтгэх ажлууд хэдийн эрчимжсэн. Гэтэл манай улсын хувьд бүүр эсрэгээрээ, орхигдчихсон.
Сүүлийн 30 жил бид бодлогоор хүний нөөцийг чухалчилж үзсэнгүй. Нийгэмд салбарын талаарх бодит мэдээллийн тэнцвэртэй байдал алдагдаж энэ салбарыг олон нийтэд сөргөөр ойлгуулчихсан. Энэ буруу ташаа ойлголтоос болж өнөөдөр хүүхдүүд маань энэ салбарын мэргэжлийг сонгохоосоо сонгохгүй нь их болчихсон байгаа нь энэ салбарт боловсон хүчний дутагдлыг бий болгох нөхцөлийг бий болгоод байна. Нөгөө талдаа бид уул уурхайн салбарт ямар боловсон хүчин хэрэгтэй байгааг тодорхойлох ёстой. Тухайлбал, манай улс хуулиа л бэлдээд байдаг. Хэрэгжүүлж байгаа хүмүүс дээр хамгийн их хүндрэл нь очдог. Хуульч нарыг л бэлдээд байдаг, тухайлсан салбарын чиглэлээр хуульч, хууль эрх зүйн шаардлагыг хангаж ажиллах боловсон хүчнийг ч тэр бид огт бэлтгэхгүй байна шүү дээ.
-Одоо удахгүй сурагчид мэргэжил сонголтоо хийнэ. Манай улсад, тэр тусмаа уул уурхайн салбарт шаардлагатай мэргэжлийн ажилтан, инженер хэр бэлтгэгдэж байна вэ. Эрэлт, нийлүүлэлт нь уулзах юм уу?
-Уул уурхайн салбарын үйл ажиллагаа нь өөрөө маш олон салбарын үйл ажиллагааны цогц тул үүнийг дагаад геологи, уул уурхайн инженерүүдээс гадна бараг бүхий л салбарын инженер, мэргэжилтнүүд холбогдож ажилладаг. Тэгэхээр инженерүүдийг л сайн бэлдэх ёстой гэж харж байгаа. Сүүлийн 20 орчим жилийн статистикийг харахаар нөгөө л хууль эрх зүй, санхүү, эдийн засаг, олон улсын харилцаа гэсэн мэргэжлээр төгсөгчид зонхилсоор. Энэ нь хэрэгцээтэй боловсон хүчнээ бид бэлтгэж, хүүхдүүддээ сонголт хийхэд нь тусалж чадахаа больсны илрэл юм. Тэгэхээр бид цаг үе, нөхцөл байдлаа дагаад салбарын боловсон хүчнийг бүхий л талд нь бэлдэх зайлшгүй шаардлагатай болсон гэж үзэж байна. Иймдээ ч МУУҮА-ийн зүгээс салбарын боловсон хүчнийг бэлтгэх ажилд дэмжлэг болох зорилгоор “Ирээдүйн инженер” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаагаас гадна салбарын ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгээд байна.
-Та яаж уул уурхайн салбарыг сонгосон бэ, юу танд энэ сонголтыг хийхэд нөлөөлөв? Энэ салбарт ажиллахын сайхан нь юу байдаг вэ? Зарим хүн бол энэ талаар нарийн мэдэхгүй, ойлголт их сул байдаг…
-Мэдэхгүй хүн маш их байдаг юм билээ. Би бол Эрдэнэтийн хүүхэд. Эрдэнэт үйлдвэрийг мэддэг ч уурхайчны талаар ямар ч ойлголтгүй, тэнд их л мундаг хүмүүс ажилладаг гэж боддог байлаа. Эрдэнэт бол уурхай дагаж бий болсон хот. Тэнд очсон илгээлтийн эздийн төлөөлөл нь манай аав, ээж. Тухайн цаг үед буюу 2000 оны үеэр олон улсад экологи гэж их ярьдаг болсон. Би химийн гүнзгийрүүлсэн ангийг төгсөөд элсэлтийн шалгалтаар тэргүүлээд МУИС-д орох болсон. Гэтэл экологи хими, цэвэр хими, хими технологи, нефть хими, хүнсний хими гэсэн сонголтууд ороод ирсэн. Тэр үед аав минь надад “Ер нь экологийн эрин зуун эхэлж байгаа, чи энэ мэргэжлээр сурах ёстой. Байгаль орчин их чухал болно” гэж зөвлөсөн. Өнөөдрийнх шиг утсаараа ороод мэдээлэл авах боломж байсангүй, дөнгөж л Пентиум-1 асааж сурч байсан тэр үед аав маань зөвлөөд экологи гэдэг үгээ ч мэдэхгүй би сонголтоо хийсэн байдаг. Намайг их сургуулиа төгсөх үед азаар Бороогийн уурхай дөнгөж эхэлж таараад тэндээс ажлын гараагаа эхлүүлсэн. Энэ төсөлд долоон жил яг цэвэр байгаль орчин, олон улсын стандартаар мэргэшсэн.
Дараа нь Оюутолгой төсөл хэрэгжихээр болоход комплайнсын хэрэгцээ нэмэгдэж, бүхий л зөвшөөрөл авах, орон нутгийн харилцаа гээд тэр олон харилцаа руу орохоос өөр аргагүй болсон. Яагаад гэхээр дандаа л байгаль орчны асуудал хөндөгдөнө, тэр болгонд хүссэн хүсээгүй биднийг тавьчихдаг байсан. Инженерүүд бол тоо их боддог, өөртэйгөө ажилладаг, дотогшоо, харилцаа талдаа сул ийм хүмүүсийг ингэж харилцаа руу оруулах нь нэг талдаа буруу байсан нь ажиглагддаг. Одоо бол энэ сул орон зайд мэргэжлийн харилцааны хүмүүс дутагдаж байна. Гэхдээ эргээд харахад орон нутгаар тойроод явахад бүс нутаг болгоны хэмжээнд уул уурхайн салбарын талаарх ойлголт нь аймаг, сумаараа, үндэстэн ястнаасаа хамаараад өөр өөр байдаг юм билээ.
-Ер нь аль аймаг илүү ойлголт сайтай байна вэ?
-Өмнөговь аймаг эрдэс баялгийн салбарын хөгжлийг дагаад тийш чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, маш олон залуус суурьшаад, ажиллаж амьдарч байна. Тэрийг дагаад ойлголт нь сайн байх жишээтэй. Бүс нутаг болгонд анхнаас нь зөв суурь мэдээллийг өгөх юм бол нутгийн иргэд бүгдээрээ ойлгоно. Орон нутгийн удирдлагууд ч ойлголтын зөрүүтэй байдал байсан. Одоо бол бага ч гэсэн өөрчлөлт гарч байна. Оролцогч талууд маань төслийг хариуцлагатай байх талаар одоо яг юу шаардахаа ойлгодог болж байна. Өмнө нь иргэддээ таалагдах гэж уул уурхайн компаниудыг дэмжихгүй гэж ч юм уу хэлж гарч ирэх хандлагатай байдаг байсан бол одоо компаниудаа дэмжээд, иргэддээ ойлгуулаад орон нутагтаа тулгамдсан том асуудлаа шийдэх арга барилаар ойлголцоод ажиллах нь зүйтэй гэдгийг бид тодорхой хэмжээнд тайлбарлаж ойлгуулж явсан нь үр дүнгээ өгч байгаа.
-ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ОРОЛЦОГЧИЙН ХУВЬД МАНАЙ УЛС ЭНЭ ЖИШГИЙГ ДАГАХААС ӨӨР АРГАГҮЙ-
-Хариуцлагатай уул уурхайн талаарх ойлголт хэрхэн төлөвшиж, олон улсын стандарт нутагших орон зай хэр бүрдэж байна вэ?
-МУУҮА хариуцлагатай уул уурхайн кодексыг 2018 онд боловсруулж, хэрэгжүүлээд өдгөө 7 жилийн нүүр үзэж байна. Анхлан 8 компани тус кодексийг хүлээн зөвшөөрч нэгдэж байсан бол өнөөдөр 57 компани болж нэмэгдэн жил бүр тогтмол тайлангаа ирүүлж хэвшээд явж байна. Бусад иргэний нийгмийн байгууллагууд хүртэл энэ талаар өөрсдийн илтгэл мэдээлэлдээ оруулан бусад оролцогч талууддаа нөлөөлөөд эхэлж байна. Салбарын холбогдох төрийн байгууллагууд хүртэл сургалт мэдээллийг аваад хамтраад явж байгаа нь энэ кодекс маань салбартаа хүлээн зөвшөөрөгдөж буйн том илрэл болов уу гэж харж байна. Иймдээ ч бид хариуцлагатай уул уурхайн ойлголтыг дараагийн түвшинд буюу олон улсын түвшинд гаргахыг зорин олон улсын хамгийн том дөрвөн байгууллагын нэг болох Канадын уул уурхайн ассоциациас хэрэгжүүлдэг гээд “Тогтвортой уул уурхайн төлөө” (TSM) стандартыг Монгол Улсдаа нэвтрүүлэхээр болсон. Дэлхийн эдийн засаг, эрдэс баялгийн зах зээлийн чиг хандлагын өөрчлөлтөөс шалтгаалан тус салбарт хэрэгжиж байгаа маш олон төрлийн стандарт, шаардлагууд түүнийг дагаад өөрчлөгдөн шинэчлэгдэж байна.
Өмнө нь ISO стандартыг хэрэгжүүлсэн бол давуу тал болж, хөрөнгө оруулалт хийдэг байсан. Гэхдээ энэ нь эрсдэлийг бий болгоод байсан учраас байгаль орчин, нийгэм, засаглал гээд яг энэ салбарын онцлогт тохирсон шаардлагуудыг хангах, арай ахисан түвшний шалгуур үзүүлэлт тавьж эхэлж байгаа гэсэн үг. Энэ талаар бид ESG гээд засаглалын тухай олон жил ярилаа шүү дээ. Олон улсын тухайд ашигт малтмалын ялгамжтай байдал, улс орон, бүс нутгийн нөхцөл байдал, санхүүжүүлэгч талын нөхцөл зэрэгтэй уялдуулан өөр өөрийн шаардлагыг боловсруулан хэрэгжүүлээд явж байсан. Жишээ нь, Дэлхийн алтны консул ассоциаци (World Gold Council), Зэсийн ассоциаци (Responsible produced copper), Олон улсын уул уурхайн зөвлөл (ICMM) ч юм уу тус тусдаа шалгуур үзүүлэлттэй байсан бол одоо энэ дөрвөн том ассоциаци нийлээд ерөөсөө ESG гэсэн шаардлагаар нэгдсэн нэг л стандарттай болъё гээд хүлээн зөвшөөрсөн. Энэ хүрээнд нэгдсэн стандарт гаргах үйл явц өрнөж байна.
Өнгөрсөн жил стандартуудаа нэгтгээд, оролцогч талуудаасаа санал авсан. Бид Канадын уул уурхайн ассоциацийн стандартыг авчихсан болохоор TSM (Тогтвортой уул уурхайн төлөө) стандартын хэрэгжүүлэгч гэдгээрээ анхнаас нь энэ стандартад маш сайн оролцоотойгоор саналуудаа өгөөд явчихсан. Энэхүү стандартаа нэгтгэх ажил энэ оны төгсгөл гэхэд дуусна. Тэр болтол бид (Тогтвортой уул уурхайн төлөө) стандартыг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хийгээд, стандартаа орчуулах процесс өрнөж байна. Тэгэхээр дэлхий даяар цаашдаа хэрэгжих ESG гэсэн стандарт дээр бид анхнаас нь оролцоод явчихаж байгаа гэсэн үг. Энэ нь ярилцлагын эхэнд миний дурдсан салбарт гарч буй нэг ёсны хөгжлийн илрэл юм. Өөрөөр хэлбэл, хэрэгжүүлэхгүй байхын аргагүй энэ шаардлагууд хөрөнгө оруулалтаас авхуулаад эцсийн бүтээгдэхүүн худалдан авалт хүртэлх бүх гинжин хэлхээн дээр тавигдаж байгаа юм. Систем бүхэлдээ ингэж ажилладаг болж байхад дэлхийн зах зээлийн оролцогчийн хувьд манай улс энэ жишгийг дагахаас өөр аргагүй.
–Стандартыг илүү үр дүнтэй хөгжүүлэхэд тал талын хичээл зүтгэл шаардах байх. Цаашид юун дээр анхаарах ёстой вэ?
-Энэ стандартыг шууд гэрээ зураад авчих нэг хэрэг. Хэрэгжүүлэх нь маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүн хүч шаардах ажил. Тиймээс стандартыг нутагшуулах тал дээр оролцогч талуудтай бид олон талт харилцааг өргөжүүлж, ойлголтоо нэгтгэж, хамтран ажиллах хэрэгтэй. Тэгж байж энэ стандарт бүрэн нутагших учиртай. Энэ мэтчилэн маш олон ажил хийгдэх учраас үүнийгээ үргэлжлүүлээд явна. Нөгөө талаар бид засаглалын асуудлаар ч тэр хувь хүний хөгжлөөрөө ч гэсэн шинэ түвшинд гаргах ёстой гэж үзэж байгаа. Олон улстайгаа хөл нийлүүлж, хөгжмөөр байна. Австрали, Канад, Америк гээд барууны хөгжилтэй улсууд бүгдээрээ л байгалийн баялгаа ашиглаж энэ түвшинд хүрсэн. Арабын орнууд ч гэсэн бүгдээрээ л байгалийн баялгаа ашиглаж байна. Манай урд хөрш дэлхийн түүхий эдийн хамгийн том үйлдвэрлэгч, бас импортлогч орон. Өөрөөр хэлбэл, бидэнд бусад улсаас ч их боломж байна. Энэ том зах зээлийн хажууд байгаагаа ашиглах ёстой. Үүний тулд олон талын ашиг сонирхлыг ойлгож хамтын ажиллагааг эрчимжүүлж хамтарч ажиллах хэрэгтэй. Энэ тал дээр ганцхан МУУҮА биш, бүгдээрээ л хамтарч ажиллах ёстой. Зөв мэдээллийг хүргэхэд хэвлэл мэдээллийнхний үүрэг оролцоо бас өндөр.
-АСУУДЛАА ДОТООДДОО ЯРЬЖ, ГЛОБАЛ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР БАЙГАА ГЭДГЭЭ МАРТАЖ БОЛОХГҮЙ-
-Нийгэмд буруу ойлголтыг улстөрчид нь илүү их үүсгээд, буруу тийш залаад, уул уурхайн салбар 30 жилийн ололтоо үгүйсгээд, цаашаа ирээдүйн тухай ярих бас хэцүү болчихсон салаа замын үзүүрт ирчихлээ. Салбарынхан үүнийг яаж харж байна вэ?
-Түрүүн дурдсанчлан манай улсын эдийн засаг уул уурхайн салбараасаа шууд болон шууд бусаар 50-60% хамааралтай бол уул уурхайн салбарын үйл ажиллагаа нь гадаад зах зээлээс бараг шууд гэж хэлж болохуйц хамааралтай. Тэгэхээр эдийн засгийн тогтвортой байдал дээрээ хамгийн түрүүнд бид анхаарал хандуулах ёстой. Гадаад зах зээл бол амаргүй шүү дээ. БНХАУ-ын хувьд өөрөө дэлхийн хамгийн том нүүрсний импортлогч. Жилийн хэрэгцээ нь 4.5-5 тэрбум тонн нүүрс. Үүнээс талыг нь өөрсдөө олборлоод, талыг нь импортоор авч байгаа. Манай улс бол хамгийн ихдээ 80 гаруй сая тонныг л олборлож, экспортолж үзлээ. Тэгэхээр бид боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сартай харьцуулахад энэ жил үнэ нүүрсний үнэ шинж чанараас хамааран 25-44 хувь уначихлаа. Гадаад зах зээлийг бид удирдаж чадахгүй. Тэгэхээр дотроо яаж энэ эрсдэлд бэлэн байх вэ гэдгийг урьдчилж харах хэрэгтэй.
Бид эдийн засгийг солонгоруулах гэж олон жил ярьсан. Үүнтэй адил эхлээд бид гадаад зах зээлээс үүдэлтэй дээрх эрсдэлийг бууруулах зорилгоор бусад ашигт малтмалынхаа олборлолтыг нэмэгдүүлж, эрдэс минералаа төрөлжүүлж, экспортын хувь хэмжээг өсгөх шаардлагатай байна. Эрдэс баялгийн салбарынхан өөрсдөө л ашиг хүртээд байдаггүй. Үр өгөөжийнх нь 10-15 хувь ТЭЗҮ-ээрээ хөрөнгө оруулагчид болон хувьцаа эзэмшигчдэд очдог. Үлдсэн нь татвар хураамж, цалин хэлбэрээр явж байна. Худалдан авалт, ханган нийлүүлэлт гээд бараг нийт зардлынх нь 50% нь явж байгаа. Энэ бүх өгөөжийг хүртэж байгаа оролцогч талууд бүгд хамтран ажиллаж, ойлголцох ёстой.
Асуудлаа дотооддоо ярьж, глобал зах зээл дээр байгаа гэдгээ мартаж болохгүй. 14 мега төслийг хэрэгжүүлэхэд хамгийн түрүүнд хөрөнгө оруулалт л шаардлагатай шүү дээ. Үүний тулд төслүүдийн үйл ажиллагаа тогтвортой явж байх ёстой. PDAC-т л гэхэд МУУҮА анх 2002 онд оролцсон байдаг. Бид очоод мянган удаа хөрөнгө оруулаач ээ гэж яриад нэмэргүй. Гаднынхан тогтвортой байдлыг л хардаг. Хуулиа гоё өөрчиллөө, сайжруулах гэж байна гэж яриад нэмэргүй. Хууль өөрчилж байгаа нь өөрөө хөрөнгө оруулагчдад тогтворгүй байгаа дохио өгчихдөг.
Одоо байгаа төслүүдийнхээ тогтвортой байдлыг хангаж байж дараагийн хөрөнгө оруулагчдад итгэл төрж орж ирнэ. Энэ бол хамгийн том мессеж. Түүнээс гадна дээр дурдсанчлан энэ салбарын талаарх мэдээллийн тэнцвэртэй байдал алдагдсан нь олон нийтэд буруу ташаа мэдээллийг түлхүү өгч энэ салбарыг тэр чигээр нь харлуулж байна.
Төр нь ч тэр, хувийн хэвшил нь ч тэр энэ асуудал дээр анхаарлаа хандуулж нийгмээрээ байг гэхэд салбарын оролцогч талууд маань нэгдсэн нэг зөв ойлголттой болох хэрэгцээ шаардлага хэдийнээ бий болсон. Салбарын гэлтгүй аливаа бизнесийн үйл ажиллагаанд асуудал маргаан гарч л байдаг. Үүнийг дагаад шийдэл бас байж л байдаг. Бид олон улсын зах зээл, хөрөнгө оруулалтаас шууд хамааралтай ажилладаг гэдгээ ухамсарлаад асуудал гарвал эхлээд хууль эрх зүйн хүрээнд дотроо л эхлээд шийдэх хэрэгтэй. Тухайн цагтаа Засгийн газар нь шийдвэрээ тэр үеийнхээ хууль тогтоомжийн хүрээнд гаргаад явсан байж таарна шүү дээ.
Уул уурхай үйл ажиллагаа гэдэг нь зөвшөөрөл аваад 10 жилийн дараа дөнгөж эхлэх гэж байдаг удаан хугацааны процесстой. Гэтэл 10 жилийн дараа нэг хүн гарч ирээд төсөл хэрэгжүүлэгчдэд тусгай зөвшөөрөл чинь хүчингүй гэвэл тогтвортой байдлын тухай, урт хугацааны салбарын хөгжил ярих ч хэрэггүй болно. Хэн нэгний хэлж байгаа шиг уул уурхайн салбарын үйл ажиллагааг хэн ч хийгээд чадчихдаг амархан ажил биш. Мэргэжлийн хүмүүс нь хөрөнгө оруулагч нараас мөнгө босгодог, мэргэжлийн хүмүүс хийж хэрэгжүүлдэг. Олборлодог нь олборлоно, боловсруулдаг нь боловсруулна. Энэ бүхэн дээр мэргэжлийн хүн л ажиллаж байж тэр олон хөрөнгө оруулагчдаас мөнгө олдог. Мөнгө нь бэлэн биш шүү дээ. Бид ингэж чадна, ийм одоо ажлыг хийнэ, таныг хөрөнгө эрсдэлгүй, мэргэжлийн хүмүүс ажиллана гэж өрсөлдөж байж хөрөнгө оруулалт олж авна. Тэр техник, тоног төхөөрөмж, уурхайг хэн нэгэн очоод л зүгээр ухаад авчихгүй шүү дээ.
-Уул уурхайн салбарынхны итгэл буурч, хэр стресс авч байна вэ?
-Манай салбарынхан харин ч их сэтгэлийн хаттай гэж боддог. Энэ байтугай хүндрэлийг давж туулсан. Гадаад зах зээлийн хүндрэл, дотоодын олон эсэргүүцэл тэмцэлтэй тулж байсан. Гэхдээ уул уурхайн компаниуд хэзээ ч гарч ирээд л тайлбар мэдээлэл тавьж гомдоллож байгаагүй. Улс эх орны эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон манай салбарын хувьд бидэнд зогсох эрх ч байхгүй. Бүгдээрээ амаргүй байгаа ч урдах төлөвлөгөөгөө тасалчихгүй байх, экспортынхоо орлогыг бууруулчихгүйн төлөө, эдийн засагт хувь нэмрээ оруулдгаараа оруулаад ажиллаж яваа. Тэгэхээр энэ их ачааллыг, стрессийг үүрч яваа уул уурхайн салбарыг хөдөлгөж байгаа нийт ажил олгогч, уурхайчдаараа бахархахгүй байхын аргагүй. Мэдээж улс эх оронд бол тогтвортой эдийн засаг, тогтвортой байдал л чухал. Юу ч болж байсан бид хувь нэмрээ оруулсаар л байх болно.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний үйл хэрэгт амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн амжилт хүсье. Нийт уурхайчин бүсгүйчүүд болон Монголынхоо нийт эмэгтэйчүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе.
0 cэтгэгдэлтэй