Хүний эрхийн дэд хорооноос иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй ээлжит уулзалтаа хийлээ

newslifemn 2025-02-12

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй сар бүр уулзалт зохион байгуулж байхаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр (2025.02.12) ээлжит уулзалт боллоо.
Уулзалтын эхэнд Монгол Улс дахь хүний эрхий төлөв байдлын тухай IV илтгэлийг хэлэлцүүлэхтэй холбогдуулан Гадаад харилцааны яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.
Монгол Улс 2010 оноос эхэлж НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүний эрхийн төлөв байдлын илтгэлээ хэлэлцүүлж байгаа бөгөөд 2015 онд II, 2020 онд III илтгэлээ хүргүүлж хэлэлцүүлсэн. Энэ оны 11 дүгээр сард IV илтгэлээ хэлэлцүүлэх хуваарьтай гэдгийг танилцуулгынхаа эхэнд Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын дэд захирал Д.Бат-Өлзий дурдав.
“Хүний Эрхийн Форум”-ыг төлөөлж “Хууль судлал, хөгжлийн төв”-ийн тэргүүн, доктор /PhD/, профессор В.Удвал “Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилт ба хүний эрхий зарим асуудал” сэдэвт илтгэл танилцуулсан юм.
1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдсан ардчилсан, шинэ Үндсэн хуулийг тухайн оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс даган мөрдөж эхэлсэн болохыг тэрбээр онцлоод Үндсэн хууль хэрэгжиж эхэлсний 33 жилийн ой тохиож буйг дурдав. Үндсэн хуулийн үнэт зүйлсийн нэг нь хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах бөгөөд үүний тулд төр эрх мэдлээ оновчтой хуваарилж, хяналт тэнцлийг хангах үүрэгтэй. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийг шинээр байгуулсан, иргэний гомдол гаргах эрхийг баталгаажуулсан зэргээр төрийн дур зоргын үйлдлийг хязгаарлах механизмуудыг Үндсэн хуульд тусгасан байдгийг дэлгэрэнгүй тайлбарлав. Үндсэн хуулийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур тодорхойгүй улмаас хэрэгжилтийг үнэлэх боломжгүй байдаг талаар тэрбээр илтгэлдээ дурдаад, хүний эрхийн хандлагад гарч буй өнөөгийн өөрчлөлүүдийг онцоллоо.
Х.Баасанжаргал гишүүн өмнөх уулзалтуудын үеэр төлөвлөсөн ажлууд, тэдгээрийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хэрэгжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.
Мөн дараагийн уулзалтыг товлож, Монгол Улс дахь хүний эрхий төлөв байдлын тухай IV илтгэлийг 2025 оны арван нэгдүгээр сарын 04-ний өдөр хамгаалахтай холбогдуулан авах арга хэмжээний талаар уулзалтад оролцогчид санал солилцсон юм.