Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа: Өнөөдөр Засгийн газрын хурлаар Тэтгэврийн сан, Халамжийн сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх тухай төсөл орж дэмжигдлээ. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр Засгийн газрын хурлаар шийдвэрлэлээ.
Энэ арга хэмжээнд 499.2 мянган тэтгэвэр авагч хамрагдана. Нийтдээ 449.3 тэрбум төгрөг зарцуулж, дундаж тэтгэврийн хэмжээ 685.6 мянга байгааг дөрөвдүгээр сарын 1-ээс 785.6 мянган төгрөг болно. Өнгөрсөн оны өдийд дундаж тэтгэвэр 550 орчим мянган төгрөг байсан. Ингэснээр есөн сарын хугацаанд дундаж тэтгэврийн хэмжээ 787 орчим мянган төгрөг болтлоо нэмэгдсэн байна.
Мөн дундаж тэтгэврийн хэмжээ 2019 онд 372.5 мянган төгрөг байсан бол өдгөө 2.1 дахин нэмэгдлээ. Үүнээс гадна халамжийн тэтгэвэр нэмэгдэхээр болсон. Монгол Улсын Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгчээ алдсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүд зэрэг нийгмийн зүгээс анхаарах шаардлагатай 65.6 мянган хүн халамжийн тэтгэврийг авдаг.
Түүнчлэн, 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээний амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг авдаг. Одоогоор үүнийг авч буй 12.8 мянган хүүхэд байна. Энэхүү нийгмийн халамжийн тэтгэвэр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмж 2022 онд 188 мянган төгрөг байсныг цар тахлын үед нэмэгдүүлж байсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дөрөвдүгээр сарын 1-ээс 15.4 хувь буюу 50 мянган төгрөгөөр нэмж 375 мянган төгрөг болгохоор шийдвэрлэлээ гэлээ.
0 cэтгэгдэлтэй