Ж.Ганбаатар: Хэрэглээний үнийн индексийг харахад ганцхан шатахууны үнэ л тогтвортой байгаа

newslifemn 2024-01-20

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатартай ярилцлаа.


-Суурь үнэ, стратегийн гол бүтээгдэхүүн болох бензин шатахууны нийлүүлэлтэд саяхан доголдол үүссэн. Мэдээж асуудлыг шийдэж, ард нь гарсан. Тиймээс Монголын амин чухал, эмзэг асуудал болох шатахуунаас ярилцлагаа эхэлье?

-Шатахууны хомсдол үүссэн гол шалтгааныг тухайн үед би их олон удаа тайлбарласан л даа. Гэхдээ тэр үед бодит байдал хүнд байсан учраас иргэдэд миний тайлбар очихгүй байсан. Тиймээс яагаад хомсдов гэдэг бодит тайлбарыг өгөх нь зөв болов уу. Гол шалтгаан нь ОХУ Станы тавхан улсаас бусад орнууд руу гаргадаг шатахууны экспортдоо хориг тавьсан.

Үүнд мэдээж Монгол Улс багтсан. Маш гэнэтийн шийдвэр байсан. Хоригийн дараахан ОХУ-ын төрийн Думын дарга манай улсад айлчилсан. Бараг дэлхий нийтэд тавьчихаад байгаа ОХУ-ын энэ хоригоос Монгол Улс өөрийгөө 21 хоногийн дотор гаргаж чадсан. Өөрөөр хэлбэл, 21 хоногийн дараагаас ОХУ-аас манайх руу дизель түлш, АИ-92 ачигдсан. Тээвэрлэлт хамгийн багадаа дөрөв хонож орж ирдэг.

Ерөнхийдөө манайд 26 хоног дизель түлш, АИ-92 огт орж ирээгүй. Бид энэ 26 хоногийн хугацаанд нөөцөө хэрэглэсэн гэсэн үг. Бүх нөөцөө шавхсан. 11 дүгээр сарын сүүл, 12 дугаар сарын эхээр Монголд дизель түлш, АИ-92 доголдсон гол шалтгаан нь энэ. Манай улсын агуулахын нөөц ихдээ л нэг сарын хэрэглээ байдаг. Үүнээс илүү хугацаагаар нөөцлөх боломж манайд байхгүй.

Харин ч бид Ангарскийн үйлдвэрийн засвараас урьтаж нөөц бүрдүүлэх зорилгоор 6, 7, 8 дугаар сард татан авалтаа маш сайн хийж, Монгол Улсын хэмжээн дэх шатахууны бүх агуулах савыг бүрэн дүүргэж нөөц бүрдүүлж авсан байсан тулдаа энэ 26 хоногийг тасалдалгүй давсан.

Тухайн үед иргэдийг айдаст автуулах, бухимдуулахуйц буруу зөрүү янз бүрийн л мэдээлэл нийгэмд түгсэн. Цаашид ер нь яах ч юм билээ машиныхаа банкийг дүүргээд авъя гэсэн хандлага нийгэм даяар байсан шүү дээ.

Энгийн үед иргэд ойрын хугацааны хэрэгцээ, мөнгөнийхөө боломжид тааруулаад авдаг байсан бол тухайн үед болж өгвөл бензинээ дүүргээд, байнга дүүрэн бензинтэй явъя гэж хандсан. Дизелийг ч мөн тус бүрдээ аль чадахаараа л нөөцөлсөн байх. Нөөцөө хэрэглэж байгаа манай улсын хувьд энэ нь том шалгуур болсон л доо. Гэхдээ бид даван тууллаа. Бид бодит үнэнтэй тулж, олон ажил яаралтай авч хэрэгжүүлсний үр дүнд асуудлын ард гарч чадлаа. ОХУ-тай өндөр дээд түвшнээс эхлээд аж ахуйн нэгжүүдийн хүрээнд бүх түвшинд ажилласан. Х

оёр улсын Засгийн газрын комисс, төмөр замын түвшинд, Эрчим хүчний яам, манай яам агентлагууд, Эдийн засаг, хөгжлийн яам гэхчилэн бүх түвшинд ажлын хэсэг гарч, хүндрэлийг даван туулах олон аргыг хэрэглэсэн. Тухайн үед энэ жилийн хамгийн хүйтэн үе ч таарсан. Энэ нь ч бензиний нийлүүлэлтэд нөлөөлсөн. Зохион байгуулалттай ажилласны хүчинд энэ бүхний ард бид гарсан. Мөн бид урд хөршөөс импортоо нэмэгдүүлэхэд анхаарч, холбогдох хүсэлтээ тавьж нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн.

-Нийлүүлэлтэд дахин ямар нэгэн асуудал үүсэхгүй байхаар яаж зохицуулсан бэ. Баталгаатай асуудлаа шийдсэн үү?

-Хэрвээ ОХУ-ын нийлүүлэлт өнөөдрийнх шиг тогтвортой хэвээр байвал ямар ч асуудал гарахгүй. Нийлүүлэгч талд асуудал үүссэн тохиолдолд манайд асуудал үүснэ. Түүнээс Монголын талаас захиалгаа дутуу өгсөн гэдэг ч юмуу, эсвэл бэлтгэл ажил хангалтгүй, мөнгөө төлж чадахгүй гэдэг юмуу баталгаатай хэлэхэд Монголын талаас шалтгаалсан зүйл байхгүй. Би 30 хоногийн доторх асуудлыг хэлж байгаа шүү. 30 хоногоос илүү нөөцлөхөд импортлогч аж ахуйн нэгжүүдэд их хэмжээний мөнгө шаардлагатай, бүтээгдэхүүний чанараас эхлээд асуудлууд байдаг. Нөөцийн савуудыг нэмэгдүүлэх асуудал дээр Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яамтай хамтарч ажиллана. Дан ганц манай яам шийдвэрлэж чадах асуудал биш юм. Зарим иргэд УУХҮ-ийн яам мэдэх ёстой гэж бодож магадгүй.

Дахин хэлэхэд, цаашид нийлүүлэгч талаас гэнэтийн хориг үүсдэг ч юмуу, эсвэл тухайн үйлдвэр нь засварт ордог ч юм уу, төмөр зам дээр ачаалал нь ихсэх ч гэдэг юм уу асуудал үүсчихгүй бол нийлүүлэлтэд асуудал байхгүй. Монголын тал бүх зүйлд бэлэн байна. Бид дан ганц ОХУ-ын талыг хараад суухгүй байгаа. БНХАУ-аас авч байгаа ойролцоогоор 30-35 мянган тонн дизель авч байна. Гэхдээ тээвэрлэлтийн хувьд ОХУ шиг шууд ороод ирдэггүй. Дамжуулан ачдаг. Төмөр замаас машин руу, агуулах руу ачих процесс маш удаашралтай байдаг. Үүнээс гадна БНХАУ өөрөө дэлхийн топ импортлогч улс. Бид олон талаас нь хандаж байж Хятадын талын экспортыг нэмэгдүүлж ажилласан.

-Монголчуудын шатахуун түлшний хэрэглээ өссөн нь мөн нөлөөлсөн гэх мэдээлэл ч гарсан. Ер нь бидний хэрэглээ ямар хэмжээнд байгаа вэ?

-Сая бид сандраад байсан болохоос АИ-92 хэрэглээ тийм их өсөөгүй. Монголчуудын сарын хэрэглээ 50 мянган тонн байсан бол одоо 60 мянган тонн болсон. 10 мянган тонноор л нэмэгдсэн. Гэхдээ нэгдүгээр сарын хэрэглээ буух прогнозтой байна. Худалдан авалт нь багассан. Буцаад 50 мянган тоннд хүрэх юм шиг байна. Тэгэхээр АИ-92 сарын хэрэглээ 55 мянган тонн байна байх. Харин дизель түлшний манай улсын хэрэглээ 80-90 мянган тонныг хэрэглэдэг байсан бол одоо 110-120 мянган тонныг сардаа хэрэглэдэг болсон.

Нүүрсний экспорт нэмэгдсэн нь дизелийн хэрэглээг өсгөсөн. Бид өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг тогтвортой хангахын тулд БНХАУ-аас евро-5 ангиллын чанартай дизель авч байна. ОХУ-аас ч евро-5 ангиллын дизель ирдэг. Гэхдээ бид ихэвчлэн евро-2 ангиллынхыг авч байгаа. Манай техник технологиудын ихэнх евро-2-т зохицсон ч байдаг. БНХАУ-аас авч байгаа дизель түлшийг бид уул уурхайн салбарт хэрэглэнэ. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнэ Израиль-Палестины асуудлаас шалтгаалаад нэг хэсэг өссөн байсан бол эргээд буурсан. БНХАУ-аас 1080 ам.доллароор худалдаж авч байсан бол 12, нэгдүгээр сард 1030 ам.доллароор авч байна. ОХУ-аас 930 ам.доллароор авдаг байсан бол 900 ам.доллар болж буурсан.

-Манайх ганцхан ОХУ-аас шатахуун авдаг байсан бол анх удаа Хятадаас дизель авдаг боллоо. Шатахуун хомсдох үеэр өөр бусад улсаас шатахуун авах хэрэгтэй гэсэн байр суурь их гардаг шүү дээ?

-Казахстан, БНСУ-аас авах боломж бий. Гэхдээ маш үнэтэй. Хятадын үнийг дахин нугалсан үнэтэй. Улаанбаатарт евро5 АИ-92 2940, энгийн АИ-92 2390, АИ-95 үнэ 3910 төгрөгийн үнэтэй байна. Үнэ нь хямд учраас АИ-92-ын хэрэглээ их байна. Би бензин түлшийг хариуцаж байгаа хүний хувьд үнийг өсгөхгүй гэдэгт нягт анхаарч ажиллаж байгаа. Зарим хүмүүс үнийг чөлөөлөөч, өөр боломж байхгүй шүү дээ. Үнийг нь барьж байгаа нь нөлөөлж байна гэхчилэнгээр янз бүрийн л байр суурийг илэрхийлсэн.

Үнэ өсөх ямар нэгэн шалтгаан байхгүй. Дэлхийн зах зээлийн үнэ өсөөгүй. Тээврийн үнэ өсөөгүй. Ам.долларын ханш өсөөгүй. ОХУ-д үнэ нь буурсан. АИ-92-ийн үнэ 705 ам.долларт тогтвортой байх гэрээг бид хийж чадсан. Компаниуд Аи-92 бүтээгдэхүүн дээр анх удаа ашигтай ажиллах нөхцөл бүрдсэн. Дизель түлшний тухайд тэртээ тэргүй дэлхийн зах зээлийн үнэ буурсан. ОХУ-ын нийлүүлэлт хэвийн байсан. Хамгийн гол нь 26 хоногийн тасалдсан нийлүүлэлтийг гүйцэх хэцүү байсан. Тэр үед аж ахуйн нэгжүүд нөөцлөх боломжгүй байсан. Импортоор нийлүүлэлт ирээд л колонк руу явчихаад байсан. Аж ахуйн нэгжүүд сүүлдээ туйлдсан. Гурав хоног хэрэглэдэг нөөцөө гуравхан цагийн дотор хэрэглэчихээд байсан. Тэдэнд машин, жолооч, түгээгч хэрэгтэй.

Түгээгчийн хажуугаар машин зохицуулах хүн хэрэгтэй болсон. Энэ байдал нэг сар үргэлжлэхээр ажиллаж байгаа хүмүүст нь ч дарамт болсон. Тэд 24 цаг ажиллаж байгаа шүү дээ. Тэр үед зарим тохиолдолд зохиомол оочер байсан ч юм билээ. Үүнийг би хэлсэн л дээ. Гэхдээ хүлээж авахааргүй нөхцөл байдал байсан учраас шүүмжлүүлсэн. Энэ ажлыг хариуцаж байгаа хүний хувьд үүнийг давах ёстой.

Би иргэдэд хохиролгүй байх ёстой гэдэг талаас л хандсан. Өнөөдөр ямартаа ч дизель болоод Аи-92-ийн хэрэглээ улс орон даяар хэвийн болсон. Хориг гарах болсон гол шалтгаан нь ОХУ-ын дотоод асуудал. ОХУ-ын дотоод асуудал хэзээ тогтворжино тэр үед бид найдвартай эх үүсвэр хангагдана. Мэдээж бид БНХАУ-аас авдаг хэмжээгээ нэмэгдүүлж болно. Гэхдээ сая хэлсэнчлэн үнэтэй. Мөн өөрөө импортлогч улс. БНХАУ-аас манайх авч байна. Гэхдээ ОХУ-тай өрсөлдөхүйц хэмжээний боломж байхгүй.

-Үүнийг чөлөөлөх ёстой гэсэн байр суурь илэрхийлэгдэж байсан л даа. Гэхдээ энэ нь мэдээж нийгмийн байр суурь биш байх?

-Ер нь ямар ч шалтгаангүй үед үнэ өсөхгүй. Сүүлийн үеийн хэрэглээний үнийн индексийг харахад ганцхан бензин шатахуун, дизель түлшний үнэ л тогтвортой байж. Асуудлыг далимдуулж сонгууль дөхчихсөн Ж.Ганбаатарыг муухай харагдуулаад авъя. Засгийн газар руу нэг шахалт үзүүлчихье. Монголын харилцаанд асуудал байна гэж харуулъя ч гэдэг юм уу иймэрхүү байдалтай зүйлүүд явсан. Үүний заримыг нь хууль хяналтын байгууллага шалгаж байгаа юм билээ.

Тухайн үед хэрвээ би олон нийтийн чихэнд сайхан сонсогдох, өөрийгөө галаас хамгаалсан үг хэлсэн бол үүний ард улс орноороо тэг зогсох байсан. Тухайлбал, “Асуудлын ард гарахад хүнд байна. Хэвийн болоход ийм зовлон байна. Үнийг өсгөнө” ч гэдэг юм уу өөрийгөө галаас аврах ямар нэгэн зальжин үг хэлж болох байсан. Асуудлыг би өөрийнхөө нэр хүндээр туулж гарсан. “Хоёр хоногийн дотор гайгүй болно. Та бүхэн тайван байгаач ээ. Дараа нь гурав хоногийн дотор хэвийн болно. Та бүхэн тайван байгаач. Битгий оочерлооч ээ” гэж хэлсэн. Иргэдэд сайн сайхан нь харагдаж байгаа. Над руу утсаар болон цахим хаягаар өчнөөн мянган хэлэх хэлэхгүй хараал зүхэл, заналхийлэл ирсэн, нийгэм нь ч хэцүү болж. Оочерлож байгаа хүмүүс ууртай байгаа нь мэдээж. Би иргэдийг тайвшруулах үүрэгтэй. Тиймээс үнэн бодит байдлыг л хэлсэн.

-Газрын тосны үйлдвэрийн ажил хэр урагштай яваа вэ?

-Энэ асуудал УУХҮ-ийн яамд байдаггүй. Манай яам үйлдвэр барих уу, үгүй юу гэхчилэнгээр бодлого гаргадаг газар. Түүнээс бизнесийн асуудлыг шийдвэрлэдэггүй. Тиймээс тус үйлдвэр Эрдэнэс Монгол руу шилжсэн. Эрдэнэс Монголын доор төрийн өмчит бүх компани байгаа шүү дээ.

-Манай улс энэ жил 60 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Гэтэл өнгөрөгч оны гүйцэтгэлээр Монгол Улс түүхэндээ анх удаа 68 сая тонн нүүрс экспортоллоо. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталснаар ийм үр өгөөж гарч байна гэж харж болох уу?

-Бид 80 ам.долларын үнэтэй байсан нүүрсийг биржээр арилжсанаар 180 ам.доллар болгосон. Энэ хэмжээгээр Монголын эдийн засагт маш том эерэг нөлөөг үзүүлж байна. Хоёрдугаарт, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хамгийн гол үр нөлөөг Нүүрсний сонсголоор харсан байх. Нүүрсэн дээр үүрлэчихсэн том хулгайг ил болгож гаргаж ирлээ. Дэлхийн зах зээлийн үнэ 400 ам.доллар байхад 80 ам.доллароор зарж байсан байгаа юм.

Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нүүрс 220-230 ам.долларын үнэтэй байна. Бид биржээр нүүрсээ 170-180 ам.доллароор зарж байна. Тяньжиний ч гэдэг юм уу, далайн боомтод нүүрсээ бид аваачаад өгвөл 230, 240 хүргэнэ. Бид хүргэж өгч чадахгүй байгаа. Далайд гарцгүй манай улс ямар нэгэн улсын нутаг дэвсгэрээр дамжиж байж далайн боомтод хүрнэ. Тэгж байж Энэтхэг, БНСУ, Япон, Вьетнам ч гэдэг юм уу хамгийн их хэрэглээтэй улсууд руу арилжиж болно. Энэ зах зээл рүү аваачиж өгч чадахгүй байна.

Би олон жил бизнес эрхэлсэн хүн. Бизнесийнхэн босгосныхоо дараа тууз хайчилдаг. Харин улстөрчид бол ажлыг эхлэхдээ туузаа хайчилдаг. Бизнесээр “хүмүүжсэн” хүний хувьд би хийхээсээ өмнө, биш дараа нь ярьдаг. Биржийн тухай хуулийг анх өргөн барьснаас жил гаруйн дараа батлагдсан. Өнөөдөр үр өгөөжийг нь монголчууд бид мэдэрч яваа учраас ярьж байгаа юм.

Биржийн арилжаа эхэлснээр олон хүний “авлигын бизнес” зогссон. Уул уурхайн биржийн тухай хуулийг манай яамнаас оруулахад их зэмлэл хүртэж байсан. Явахгүй хоёрхон сарын дараа унана. Ж.Ганбаатар чи чадахгүй гээд л надад мөн янз бүрийн дарамт ирж байсан л даа. Худалдан авагч талаас ч их олон гомдол ирж байсан. БНХАУ-ын Элчин сайдын яамтай хамтарч бид олон удаагийн уулзалтыг зохион байгуулсан. Монголын талаас ч гэсэн машин тээвэр хийдэг хүмүүс, “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд хамтарч ажилладаг, туслан гүйцэтгэх компаниудаас ч олон гомдол ирсэн.

БНХАУ-аас ӨМӨЗО-ны олон аймгуудад бойкот шиг зүйлүүд болсон. Тухайлбал, Монголоос нүүрс авахаа больё гэдэг ч юм уу. Над руу маш олон албан бичиг, шаардлагууд ирсэн л дээ. Ам нөхцөлөөр авахаар тохирсныг болиуллаа. Тээврийн орлого манайд тэдэн тэрбум ам.доллароор орж ирдэг байсан бол буруу бодлогоос манайх алдагдал хүлээж байна гэхчилэнгээр гомдол их ирсэн. Хилийн цаана үлдчихдэг байсан тэрбум тэрбумаар тоологдох ам.доллар Монголд үлдсэн. Эдгээр олон үр дүн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиар бий болсон. Үүнийг би ганцхан өөртөө наамааргүй байна.Энэ бол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын ахалсан Засгийн газрын бодлого, ажлын үр дүн. Тэр дундаа Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, Ч.Хүрэлбаатар сайд байр суурьдаа хатуу байсны үр дүн. Ер нь нэг хэсэг танхим дотор ч маш эвгүй байсан шүү.

-Тэгэхээр танхим дотроо ч эвгүй байсан гэхээр зарим сайд эсэргүүцлээ ил цагаан хэлж байсан хэрэг үү?

-Олон талаас нь муу, сайнаараа хэлүүлсэн дээ. Үр дүнгээ өгсөн. “Маргааш наад Хятадын компаниуд нь бүгд гараад явах гэж байна. Хил дээр чинь бүх зүйл зогсох гэж байна. Бирж чинь бүтэхгүй байна” гэж маш олон хүн, олон сайд хэлж байсан. Биржийн хуулийг явуулахын тулд би өөрөө ажлын хэсгийг ахалсан. Олон зүйлтэй тулсан. Үр дүн гарсан. Бидний гаргасан үр дүнг ярих хүмүүс их байна л даа. Ажлын хэсгийг ахлаад, үр дүнг нь гаргах гээд, Хөрөнгийн биржээр явуулъя гээд зүтгэсэн. Өөр бирж байгуулах асуудал ч тэр үеэр хөндөгдсөн. Тэгэхээр цаг алдах гээд байсан. Шинэ бирж нь дахиад тендер зарлана. Тендерээр нүүрсний тонн тутмаас шимтгэл авна зэргээр олон асуудал, баахан маргаан үүснэ. Аягүй бол нөгөө маргааныг нь шүүхээр шийдүүлнэ гээд бүр удаашрах юм болно.

Тиймээс Хөрөнгийн биржийг ашиглах нь зөв гэж үзсэн. Процесс яривал маш олон бэрхшээл байсан. Саяхан үүссэн шатахууны хомсдолтой адилхан даа. Ялгаатай нь биржийн асуудал нийгэм биш, хэдэн нөлөө бүхий хүмүүстэй тулгарсан. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль Монголд үр шимээ өгсөн он боллоо. Энэ цааш үргэлжлээсэй гэж хүсч байна. Энэ ажлыг гацаах, үр дүнгүй болгох сонирхолтой хүмүүс их бий. Үүнийг бид байнга л таслан зогсоож байх ёстой. Улс орны эрх ашиг нэг номерт байх ёстой.

–Биржээр нүүрсний тодорхой хувийг арилжаалж байгаа шүү дээ. Яагаад бүгдийг нь арилжаалахгүй байгаа юм бол?

-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд “хувийн хэвшлийг сайн дурын оролцоотой” гэж заасан. Өнөөдөр нийт экспортод гарч байгаа 70 сая орчим тонн нүүрсний ойролцоогоор 45 хувийг нь “Эрдэнэс Тавантолгой” гаргаж байна. Үлдсэн 55 хувийг нь хувийн хэвшил нийлүүлж байгаа. 45 хувийнх нь тодорхой хэсэг нь өмнө нь урт хугацааны гэрээ байгуулагдчихсан. Урт хугацааны гэрээг шинэ хууль гарсан гээд цуцалж болдоггүй. Хэрвээ тэгвэл урт хугацааны гэрээ байгуулсан компаниуд ямар нөхцөл байдалд орох уу. Монгол Улс ч гэсэн нэр хүндийн хувьд хэцүү болно шүү дээ. Тиймээс бид шинээр байгуулагдаж байгаа бүх гэрээг зөвхөн биржээр зарахаар гэрээлж байна. Хоёрдугаарт, урт хугацаанд байгуулагдсан хэрнээ хууль зөрчиж байгуулсан бол шууд цуцалж байгаа.

“Эрдэнэс тавантолгой” компанийн тайланг сонссон бол 100 гаруй урт хугацааны гэрээ байснаас 18 болгож, бусдыг нь цуцалсан байна лээ. Нийт 11 сая тонн нүүрсийг “Эрдэнэс тавантолгой” компани биржээр зарсан. Цаашдаа зэс, төмөр, жоншоо биржээр арилжина. Энэ нь хүмүүсийн соёлыг өөрчилнө. Хэсэг хүмүүс бүр схем хийчихсэн байсан шүү дээ. Тээврээс нь ийм ашиг олно. Энэ зөвшөөрлөөс нь ийм ашиг олно гэхчилэнгээр.

Үүнээс гадна Биржийн тухай хууль нүүрс экспортолдог аж ахуйн нэгжүүдэд ямар боломж олгож байна гэхээр биржээр зарвал биржийн үнээс АМНАТ тооцно. Биржээр зараагүй бол Сангийн яамны журмаар гадаад үнээс АМНАТ тооцож байгаа. Энэ аж ахуйн нэгжүүдэд ашигтай. Бодитой борлуулалтаасаа АМНАТ-өө төлнө гэсэн үг. Үүнээс гадна сая сая тонноор нь нүүрс зараад л байдаг мөнгө нь Монголд бус, хилийн цаана үлдчихээд байсан. Оффтейк гэрээ ч гэдэг юм уу. Эсвэл хүмүүс цаанаа аваад наймаалцчихдаг байсан. Тэгвэл биржээр зарвал урьдчилаад мөнгөө өгдөг. Ингэж мөнгө Монголд үлдэх хамгийн гол боломж гарсан. Иймд валютын нөөц ч ихээр нэмэгдэж байна.

-Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт татах, эрдэс баялгийн өөр төрлийг эдийн засгийн эргэлтэд оруулах Монголчуудын хүсэл өнгөрөгч онд нэг алхам урагшилсан. Тэр нь ураны төсөл эхэлсэн явдал. Энэ төслийн явц одоо ямар байгаа вэ?

-Ураны төсөл 100 хувь манай яамаар дамжаагүй. Нөөцөө яаж ашиглах, ямар технологи хэрэглэх, АМНАТ-ийг яаж тооцож авах зэрэг бодлогын шийдлийг манай яам гаргана. Цөмийн энергийн тухай хуулиар энэ асуудал зохицуулагдана. БШУ-ны яамны харьяа Цөмийн энергийн газар энэ төслийг ерөнхийд нь базаж байгаа. Энэ төсөл урагшлах ёстой. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчид ураны төсөл цааш яахыг харж байгаа.

-Энэ том төсөл урагшилсны “зовлон танай яам дээр ирлээ гэж харсан. Ил хэлбэл бензин шатахууны нийлүүлэлтээр дамжиж?

-Нийгэмд ийм хардлага байсан. Би сайдын хувьд ийм зүйл байхгүй гэж ойлгож байгаа.

-УУХҮ-ийн сайдаас асуух ёстой дараагийн асуулт бол дараагийн Эрдэнэт, дараагийн Таван толгой, Оюу толгой хаана байна вэ?

-Манай эдийн засаг хоёр, гуравхан уурхайн нуруун дээр байна гэдэг. Эрдэс Тавантолгой, Эрдэнэт, Оюу толгой. Эдгээр уурхайнууд аль социализмын үед нөөц нь тогтоогдсон. Угтаа Монгол Улс геологийн потенциалын хувьд маш сонирхолтой байршилд байдаг. ЕBRD-ийн 2018 оны судалгаагаар Монгол Улс ОХУ-ын дараа орохуйц эрдэс баялгийн потенциалтай, ирээдүйн төлөвтэй улсаар нэрлэгдсэн. Гэвч бидэнд 1990 оноос хойш хийсэн тодорхой судалгааны үр дүн алга. 200 мянганы зураглалаар нийт нутаг дэвсгэрээ 100%, 50 мянганы зураглалаар 43 хувьтай судалгааны ажил хийсэн. Гэсэн хэдий ч үр дүн хангалтгүй байгаа.

Гэхдээ орчин үеийн шаардлагуудыг хангасан, хангалттай дата бидэнд алга. Тиймээс манай яамны зүгээс энэ геологийн суурь судалгааны ажлыг олон улсын шинэ, дэвшилтэт технологи, арга зүйгээр хийлгэж, өөрсдийн хийсэн ажлын үр дүнтэй харьцуулах, тэдний туршлагыг улсдаа нутагшуулах зорилго тавин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл энэ процессыг түргэвчлэхийн тулд агаарын геофизикийн ажлыг анхаарч үзэж байна. Агаарын геофизикийн ажил гэдэг нь тусгай техник хэрэгслээр тоноглосон онгоц, дрон ашиглаж агаараас богино хугацаанд газар доор юу байна гэдгийг тандан судалдаг.

Энэ чиглэлд УУХҮ-ийн яам маш тодорхой бодлогыг хэрэгжүүлж байна. Би сайдын ажил авснаас хойших гадаад хурал чуулган, албан томилолтуудаараа энэ чиглэлийг онцгой анхаарч судалсан, эрэл хайгуул хийсэн. Судалгааны компаниудтай уулзсан, Монголд урьж ажиллуулсан. Үүний үр дүнд 2023 онд бага хэмжээний санхүүжилт төсөв дээр тавиулж, түүгээрээ тест маягаар олон улсын тендер зарласан. Тендерт маань агаарын геофизикийн чиглэлээр дэлхийн тэргүүлэх компани болох Испани улсын X-Сalibur компани ялсан. Судалгааны ажил нь ондоо багтаж дууссан.

Одоо тайлангаа бичиж байгаа. Тайлан бичих гэж уддаг юм байна л даа. Эхний улиралд багтаад дуусах байх. 2024 оны төсөвт бид 40 тэрбум төгрөг тавьсан. Газар тариалангийн болоод ойтой бүсийг манай яам эвдэхгүй байхыг хүсч байгаа. Монгол Улсынхаа говь хээр талын бүсийг хамруулж орчин үеийн дата бүхий судалгаатай болж авбал хаана нь ямар баялгаа яаж ашиглуулах, хаана нь газрын ховор элементийг түлхүү ашиглуулах, хаана нь уул уурхай явуулах, хаанаа явуулахгүй байх гээд бодлогын чиглэл гаргах боломжтой болно. Хаана нь алт, нүүрс ашиглуулах, хаана нь зэс байна гэдгээ тодорхой болгож, түүндээ тохирсон дэд бүтцээ татаад үүнийгээ гаргахын тулд тандан судалгаа зайлшгүй хэрэгтэй.

Бид үүнийгээ эхлүүлчихсэн. 40 тэрбум төгрөг төсөв дээр тавиулж чадсан. Үүнийг би бусдын буцалтгүй тусламж, хувийн болон гадаадын хөрөнгө оруулалтаар хиймээргүй байгаа юм. Ямар нэгэн хараат байдлыг үүсгэхгүй гэж зорьж байна. Тиймээс ч зайлшгүй төсөв дээр тавьж өгөөч гэж Засгийн газар болон УИХ-аас хүссэн. Гадаадын юм уу, хувийн компанийн хөрөнгөөр хийчихвэл бид тэр рүү орох үндэслэл хумигдмал болчихно.

Үндэсний аюулгүй байдал талаасаа ч тийм. Тиймээс төсвийн хөрөнгөөр хийх нь зөв шийдэл. Үүний үр дүнд дараагийн Эрдэнэт, дараагийн Оюу толгой, Эрдэнэс Тавантолгой олдоно гэдэгт итгэлтэй байгаа. Гэхдээ тандан судалгааг өнөөдөр хийгээд маргааш олдчихгүй.Тандан судалгааны үр дүнд хайгуул явах ёстой. Судалгааны үр дүнд дэлхийн шаардлагыг хангасан датаг авна. Тэр мэдээллийг PDAC, IMARC дээр очиж зарлана. Энэ бол манай яамны гол зорилго.

2023 оны гуравдугаар сард Канадад болсон PDAC дээр X-Сalibur компанийнхантай уулзаж манай тендерт оролцооч гэсэн урилгыг өгсөн. Учир нь X-Сalibur компани сая ам.доллар ч юм уу бага дүнтэй тендерийг сонирхохгүй. 200-300 тэрбум ам.долларын ажлыг хийдэг. Тиймээс уулзалт хийж ирээдүйд хийх олон ажил байгаа гэдгээ хэлж, улсынхаа тогтоц, газар зүйн байршил, онцлогийг сайтар сурталчлан таниулж байж тендерт оролцуулсан.

Манай яамны зүгээс 2024 онд хэрэгжүүлэх агаарын геофизикийн ажилд ихээхэн ач холбогдол өгч, анхнаас нь шаардлага өндөртэй байлгаж чанартай гүйцэтгэл авахын төлөө анхаарч байна. Тиймээс тендерийн баримт бичиг боловсруулалтад Английн /ИБУИНХУ/ төрийн өмчит геологи, геофизикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг IGS-“International geoscience services” компани МУ дахь ИБУИНХУ-ын элчин сайдын яамны дэмжлэгээр үнэ төлбөргүйгээр зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа.

Тус компани нь геологийн судалгааны чиглэлээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг, арвин туршлагатай, нэр хүндтэй компани бөгөөд бидэнтэй хамтран манай тендерийн баримт бичгийн төслийг нэг дүгээр сардаа багтаан бэлтгэж дуусгахаар ажиллаж байна. Зөвхөн тендерийн баримт бичиг боловсруулахад туслахаас гадна тендер шалгаруулалтад туслах, шалгарсан ажлуудад хөндлөнгийн хяналт хэрэгжүүлэхэд цаашид хамтран ажиллах талаар бид ярилцаж байгаа.