Баянгол дүүргийн Охид, хөвгүүдийн зөвлөлөөс санаачлан “TEEN TALK” хэлэлцүүлгийг 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа.
Өсвөр насны хүүхдүүдийн зүгээс холбогдох албан тушаалтнууд, эцэг эх, асран хамгаалагч, багш нартаа хандаж “Биднийг сонсооч” хэмээн өөрсдийнхөө өмнө тулгамдсан асуудал, бэрхшээлийг ярьж, гарц шийдлийг хамтдаа хайж, санаа оноогоо хэлэлцсэнээрээ энэ арга хэмжээ анхдагч юм.
Тиймээс ч Баянгол дүүргийн ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Сэмжидмаа нээлтийн үгэндээ “Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын үе тэнгийнхнээ анх удаа манлайлж, тэднийг төлөөлөн томчуудад дуу хоолойгоо хүргэх, асуудлаа ярилцах хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа хүүхдүүддээ талархал илэрхийлье. Өнөөдөр өсвөр насны хүүхдүүдэд ямар асуудал тулгарч байгааг мэдэхгүйгээр, тэднийг сонсохгүйгээр, шийдвэр гаргах төвшинд дуу хоолойг нь хүргэхгүйгээр бид цаашаа явахгүй. Хөгжил шийдлийн тухай ч ярих боломжгүй” хэмээн онцолсон.
Охид, хөвгүүдийн зөвлөлийн гишүүн, манлайлагч хүүхдүүдийн урилгыг хүлээн авч “TEEN TALK” хэлэлцүүлэгт Баянгол дүүргийн ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Сэмжидмаа, Баянгол дүүргийн Шүүхийн ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, Баянгол дүүргийн Ерөнхий прокурорын орлогч Ч.Мөнх-Эрдэнэ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Даваажаргал, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн хүүхэд хариуцсан албан хаагчид, ЕБС-ийн анги удирдсан багш нар, сэтгэл зүйчид, хороодын хамтарсан багийн нийгмийн ажилтнууд, эцэг, эхийн төлөөлөл хүрэлцэн ирсэн.
Мөн Баянгол дүүргийн манлайлагч хүүхдүүдээ төлөөлөн 20 сургуулийн 90 сурагч оролцож, сонирхсон асуултдаа хариулт авч, өсвөр насныханд хамгийн их тулгардаг асуудлуудаа ярилцав.
Үүнд, хүүхдүүд үе тэнгийнхний дээрэлхэлт, цахим дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл зүйн бэрхшээл, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, аав, ээжүүд тэр бүр хүүхэдтэйгээ ярилцах цаг гаргадаггүй, хөвгүүдийг багаас нь хаттай өсөх ёстой гэсэн шаардлага, хандлага их байдаг, аав, ээжүүд өсвөр насныхны үерхэлийг ойлгодоггүй зэрэг олон асуудлыг хөндлөө.
Түүнчлэн 11 дүгээр ангийн сурагч эцэг, эхдээ хандаж “Бид өөрсдөө хүүхдээрээ байхад бидэнд яагаад бас нэг амь хариуцуулаад хүүхэд харуулаад байдаг вэ. Ямар нэг аюултай зүйл болвол бид хариуцлага хүлээх үү?” гэж асуусан нь онцлог, хөндүүштэй асуулт байсан юм.
Цахим дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн хувьд хичээлдээ дургүй болох, өөртөө итгэлгүй болох, өөрийгөө тусгаарлах зэрэг үр дагавар гардаг байна. Нэг тоо дурдахад, Баянгол дүүргийн ЕБС-иудын 160 охиноос судалгаа авахад 55 хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртдөг гэж хариулжээ. Сургуулиудад сэтгэл зүйч байдаг гэж охидын 88 хувь нь хариулсан боловч 82 хувь нь нууцаа алдахаас айдаг гэсэн шалтгаанаар сэтгэл зүйчдээ ханддаггүй гэсэн байна. Энэ нь сургуулийн багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид, эцэг, эхийн зүгээс анхаарах ёстой чухал асуудал юм.
Хэлэлцүүлэг ийнхүү үр дүнтэй, тодорхой шийдлүүд гаргасан арга хэмжээ болж өндөрлөсөн. Тухайлбал, цаашид хүүхдүүд томчуудад хандаж асуудлаа ярилцах боломжийг бүрдүүлж 7 хоногийн баасан гараг бүр 15.00-16.00 цагт дүүргийн ИТХ-ын Иргэний танхим нээлттэй боллоо.
Мөн Цагдаагийн байгууллагын зүгээс хүүхдүүд үе тэнгийнхэндээ хандсан контент бүтээхэд хамтран ажиллах, утсаар зөвлөгөө авах боломжтойг хэлж байлаа.
0 cэтгэгдэлтэй