Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдаж, 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр усны нөөцийг бага бохирдуулбал бага, их бохирдуулбал их төлөх зарчмыг баримтлан хаягдал усаа стандартад нийцүүлэн цэвэрлэж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг бодлогоор дэмжих асуудлыг тодорхой тусгаж өгсөн. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулинд Ус, рашааны нөөцийг ашиглан хаягдал ус гаргаж, усны найрлага, чанарт нөлөөлж байгаа үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр ус бохирдуулсны төлбөр төлөгч байна гэж заасан байдаг.
Улсын төсөвт 2020 оноос хойш 2023 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 4.71 тэрбум төгрөг төвлөрсөн байна.Ногдуулсан төлбөрийн 60 орчим хувь нь Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжаас хүрээлэн буй орчинд нийлүүлсэн хаягдал усны төлбөр байна. Сүүлийн жилүүдэд ус ашиглагчид болон хэрэглэгчид төрөл бүрийн химийн бодисын агууламж өндөртэй гоо сайхан, цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг ахуйн хэрэглээндээ ихээр хэрэглэх болсноос хаягдал усанд химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ихсэж, улмаар цэвэрлэх байгууламжийн идэвхит лаг буюу бичил биет амьтныг устгах, биологи цэвэрлэгээний түвшинг бууруулах нөхцөл болж байна. Төлбөрийн орлогын 70 гаруй хувь нь уул уурхайн салбараас төвлөрсөн байна.
Хот суурин газрын гадаргын усны чанар, бохирдол:
Нийслэл хотын суурьшлын нөлөөгөөр Туул голын бохирдолд нөлөөлдөг хамгийн том эх үүсвэр нь Төв цэвэрлэх байгууламж болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бусад цэвэрлэх байгууламжаас дутуу цэвэрлэгдсэн ус Туул гол, түүний цутгал голуудад нийлүүлэгдэж байна. Үүнд: Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн урьдчилсан цэвэрлэх байгууламжаас гарч буй хаягдал ус Улиастай голд, Дамбадаржаагийн цэвэрлэх байгууламж Сэлбэ голд, Баянгол буюу Найрамдал зуслангийн цэвэрлэх байгууламж Баян голд, Төв цэвэрлэх байгууламж болон Нисэх, Био тосгон, Био комбинат ТӨХХК-ийн цэвэрлэх байгууламжууд нь цэвэрлэсэн хаягдал бохир усаа Туул голд тус тус нийлүүлдэг.
Байгаль орчин, хэмжилзүйн төв лабораторийн 2022 он, Усны газрын Хяналтын төв лабораторид 2023 онд Туул голын усны чанарт хийсэн шинжилгээний дүнг “Усан орчны чанарын үзүүлэлт. Ерөнхий шаардлага. MNS 4586:1998“ стандарттай харьцуулахад:
2022 онд Улаанбаатар хотоос дээш болон хот орчимд Туул голын усны эрдэсжилт, хүчилтөрөгчийн горим болон бусад бохирдуулах бодис хэвийн, харин хотын Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус Туул голд нийлснээс доош голын усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 6.80 – 181.7 мгО/л хүрч стандартаас 2.3 – 60.6 дахин, эрдэс фосфор /Рэрд/ 1.74 – 5.64 мгР/л хүрч стандартаас 17.4 – 56.4 дахин,аммонийн азот /NH4/-ын агууламж өвөл, хаврын улиралд 2.07 – 38.20 мгN/л, зуны улиралд 1.18 – 4.60 мгN/л-т тус тус хүрч стандартаас 3-76 дахин, нитритийн /NO2-/-ын агууламж 0.033 – 0.354 мгN/л хүрч стандартаас 1.6 – 17.7 дахин тус тус давсан буюу усны чанарын индексээр маш бохир ангилалд орж байсан бол 2023 онд Улаанбаатар хот орчимд Туул голын усны эрдэсжилт, бичил элементийн үзүүлэлт хэвийн, харин биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ/-ийн агууламж 1375 мг/лхүрч стандартаас 27,5 дахин, Химийн хэрэгцээт хүчилтөрөгч 528 мг/л хүрч стандартаас 26,4 мг/л дахин давсан буюу бохирдлын хэмжээ ихэсч маш бохир ангилалд байна.
Улаанбаатар хотын орчимд хавар, зуны улиралд гол дагасан ард иргэдийн үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдол нэмэгдэж байна. Үүнд: шар усны үер, голын усанд орох, машин тэргээ угаах зэргээс үүдэн усны нитрит /NO2/, нитратын /NO3/, фосфор/Р/-ийн агууламж Сонсголон, Сонгино дээд цэгийн орчимд стандартын хүлцэх дээд агууламжаас бага зэрэг давсан тохиолдол илэрсэн байгаа бол Улаанбаатар хотоос доош буюу Сонгинын гүүрний доод хэсэгт Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус нийлүүлснээс доош Сонгино доодоос Алтанбулаг хяналт шинжилгээний цэгийн орчимд 2021 оны хяналт шинжилгээний дүнгээр 4 дүгээр зэргийн “Бохирдолтой” ангилалд багтаж байсан бол 2022 оны хяналт шинжилгээний дүнгээр 6 дугаар зэргийн “Маш бохир” ангилалд орж усны чанар муудсан байна.
Усны бичил амь судлалын шинжилгээгээр Сэлбэ голын эхэнд болон урсац дундын хэсгээс нянгийн бохирдол Гэдэсний савханцар, Халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илэрч байгаа нь голын усны орчин хүн, амьтны ахуйн бохирдол их байгааг харуулж байгаа тул халдварт өвчин үүсэхээс сэргийлж бохирдсон хөрс, орчныг ариутган халдваргүйжүүлэлт хэрэглэн ариутгал хийх шаардлагатай.
Химийн шинжилгээний үр дүнгээр Химийн хэрэгцээт хүчилтөрөгч болон Биологийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ Хүрээлэн буй орчин, усны стандартаас хэтэрсэн төдийгүй Хүрээлэн буй орчин. Хаягдал ус MNS 4943:2015 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 10 дахин өндөр үзүүлэлттэй байгаа нь усны бохирдол хэт өндөр байгааг илэрхийлж байна.
0 cэтгэгдэлтэй