Сүүлийн жилүүдэд “төрийн өмчит” гэх тодотголтой байгууллагуудын нэр хүнд уналтад орж, иргэдийн итгэл алдарч байгаагийн нэг тод жишээ дахин гарлаа. Нийслэлийн хэмжээнд зам засвар, арчлалтын ажил хариуцдаг Улаанбаатар зам, засвар арчлалтын газрын дарга асан Б.Галхүү, Санхүүгийн албаны дарга асан Н.Лхагвасүрэн нар төсвийн мөнгийг хувийн хэвшлийн нэр бүхий компаниудад ямар ч баримт бүрдэлгүйгээр шилжүүлсэн гэх ноцтой хэрэг илэрлээ. Тухайлбал, 2024-2025 оны хооронд 8.7 тэрбум төгрөгийг “ажил үйлчилгээ худалдан авсан” гэх халхавч дор шилжүүлж, өөрсдийн хамаарал бүхий иргэдийн дансаар авсан байна. Энэ нь татвараас зайлсхийх, цаашлаад мөнгө угаах схем байсан байж болзошгүй гэж хууль хяналтын байгууллагууд үзэж байгаа юм.
Төсвийн мөнгө ийнхүү хяналтгүй урсаж байхад нийслэлийн иргэд эвдэрхий зам, стандарт хангахгүй бүтээн байгуулалтын горыг амссаар л байна.
Хамгийн анхаарал татаж байгаа зүйл нь энэ хэрэг ганц нэг ажилтны алдаа биш, харин удирдлагын түвшинд зохион байгуулалттайгаар хийгдсэн байгаад оршиж байна. Улаанбаатар зам, засвар арчлалтын газрын дарга асан Б.Галхүү, Санхүүгийн албаны дарга асан Н.Лхагвасүрэн нар нь өөрсдийн хамаарал бүхий иргэдийн данс руу мөнгө шилжүүлж, олон гүйлгээгээр дамжуулан эх үүсвэрийг нуусан байж болзошгүй байдал нь системийн авлигын шинжтэй асуудал болж байгаа юм.
Ер нь Улаанбаатар зам, засвар арчлалтын газар НӨААТҮГ болоод дарга удирдлагуудтай холбоотой олон асуудал байдаг. Жишээ нь зам засвар, арчлалтын ажил нь их хэмжээний төсөвтэй байдаг тул тендерүүдийг хууль бусаар явуулж тодорхой компаниудад давуу байдал олгодог, өрсөлдөөн хангалтгүй явагддаг гэсэн асуудал маргаан байнга гардаг. Энэ бүхний ард авлига, мөнгө угаах гэмт хэрэг өрнөдөг байх магадлал өндөр. Учир нь шинээр зассан зам богино хугацаанд эвдэрдэг, үе үе зам засварын ажил өрнөж төсвийн үр ашиггүй зарцуулалт их гардаг.
Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-ын 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлангаас харвал, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулаагүй 41,744.5 мянган төгрөгийг зарцуулсан байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Захиалагч ерөнхий гэрээний аргаар худалдан авахаас бусад тохиолдолд хуульд заасан төсөвт өртөгт үндэслэн тендер шалгаруулалтын дараах аргын аль нэгийн дагуу зохион байгуулна”, Засгийн газрын 2024 оны “Худалдан авах ажиллагаанд баримтлах төсөвт өртгийн дээд хязгаар тогтоох тухай” 02 дугаар тогтоолтой тус тус нийцхгүй, санхүүгийн тайлагналын “нийцсэн бөгөөд зохистой байх”, “эрх ба үүрэг” батламж мэдэгдлийг тус тус хангахгүй байна.
Үүнээс улбаалаад төрийн өмчит компаниудыг хэн хянаж байна вэ, хэн хариуцлага хүлээх вэ, жил бүр татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг эдгээр байгууллагууд улс төрийн томилгооны “ашиг сонирхлын талбар” болон хувирсан уу гэсэн асуулт дагаж байгаа юм.
Эцэст нь, энэ бол ганц байгууллагын асуудал биш энэ бол төрийн хариуцлагын асуудал.

0 cэтгэгдэлтэй