Төв аймаг “U money” цахим картын үйлчилгээг  нийтийн тээврийн үйлчилгээндээ нэвтрүүллээ

newslifemn 2023-09-11

Төв аймаг “Зуунмод нийтийн тээвэр” төслийг хэрэгжүүлж ажиллаж байгаа билээ. Энэ төслийн хүрээнд  “Улаанбаатар Смарт карт” ХХК-тай хамтран “U money” цахим картын үйлчилгээг  нийтийн тээврийн үйлчилгээндээ нэвтрүүлжээ.
“Улаанбаатар Смарт Карт” ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдаж, Улаанбаатар хоттой мастер гэрээ байгуулан Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд  “Удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем”-ийг нэвтрүүлэн ажилладаг. Харин одоо  Улаанбаатар хот болон Төв аймгийн Зуунмод сумын иргэд нийтийн тээвэрт нэг системээр буюу нэг картаар зорчих боломжтой болж байна.
Төв аймгийн нийтийн тээврийн үйлчилгээнд дөрвөн автобус, 4 чиглэлд зорчиж, өдөрт 28 рейс гүйцэтгэх юм.
“U money” цахим картыг Төв аймгийн Зуунмод сумын нэгдүгээр баг Манзушир өргөө хороолол “Ихэр заяа” дэлгүүр, 2 дугаар баг Ланс II буудал “Таван эрдэнэ” дэлгүүр, 3 дугаар баг Баянхошуу “Ивээл” маркет, 4 дүгээр баг Зүүндэлгэр “Өрнөх” дэлгүүр, 6 дугаар баг Энхтайван “Замт” дэлгүүр гэсэн таван байршилд цэнэглэж, худалдаалах аж.