БОАЖЯ-аас цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, экологи-эдийн засгийн ач холбогдлын талаар иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор “Байгальд ээлтэй хэрэглээг гэр бүлийнхээ төлөө сонгоё” уриатай Цахилгаан авто машины нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.
Энэ өдөр цахилгаан автомашины бүх талын мэдээллийг авахаас гадна, 100 гаруй загвараас унаж үзэх, уян хатан зээлийн сонголт, байгальд эерэг нөлөөллийн тухай танилцуулж байсан юм.
Цахилгаан автомашин нь бензин хөдөлгүүрт автомашины адил бартаа туулах чадвар, хурд, хүч нь тэнцүү бөгөөд байнгын засвар үйлчилгээ шаардахгүй, тос масло, бензинд зарцуулдаг зардал маш бага юм. Өөрөөр хэлбэл хэрэглээнээс шалтгаалж цэнэглэх үед 14 хоногт 5500 – 10000 төгрөгийн зардал гардаг. Энэ нь эрчим хүчний зарцуулалт бага, эдийн засгийн бодит хэмнэлт авчрахаас гадна байгаль экологид эерэг нөлөөлөл үзүүлж байна.
Монгол Улсад бүртгэлтэй нийт автомашины 0,05 хувийг цахилгаан автомашин эзэлдэг ба үүнээс суудлын 500 гаруй, автобус 100 орчим байдаг байна.
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь Конвенцод нэгдсэн улс орнууд “Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хязгаарлахад чиглэсэн арга хэмжээ авах зорилт”-ыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг.
Энэ хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль орчинд эерэг нөлөөлөл үзүүлэх арга хэмжээг олон улс орнууд хэрэгжүүлж, цахилгаан автомашины хэрэглээг иргэддээ санал болгож байна.
0 cэтгэгдэлтэй