Экспортын нэг цонхны систем нэвтрэхэд бэлэн болжээ

newslifemn 2023-05-16

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг бодлогын баримт бичгүүдэд Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэгээр Хөдөө аж ахуйн салбарыг тодорхойлдог. Энэ хүрээнд манай улс хүнс экспортлогч орон болох тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Тиймээс экспортлогч аж ахуйн нэгжүүдийн экспортын зөвшөөрөл бүрдүүлэх хүчин чармайлтыг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээг цахимжуулах зорилго бүхий “Экспортын нэг цонхны систем”-ийг нэвтрүүлэхэд бэлэн болжээ.  

Тус системийг нэвтрүүлснээр экспортлогч аж ахуй нэгжүүдэд тулгардаг байсан олон бэрхшээл арилж байгаа юм. Тухайлбал, цаг хугацаа, зардал мөнгө буурч, экспортын гэрчилгээг олгоход бүрдүүлдэг баримт бичиг, шат дамжлагыг багасгаж, энэ бүхнийг цахимаар шийдэх боломжтой боллоо. Мах экспортлоход 26 нэр төрлийн 50 гаруй давхардсан баримт бичиг бүрдүүлдэг байсан бол 15 болж, зарцуулах хугацаа 316 цаг буюу 13 хоногийг 4 хоног хүртэл багасгаж байна.

Өнөөдрийн байдлаар системийн хөгжүүлэлтийн үе шат дуусч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Гаалийн ерөнхий газрын цахим системүүдийг бүрэн холбож дуусчээ.

 Тиймээс 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн экспортын гэрчилгээг цахимаар хүсэх ажлыг туршилтаар эхлүүлээд байна.