ЮНЕСКО-гийн Суралцагч хотуудын дэлхийн сүлжээнд Монгол Улсаас анх удаа Нийслэлийн Баянгол дүүрэг, Орхон аймгийн Баян-Өндөр сум нэгдэж, өнөөдөр албан ёсоор батламжаа гардан авлаа.
Энэ нь Монгол Улсад насан туршийн суралцахуйн бодлого орон нутгийн түвшинд бодитоор хэрэгжиж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж буйн илэрхийлэл юм.
ЮНЕСКО-гийн Насан туршийн суралцахуйн хүрээлэнгийн санаачилгаар 2013 онд байгуулагдсан уг сүлжээнд өнөөдөр 91 улсын 498 хот нэгдээд байна. 2025 онд 46 орны 72 хот шинээр элссэний дотор Монгол Улсын хоёр хот багтлаа.
Баян-Өндөр сум, Баянгол дүүрэг нь иргэдэд чиглэсэн сургалт, оролцоо, түншлэлд суурилсан бодит үйл ажиллагаагаараа Суралцагч хотын шалгуурыг хангаж, олон улсын сүлжээний гишүүн болов. Энэхүү батламж нь суралцах боломжийг хүртээмжтэй, чанартай болгох, нийгмийн эмзэг бүлгийг дэмжих, үр дүнг хэмжиж тайлагнах зэрэг урт хугацааны үүрэг, амлалт хүлээж буйг илэрхийлдэг байна.
Сүлжээнд нэгдэхэд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, орон нутгийн удирдлагууд, Насан туршийн суралцахуйн төвүүд хамтран идэвхтэй ажилласанд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос талархал илэрхийллээ.

0 cэтгэгдэлтэй