Оюутны менторшип тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг төслүүдийг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлнэ

newslifemn 2 цагийн өмнө

НИТХ-ын дарга А.Баярын санаачилгаар Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс анх удаа оюутан залуусыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хөгжлийн бодлогод оролцоо, манлайллыг хангах зорилгоор оюутны “Менторшип” тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.
Хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр боллоо. Арга хэмжээнд хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны дарга Ү.Оюунзул, НИТХ-ын төлөөлөгч, Ажлын хэсгийн гишүүн Т.Батцогт, НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа, НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны гишүүн Б.Дөлгөөн болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын удирдлагууд, АТГ, Монголын Улаанзагалмайн нийгэмлэгийн төлөөллүүд оролцлоо.
Энэхүү тэтгэлэгт сүүлийн шатанд 10 баг буюу 100 шилдэг оюутан шалгарч тэтгэлэг хүртлээ. Тэтгэлэг хүртсэн шилдэг төслүүдийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд танилцуулж, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлэх байна.
Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Монголын оюутны холбоо, Монголын Улаан загалмай нийгэмлэг зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
Тус хөтөлбөрт шалгарсан 100 оюутанд дараах тэтгэлэгийг олголоо.
10 оюутан тус бүрт 3,500,000₮
10 оюутан тус бүрт 2,500,000₮
80 оюутан тус бүрт 2,000,000₮ – ийн урамшуулал олгож сурах, хөгжих үйл явцад дэмжлэг үзүүллээ.