ЭЗБХ: УИХ-ын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсож, ажлын хэсгүүд байгуулав

newslifemn 2025-06-10

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.06.10) хуралдаан гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр 14 цаг 33 минутад эхэлж, зургаан асуудал хэлэлцэхээр тогтов. Эхлээд Улсын Их Хурлын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Лувсанжамц танилцуулсан юм.

Улсын Их Хурлын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар Хот, суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Э.Батшугар, Х.Болормаа, Х.Жангабыл, Д.Жаргалсайхан, Ц.Мөнхбат, П.Мөнхтулга, Б.Найдалаа, Г.Очирбат, Л.Соронзонболд, А.Ундраа, М.Энхцэцэг нар ажилласан байна.

Ажлын хэсэг Байгаль орчны яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эрчим хүчний яам, Сангийн яам, Монголбанк, арилжааны банкууд, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэдийн төлөөлөл, олон улсын байгууллагуудтай албаны байдлаар 11 удаа, албан бусаар 9 удаа гээд нийтдээ 20 удаагийн уулзалт, хэлэлцүүлэг хийсэн гэв. Асуудлыг эрэлт, нийлүүлэлт, чанар болон хэрэглэгч, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод, банк, санхүүгийн байгууллагууд гэсэн бүх талын оролцогчийг хамруулан хэлэлцсэн болохоо тодотгов.

Үргэлжлүүлэн ажлын хэсгийн ахлагч хот, суурин газарт ногоон санхүүжилтийн тогтолцоог хэрэгжүүлэх шаардлагын талаар танилцуулсан юм. Уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, эрчим хүчний үрэлгэн хэрэглээ, дэд бүтцийн хүртээмжгүй байгаа асуудал нь хот, суурин газрын иргэдийн амьдралын чанар, эрүүл мэнд, эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлж байна. Өвөлдөө хэт хүйтэн, утаатай нөхцөлд иргэдийн амьдрах орчинд учирч буй сөрөг нөлөөлөл нь зөвхөн агаарын чанарт биш, амьдралын өртөгт ч хүчтэй нөлөөлж буй тул ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцжуулалтын бодлого боловсруулах зайлшгүй шаардлага үүссэн гэж санал, дүгнэлтдээ дурджээ. Түүнчлэн нийт 170 мянга гаруй өрх нийслэлийн гэр хороололд, орон даяар 300 мянга гаруй өрх хот суурин газрын гэр хороололд амьдарч байгаагаас дийлэнх нь стандартын шаардлага хангаагүй дулаалгатай байгаа тоо баримтыг дурдав. Түүврийн аргаар хийсэн судалгаанаас үзэхэд гэр хорооллын өрхийн 50-иас илүү хувь нь дулаалгын ажил хийх хүсэлтэй ч ердөө 10 гаруй хувь нь зээл авах бололцоотой гэж хариулсан байна. Гэтэл банкны зээлийн шалгуур өндөр ногоон зээлийн хүртээмж хангалтгүй, иргэдийн орлогын албан ёсны баталгаажилт дутмаг, мэдээлэлгүй байдал зэрэг хүчин зүйлсээс үүдэлтэйг судалгаанд оролцогсод онцолсон гэлээ.

Монгол Улсын нийт зээлийн багц дахь ногоон зээлийн эзлэх хувь 3.7 хувь байгаа бөгөөд Монголбанкнаас 2030 он гэхэд 10 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгааг танилцуулсан. Гэвч одоо мөрдөгдөж буй хууль, журам, санхүүгийн бүтээгдэхүүний нөхцөл, банкуудын эрсдэлийн удирдлага нь дээрх зорилгод хүрэхэд саад болж байгаа хэмээн ажлын хэсэг дүгнэсэн байна. Ногоон барилгын шалгуур (BestGer), санхүүжилтийн эх үүсвэрийн зориулалтын зохицуулалт, төрийн байгууллагуудын хоорондын уялдааг эрчимжүүлэх шаардлагатай. Барилгын стандарт, зураг төсөл, гүйцэтгэл, тайлагнал, баталгаажуулалтын олон систем зэрэгцэн оршиж байгаа ч тэдгээрийн хоорондын мэдээллийн солилцоог сайжруулах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх нь зүйтэй гэж үзснийг Г.Лувсанжамц гишүүн хуралдаанд танилцуулав.

Улсын Их Хурлын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс ногоон санхүүжилтийг үр дүнтэй зохион байгуулах саналуудыг гаргажээ. Тухайлбал, эрх зүйн орчны шинэчлэл хийх шаардлагатай бөгөөд Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төслийг боловсруулсан байна.

Ногоон болон уламжлалт (хүрэн) барилгын ялгааг барилгын төлөвлөлт, зураг төсөл, барилгын материал, эрчим хүчний хэмнэлт, утаагүй технологийн ашиглалт зэрэг шалгуур үзүүлэлтээр тодорхой ялган зааж, барилгын амьдралын мөчлөгийн (барих, ашиглалтад оруулах, ашиглалтын явц дахь хяналт-шинжилгээ) бүхий л шатанд нийцүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Барилгын тухай хууль болон ипотекийн зээлийн журмыг шинэчлэн сайжруулж эрчим хүчний хэмнэлттэй, утаагүй технологи нэвтрүүлсэн, ногоон барилгын шалгуурт нийцсэн шинэ орон сууцны төслүүдийг ипотекийн хөнгөлөлттэй нөхцөлд хамруулах, тухайн төслүүдийг Барилгын тухай хуульд “ногоон барилга” гэсэн ангиллаар тусгаж, ипотекийн зээлийн журмаар дэмжих онцгой нөхцөл, шалгуур, үнэлгээний аргачлалын өөрчлөлт хийх шаардлагатай хэмээн ажлын хэсэг үзэж, санал, дүгнэлтээ тусгажээ.

Ногоон зээлийн зорилтот хэрэглээг баталгаажуулах, хүүгийн хөнгөлөлт болон бусад дэмжлэгийг хэрэгжилттэй уялдуулах, мөн гадаад, дотоод санхүүжилтийн урсгалыг ил тод, хариуцлагатай удирдах зорилгоор “Хэмжилт-Тайлагнал-Баталгаажуулалт” (MRV) үндэсний тогтолцоог бий болгох, энэ хүрээнд хөндлөнгийн баталгаажуулалтын бүтэц, эрх бүхий мэргэжлийн байгууллагуудын оролцоо, зохицуулалтын механизмыг тодорхой болгох шаардлагатай гэв.

Гэр хорооллын бүсэд өөрсдийн хөрөнгөөр барьсан ногоон орон сууцыг үнэлгээний шалгуурт хамруулан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд албан ёсоор хамруулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, үр дүнд тухайн сууцыг эдийн засгийн эргэлтэд оруулж барьцаалан зээл авах, ногоон зээлд хамрагдах боломжийг иргэдэд олгох бөгөөд энэ нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, бүртгэл, барьцаа хөрөнгийн эрх зүйн болон зах зээлийн орчныг сайжруулах бодлогын нэг хэсэг байх болно гэж үзжээ.

Эрчим хүчний хэмнэлтийн түвшинтэй уялдуулан зээлийн хүүг бууруулах шаталсан урамшууллын тогтолцоо, тухайлбал эрчим хүчний 50 ба түүнээс дээш хувийн хэмнэлт бүхий төсөлд суурь хүүгээс 50 хувиар бууруулсан хүүтэй зээл олгох нөхцөлийг журамд тусгаж, хөдөлгөөнт хүүгийн механизм нэвтрүүлэх зэргээр санхүүжилтийн тогтолцоог сайжруулах боломжтой хэмээн ажлын хэсгийн санал, дүгнэлтэд дурджээ.

Одоо мөрдөгдөж буй богино хугацаатай, хэрэглээний зээлийн бүтэц нь иргэдийн хөрөнгө оруулалт хийх боломжийг хязгаарлаж байгаа тул “Хэрэглээний ногоон зээлийн журам”-ыг шинээр боловсруулж, ногоон зээлийн хугацаа, зориулалт, нөхцөлийг бодит хэрэглээтэй нийцүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Тус журамд зээлийн зориулалтыг заавал үндэсний баталгаажсан ногоон стандарттай уялдуулж, зээлийн доод хугацааг 5 жил байхаар тогтоох нь оновчтой хэмээн Г.Лувсанжамц гишүүн танилцуулав.

Дулаалгын зээлийн эх үүсвэрийг ангилж, хуваарилах; иргэдийн дулаалгын зээлээр хийсэн хөрөнгө оруулалтыг буцаан нөхөх боломжийг олгох зорилгоор Хүн амын орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тухайн иргэнд дулаалгын зээлээр зарцуулсан хөрөнгө оруулалтад (15 сая төгрөг хүртэл) татварын буцаан олголт үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх боломж бий хэмээн үзсэн байна. Мөн эрчим хүчний хэмнэлтийн гэрчилгээ авсан бөгөөд нийт эрчим хүчний хэрэглээг 70 ба түүнээс дээш хувиар хэмнэсэн, эсвэл олон улсын болон үндэсний стандартын дагуу баталгаажсан ногоон барилгын гэрчилгээтэй, амины орон сууц борлуулахад үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татварын хувь хэмжээг 2 хувиас бууруулж, 1 хувь болгох нь санхүүжилтийн тогтолцоог сайжруулах шийдлийн нэг байх болно хэмээн ажлын хэсгийн гишүүд үзжээ. Мөн орлого нь албан ёсоор нотлогдохгүй боловч зээлийн эргэн төлөлтийн чадавхтай иргэдийг зээлийн боломжоор хангах зорилгоор Зээлийн батлан даалтын сангийн оролцоог нэмэгдүүлж, тухайн иргэний зээлийн тодорхой хувийг батлан даах механизмыг журамлаж хэрэгжүүлэх; санхүүжих төсөл, хөрөнгө оруулалтыг барилгын хувьд “BestGer” стандарт харин гэрийн дулаалгын хувьд шинээр стандарт баталж (чип багцад тулгуурлаж болно), тэрхүү стандартыг хангасан байхыг үндэсний итгэмжлэгдсэн байгууллагаар баталгаажуулсан байх нөхцөлтэйгөөр журамлах нь оновчтой гэж Улсын Их Хурлын гишүүд үзсэн байна. Арилжааны банкууд олон улсаас татан төвлөрүүлсэн ногоон санхүүжилтын эх үүсвэрийг ногоон барилга, амины орон сууц, дулаалгын төсөлд 80 дээш хувийг зарцуулсан тохиолдолд Монголбанкнаас хэрэгжүүлдэг своп хэлцлийн хүүгийн хөнгөлөлтийг 0.5 дээш хувиар нэмэгдүүлэх эрх зүйн зохицуулалт хийж, журмыг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Ипотекийн зээлийн хүүгийн хөнгөлөлт, татаасыг зөвхөн нийслэл болон хот суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан дэд бүтцийн шинэчлэл хийгдэж буй утаатай бүсүүд буюу дэд төв, дахин төлөвлөлтийн бүсэд хэрэгжүүлж буй төслүүдэд олгохоор бодлогын зохицуулалт хийх; дулаалгын ажил гүйцэтгэсэн, стандартын шаардлага хангасан тохиолдолд тухайн зээлийг урьдчилгаа төлбөр шаардахгүйгээр дараа төлөх нөхцөлтэйгөөр олгох, батлан даалтын сангийн оролцоотой хослуулсан зээлийн бүтэц бий болгох гарцыг ажлын хэсгээс санал болгож буйг Г.Лувсанжамц гишүүн танилцуулсан.

Ногоон санхүүжилтийг үр дүнтэй зохион байгуулах талаар хэд хэдэн саналыг ажлын хэсэг томьёолсон байна. Нийслэл болон хот суурин газарт өрхийн цахилгаан халаалтын төлөвлөгөө боловсруулах; цахилгаан хангамжийн хүчин чадал, шугам сүлжээний найдвартай байдлын үнэлгээ хийх; Утаагүй бүсүүдийг орон нутгийн болон нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусган, шаардлагатай дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөтэй уялдуулах; Сайжруулсан шахмал түлшний татаасыг бууруулах, хэмнэгдсэн хөрөнгийг ногоон зээлийн хүүгийн татаасад шилжүүлэх механизм, журмыг боловсруулах; Ногоон барилгын мэдээллийн сан үүсгэж, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгчдэд нээлттэй болгох; Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалттай барилгад ногоон стандарт мөрдөх журам батлах боломжтой гэж үзсэн байна.

Ажлын хэсгээс боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталж, дурдагдсан төсөл, арга хэмжээг бодлогын түвшинд 2025-2032 оны хооронд хэрэгжүүлэх тохиолдолд нийслэлийн хэмжээнд 170 мянга, улсын хэмжээнд 300 мянга гаруй өрх эрчим хүчний хэмнэлттэй орон сууцтай болж, улмаар утаа, хорт бодисын ялгаралыг бууруулах боломжтой гэж тооцсон хэмээн Г.Лувсанжамц гишүүн танилцууллаа. 2028 он гэхэд агаарын бохирдол 50-иас дээш хувиар, 2032 он гэхэд 80 хувиар буурах боломжтой гэв. Мөн түлшний татаасны зардал буурч, дулаалгыг дэмжснээр утааг буурна гэж тооцсон байна. Үүний сацуу улсын хэмжээнд эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны барилга, гэрийн дулаалга өргөжиж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин сайжрах ач холбогдолтойг дурдаж байв.

Өнөөдөр банкнуудын олгож байгаа нийт зээлийн 3.7 хувийг ногоон зээл эзэлж байгаа бол 2030 онд 10 хувь болох боломжтой гээд “Энэ үр дүнгээ дулаалгын бодлогод чиглүүлж, эрчим хүчний хэмнэлттэй, амины орон сууцын бодлогыг дэмжихэд чиглүүлэх зорилтуудыг тавьсан” гэв.

Санал, дүгнэлтийнхээ төгсгөлд Улсын Их Хурлын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс “Дулаанбаатар” аяныг санаачлан эхлүүлж байгааг дуулгав. Мөн “Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулснаа танилцуулсан юм.

Байнгын хорооны дарга Р.Сэддорж, дээрх төсөл нь хэлэлцэх асуудлын дараалалд тусаагүй, мөн Улсын Их Хурлын гишүүд бүрэн танилцах шаардлагатай тул дараагийн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй хэмээгээд хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Дараа нь “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар Байнгын хорооны дарга Р.Сэддорж танилцуулж, Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт аван ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон үйл ажиллагаатай холбоотой санал хэллээ. Ингээд Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг сонссонтой холбогдуулан Монголбанк дахь Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалт, үр дүнгийн талаар хяналт, шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хяналт шалгалтын ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулан байгуулахаар болов. Бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж, М.Бадамсүрэн, П.Батчимэг, Б.Жаргалан, Д.Энхтүвшин, Б.Мөнхсоёл, Н.Батсүмбэрэл, П.Сайнзориг нар ажиллана.

Хуралдаанаар үргэлжлүүлэн нь “Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, П.Сайнзориг гишүүн төслийн танилцуулгатай холбогдуулан байр сууриа илэрхийлэв. Ингээд Байнгын хорооны дээрх төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжив. Үүний үр дүнд Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа орон сууцын ипотекийн зээлийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий хяналт шалгалтын ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан ахалж,  бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, А.Ундраа, Р.Сэддорж, П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл, Ш.Бямбасүрэн М.Мандхай, Дав.Цогтбаатар нар ажиллахаар боллоо. Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.