Халх голд ажилласан хамтарсан экспедиц 48 цэргийн шарил олжээ

newslifemn Өчигдөр

Монгол, Оросын хамтарсан сайн дурын экспедиц Халх голын бүсэд ажиллаж байна. “Халхын гол. Бидний алдар нэр улам их-2025” эрлийн экспедицийн эхний шатны ажил өндөрлөж, тэднийг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков хүлээн авч уулзах үеэр эхний ажлын тайлангаа танилцуулав

ОХУ-ын талаас экспедицийн дарга, ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн оюутны эрэл хайгуулын багийн ахлагч, “Цаг хугацаа болон үе хоорондын холбоо” сангийн дэд тэргүүн А.Б.Орлов болон тус сангийн дарга И.И.Симкина нарын мэдээлснээр 7 хоногийн идэвхтэй хайгуулын явцад 48 цэргийн цогцос олоод байна. Үүний дотор Улаан армийн 36, Монголын 5 болон Японы 7 (тэдний шарилыг Японы талд хүлээлгэн өгсөн) цэргийн цогцос олджээ. Цаашдаа Монгол, Зөвлөлтийн цэргүүд хэн болохыг тэднээс олдсон бичиг баримт, ДНХ-ийн шинжилгээний хариуг үндэслэн тогтоох ажлыг хийх аж.

Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн ивээл дор зохион байгуулж буй энэ жилийн экспедиц нь хамгийн их оролцогчтой ажиллаж байна. Тодруулбал, ОХУ-аас 15 мужийн 30 мэргэжилтэн, Монгол Улсын талаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба тэргүүтэй экспедицийн бүрэлдэхүүнд 130 гаруй хүн багтсан байна.

Ийм өргөн цар хүрээтэй экспедицийг зохион байгуулахад Монгол Улсын БХЯ их үүрэг гүйцэтгэж, хайгуулын экспедицийн аюулгүй байдлыг хангах үүднээс дэлбэрээгүй сум илрүүлж, устгах инженер-сапёрын бүлгийг томилсон байна.

БХЯ-наас мөн өдрийн гурван хоолтой, хүний шаардлагад нийцсэн бүх талын тохижилттой хээрийн бааз байгуулжээ. Эрлийн ажилд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 70 сонсогч ихээхэн хувь нэмэр оруулж байна.

Мөн Монгол Улсын ХЗДХЯ-наас шүүх эмнэлгийн шинжээчдийг томилж,  тэд ОХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран амиа алдсан цэргүүдийн хэн болохыг тогтоох цуврал судалгаа хийсэн байна. Харин Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын эрэлчид хил орчмын бүсэд эрэл хайгуулын ажлыг зохион байгуулжээ.

БНМАУ-ын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж, Халхын голд амь насаа алдсан Зөвлөлт, Монголын дайчдын дурсгалыг мөнхжүүлэх чухал ач холбогдолтой экспедицийн үйл ажиллагааг зохион байгуулахад гар бие оролцсон Монголын төр засгийн бүх байгууллагад ОХУ-ын ЭСЯ-наас гүн талархал илэрхийллээ. Эрлийн экспедицийн дараагийн II үе шат энэ оны 8-9 дугаар сард зохион байгуулах юм.