
Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хорооны даргын тушаалаар Эрчим хүчний экспортын чиглэлээр судалгаа хийх, стратегийн санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Эрчим хүчний яам, салбарын мэргэжлийн байгууллагын төлөөлөл, холбогдох судлаачдын бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна.
Сэргээгдэх эрчим хүчний экспортын чиглэлээр судалгаа хийх төслийн саналыг Монголын Бизнесийн зөвлөлөөс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд хүргүүлсэн бөгөөд энэ талаар тус банкны хөрөнгө оруулалтын ахлах ажилтан Константин Лимитовски, Төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн ажилтан Хонг Вэй нар болон Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн захирал Д.Зоригт, Монголын бизнесийн зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт, дэд дарга Бямбасайхан нарын хамт уулзалт хийж санал солилцлоо.
Монгол Улсын Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Харбин хотноо гарын үсэг зурж баталгаажуулсан нь хоёр улсын хооронд байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа шинэ шатанд хэрэгжих нөхцөл бүрдэж, энэхүү хэлэлцээрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр БНХАУ-ын талтай хамтран ажиллах асуудал тусгагдсан юм.
0 cэтгэгдэлтэй