
ШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалт эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх сувилагчийг мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэ төвийг байгуулах санаачилга гаргасан юм.
Бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд Ерөнхийлөгч оролцлоо. Тэрбээр, энэ бол зөвхөн нэгэн барилгын эхлэл биш, харин сувилахуйн шинжлэх ухааныг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, судалгаанд суурилсан, чанартай, сувилахуйн тусламж, үйлчилгээ төлөвших, сувилагч нар тасралтгүй суралцах, шинжлэх ухаан, технологийн ололтыг цаг алдалгүй нэвтрүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх шинэ замналын эхлэл гэдгийг онцоллоо.
Иймээс барилгын ажлыг хурдан шуурхай, чанартай гүйцэтгэж, 2026 оны энэ өдөр тохиох “Олон улсын сувилагчдын өдөр” ашиглалтад оруулахын төлөө холбогдох яам, төрийн байгууллагууд онцгой анхаарахыг чиглэл болголоо.
Мөн бүтээн байгуулалтад оролцож байгаа бүх хүн, аж ахуйн нэгж, байгууллага болон ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зүтгэж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан, эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч нарт талархал илэрхийллээ.
Найман давхраас бүрдэх энэ төв 4,846 м2 талбайтай, 100 гаруй өрөөтэй, хоол, сэргээн засахуй, хэл засал, төрөлжсөн сувилахуйн ур чадвар хөгжүүлэх эмнэл зүйн дуураймал орчин, нийгмийн эрүүл мэндийн сувилахуй, судалгаа, инновац, бие даан суралцах төв зэрэгтэй байх юм.
Өөрөөр хэлбэл олон улсын чиг хандлагад нийцсэн иж бүрэн төлөвлөлт, орчин үеийн шийдэл бүхий ухаалаг систем, тоног төхөөрөмжтэй, сувилагчдыг сувилахуйн бүх шатны тасралтгүй сургалтад хамруулж, судалгаа, хөгжлийг нь дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
“Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн барилгын ажлыг “Эйч Ар Ви констракшн” ХХК гүйцэтгэж байна.
Цаашид сувилагчдын тоог нэмэгдүүлэх, нарийн мэргэшил эзэмшүүлэх, сувилагч мэргэжлийн үнэ цэнийг сурталчлан таниулахад онцгой анхаарах шаардлагатайг хэллээ.
Сувилагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгоход төрийн бодлого, үйл ажиллагаа чиглэх учиртайг тэмдэглэв.
Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг үр дүнд хүргэхэд эрүүл мэндийн салбарын нийт хамт олны хүчин зүтгэл, хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг төрийн тэргүүн хэллээ.
Манай улс 15 мянга гаруй сувилагчтай бөгөөд энэ нь эрүүл мэндийн салбарын нийт хүний нөөцийн 22 хувь юм. 1,000 хүнд ногдох сувилагчийн тоо 4.2 байгаа нь олон улсын дунджаас 2.4 дахин цөөн гэсэн үг. Мөн манай улсад сүүлийн 4 жилд бэлтгэсэн нийт сувилагчдын 47 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй гэсэн статистик судалгаа гарчээ.
“Сувилагч тандаа баярлалаа-2025” арга хэмжээний үеэр эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж буй бодлого, хувь хүний хөгжлийн илтгэл болон “Эдийн засаг, нийгмийн хөгжилд сувилагч бидний оролцоо” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг болох юм.
Энэ жил Олон улсын сувилагчдын өдрийг “Сувилагчдаа дэмжиж эдийн засгаа бэхжүүлье” уриан дор 30 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
0 cэтгэгдэлтэй