“Аугаа ялалт-Аугаа найрамдал” тоглолт эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэв

newslifemn 6 цагийн өмнө

П.Нарандэлгэр

Аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойд зориулсан “Аугаа ялалт-Аугаа найрамдал” тоглолт Нийслэлийн Соёлын төв өргөөнд /2025.05.04/ боллоо.

Буриад улсын үндэсний дуу, бүжгийн “Байкал” театр, ЗСБНХУ-ын Ардын жүжигчин Г.Ц.Цыдынжаповын нэрэмжит Улсын дуурь, бүжгийн театр болон Монгол Улсын Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын болон бусад алдартай чуулгын уран бүтээлчид хамтран энэхүү хүндэтгэлийн тоглолтод оролцсон юм.

Аугаа ялалтыг сануулж, догдлуулсан “Катюша”, “Смуглянка”, “День Победы”, “Журавли, “Три танкиста”-тай үдэш, танхим дүүрэн үзэгчтэй байлаа. Тоглолтын хүндэт зочин Бүгд найрамдах Буриад улсын тэргүүн Алексей Цыденов Тоглолтын үеэр дайны жилүүдэд Монголын ард түмний ЗХУ-д үзүүлж байсан тусламжийг онцлон тэмдэглэсэн юм.

Уран бүтээлчид 1939 онд Халх голд болсон үйл явдлаас эхлээд 1945 оны ялалтын жагсаал хүртэлх гайхалтай түүхэн дурсамжуудаар үзэгчдийг хөглөж, догдлуулсан билээ.

Тоглолтын туршид уран бүтээлчид хоёр орны найрамдалт харилцаа, дайны он жилүүдийн хүнд хэцүү цаг үеийг уран бүтээлдээ шингээж, орчин цагийн бид бүхний эрх чөлөө тусгаар тогтнол ямархан үнэ цэнээр олдсон гэдгийг нэхэн сануулсан тоглолт боллоо хэмээн үзэгчид сэтгэл догдлон нэгэн үдшийг өнгөрүүлсэн билээ.