Уул уурхайн “Mining Week & MinePro-2024” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт эхэллээ. Энэхүү арга хэмжээ нь “Холбогд, хамтар, үнэ цэнийг бүтээе” уриан дор уул уурхай, эрдэс баялгийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон хэлэлцэж, ил тод, нээлттэй байдлыг хангаж, олон талт оролцоог ханган дэмжих зорилготой юм.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Уул уурхайн салбар улс орны эдийн засгийн гол хөдөлгөгч хүч бөгөөд гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг татахаас гадна нийт экспортын 90 гаруй хувь, ДНБ-ний 30 орчим хувийг бүрдүүлж буй чухал ач холбогдолтой салбар юм. Дээрх тоон үзүүлэлт нь салбарын хувьд сайн талтай ч үүний ард төвлөрлийн эрсдэл байгааг мартаж болохгүй.
Нийт экспортын 60 орчим хувийг нүүрс эзэлж байна. Олон талтай эдийн засагтай болох зорилтыг үе үеийн Засгийн газар тавьж ирсэн. Шинээр бүрэлдсэн, хамтарсан Засгийн газарт эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулахгүй байх, эдийн засгаа солонгоруулж, олон тулгуурт болох зорилготой алхам хийх орчин нөхцөл бүрдээд буйг онцлон хэллээ.
Эрдэс баялаг эрчим хүчний сайд Ц.Туваан: Эрдэс баялгийн салбарын ил тод нээлттэй байдлыг хангах олон талт оролцоог дэмжих зорилготой уул уурхайн 7 хоног болж байна. Өнөөдрийн энэ арга хэмжээ Налайх дүүрэгт болж байгаа нь учиртай. 100 гаруй жилийн тэртээ яг энэ газар Монголын уул уурхайн анхны шав тавигдаж байсан. Энэ удаагийн чуулга уулзалт эдийн засгийн интеграцилалыг бэхжүүлэх олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдэж олон улсын үзэсгэлэнтэй хамтатган зохион байгуулж цар хүрээгээ өргөжүүлж байна. Өнөөдөр аж үйлдвэрийн салбар Монгол Улсын хамгийн том салбар болсон. Дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувь, төсвийн орлогын 37 хувь, экспортын орлогын 34 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 хувь, аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 72 хувийг дангаараа бүрдүүлж байна. Тэгэхээр Монгол Улс бол дан ганц хөдөө аж ахуйн салбарын улс биш уул уурхайн орон болжээ. Ойрын ирээдүйд манай улс аж үйлдвэржсэн олон тулгуурт эдийн засагтай, нэг салбараас хараат бус улс болохыг зорин ажиллаж байна гэв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, АМГТГ, Уул уурхайн Үндэсний ассоциац хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Уул уурхайн долоо хоног”-т төр, хувийн хувшил, иргэний нийгэм, орон нутгийн болон банк санхүүгийн төлөөлөл, манай улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд нар оролцож байна. Чуулга уулзалт, үзэсгэлэн танилцуулга зэрэг цогц хэлбэрээр 4 өдөр үргэлжлэх юм.
0 cэтгэгдэлтэй