УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Эдийн засгийн аюулгүй байдлын асуудал хариуцсан захирал Жан Жун Су, БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Чой Жин Вон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарт баримталж буй бодлого, чиглэл, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хууль, эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлийн талаар товч танилцуулаад “Монгол, Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв”-ийг Монгол Улсад байгуулахад БНСУ-ын Засгийн газраас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
Тэрээр Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичгүүдийг шинэчлэх, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг татах хүрээнд салбар яамны зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахад онцгойлон анхаарч ажиллаж байгааг дурьдаад, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад нь хууль, эрх зүйн хувьд тогтвортой, тодорхой байх гэсэн гол зарчмыг баримтлан боловсруулж, УИХ-ын чуулганд өргөн мэдүүлэхэд бэлэн болсныг тэмдэглэв.
Жан Жун Сун Монгол Улсад одоогоор солонгосын жижиг, дунд компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа, цаашид эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах сонирхолтой томоохон компаниуд байгааг илэрхийлсэн.
Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн Монгол Улсын эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулах сонирхолтой БНСУ-ын хөрөнгө оруулагчид, томоохон үйлдвэр, компаниудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, Монгол Улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин нөхцөл, холбогдох хууль тогтоомжийн талаар манай яамны зүгээс мэдээлэл, зөвлөгөө өгөх бүрэн боломжтой, үүд хаалга үргэлж нээлттэй гэдгийг онцлон тэмдэглэсэн. Үүний хариуд Солонгосын тал Монгол Улсын уул уурхайн салбарын эрх зүйн шинэчлэл, хөрөнгө оруулалтын нөхцөл, боломжийн талаар солонгосын хөрөнгө оруулагчдад мэдээлэл, зөвлөгөө өгөх уулзалтыг зохион байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, хоёр орны уул уурхай, эрдэс баялгийн салбарт цаашид шинэ төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжтой гэдгийг илэрхийллээ.
0 cэтгэгдэлтэй