БНСУ-ын Пак Ён Таг Монголын аялал жуулчлалын элч боллоо

newslifemn 2024-05-31

Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж , аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр хэд хэдэн төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн тавдугаар сарын 29-нд БНСУ-д “Go mongolia” арга хэмжээг зохион байгуулсан.

Энэ үеэр БНСУ-ын нэрт дуучин Пак Ён Таг  уригдан оролцсон. БНСУ-д Монгол Улсыг сурталчлах ажлуудыг хийсэн. Тэрхүү арга хэмжээний дараагаар түүнийг Монгол Улсын аялал жуулчлалын элч болгохоор болж Монгол Улсад хүрэлцэн ирэхийг урьсан. Тэгвэл алдарт дуучин Пак Ён Таг өнөөдөр Монголд ирлээ.

Ийнхүү дуучин Ёнг Так болон түүний энтертайнмент уг саналыг хүлээн авч гурав хоногийн хугацаатай Монгол Улсад зочилж “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭЛЧ” батламжаа өнөөдөр БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнээс гардан авлаа. Түүний Монгол Улс дахь аялал “НЭГ ЖУУЛЧИНД НЭГ ХОНЬ” хөтөлбөрийн хүрээнд өрнөх юм.
Ёнг Так нь БНСУ-ын нийтийн дууны топ одуудын нэг бөгөөд ихэнх дуунууд нь Солонгосын хит дууны жагсаалтад багтдаг. Мөн Монгол, Солонгосын жүжигчдийн хамтран тоглосон “Хүчирхэг охин Намсун” олон ангит кинонд тоглосон ба түүнээс хойш Монголын талаар илүү их сонирхож Монголд аялах хүсэлтэй болсон тухайгаа ярилцлагадаа дурдаж байв. Түүний хит дуунууд нь “Youtube” сувагт 20-30 саяын үзэлттэй байдаг бөгөөд нийтийн дууны сонсогчдын дунд хамгийн их фентэй дуучдын тэргүүлэх эгнээнд ордог юм.

Тэрбээр “Монголд буухад намайг их найрсагаар хүлээж авсан. Монголын байгалийг хараад гайхан биширсэн. Гурван хоногийн хугацаанд Монголын үзэсгэлэнт газраар аялна гэж бодож байна. Энэ удаа их богино хугацаанд ирсэн. Дараагийн удаа найзууд, гэр бүлтэйгээ Монголд ирж, говийн үзэсгэлэнт газруудаар аялах бодолтой байна. Би хонины маханд дуртай. Монголын мах амттай гэж сонссон. Энд байх хугацаандаа хонины махыг маш сайн иднэ. Мөн Монголын аялал жуулчлалын элч болсондоо үнэхээр их талархаж байна” гэлээ.