Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Батжаргал танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Б.Саранчимэг, Ц.Идэрбат, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллалаа. Дэд ажлын хэсэг гурван удаа, ажлын хэсэг хоёр удаа хуралдаж зарчмын зөрүүтэй 18 саналын томьёолол боловсруулсан гэв.
Хуулийн төсөлд малчдын залгамж халааг бэлтгэх, бэлчээрийн мал аж ахуй эрхлэх өвөрмөц онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлалт зан заншлийг хадгалах, хамгаалахад чиглэгдсэн эрх зүйн зохицуулалттай орчныг бүрдүүлэх, малчны хөгжил, бүтээмж, малчны эрх, үүргийг тодорхой болгож, мал аж ахуйн зохистой дадлыг хэрэгжүүлэх, малын эрүүл мэнд, үржүүлэг, технологийн ажил үйлчилгээ, мал маллагаа, тэжээл хангамж, мал аж ахуйн үйл ажиллагааг хөнгөвчлөх шинэ арга, техник технологи зэргийг дэмжин хөгжүүлж, малчны болон салбарын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, мөн малчны үйл ажиллагаанд цахим шилжилтийг нэвтрүүлэх, мал, малын гаралтай чанартай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхдээ бүртгэл хяналтын тогтолцооны үйл ажиллагааг мэдээлэл технологид суурилсан баталгаажуулалтад үндэслэн хийх, малчны хамтын үйл ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, малчин орон нутагтаа ая тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, залуу малчдыг дэмжих, малчинд зориулсан хөгжлийн болон эргэлтийн хөрөнгийн зээлийн санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг асуудлыг тусгасан гэв.
Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
0 cэтгэгдэлтэй