Маргааш буюу 5 дугаар сарын 11-ний өдөр бүх нийтээр мод тарих өдөр тохионо

newslifemn 2024-05-10

“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ, ӨРТӨӨЧИЛСӨН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛНА

Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай болсон.

Мод тарих үндэсний өдрөөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалахыг иргэдэд уриалдаг уламжлалтай. 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах Дамбадаржаа дахь Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэнд 2024 оны 05 дугаар сарын 11, 12, 18, 19-ний өдрүүдэд нээлттэй өдөрлөг, өртөөчилсөн аялал зохион байгуулах гэж байна.

Өртөөчилсөн аялал найман чиглэлээр явагдах бөгөөд өртөө бүрээс ой модтой холбоотой сонирхолтой мэдээллийг авч болно. Тухалбал: Мэргэжлийн мод үржүүлэгчдийн тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа, Хүлэмжид тарьц, суулгац ургуулах практик сургалт, “Ойн үр” таних, түүх, бэлтгэх, боловсруулах, Мэргэжил сурталчлах, “Ойн үнэр” тайвшруулах хэсэг, сонирхолтой биологи – танин мэдэхүйн өртөө, хүүхдүүд гэр бүлтэйгээ хамтран зураг зурах орчин бүрдүүлэх,” Ой яг түүн шиг” сургалт зэрэг багтаж байна.

Мөн нийслэл хотод 05 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд найман байршилд мод тарих бөгөөд 300 гаруй байгууллага оролцоно. Мөн модлог ургамлын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг нийслэлд гурван байршилд /Тэнгэр плаза, Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг, Ялалтын талбай/ 21 аймаг, сумдад зохион байгуулж, тарьц, суулгацаар ханган, заавар, зөвлөмж өгөх юм.